Өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар, өндгөө шидээд жагсдаг цаг ард хоцорчээ. Юуны ч төлөө жагсахад бэлэн “юниверсаль” баг бэлтгэгдсэн байдаг болжээ. Ноён уулаа ч хамгаалдаг, шатахууны үнэ ч “буулгадаг”, багш, эмч нарын цалин цавагийг ч өсгөдөг, УИХ-ыг тараах тийм чадварлаг баг өртөг өндөртэй самбартай, өнгөлөг сайхан жагсдаг болсон байна. Эмэгтэйчүүд ч зориг орж, арга хэлбэрээ өөрчлөн эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдрөөр, ТҮЦ-үүдийг нураахад эсэргүүцлээ илэрхийлэхдээ эхээс төрсөн унаган биеэрээ уриа лоозон барьж жагсах, үсээ хусуулах зэрэг сэтгэл сэртхийм сэдлийг төрүүлж уран сэтгэмжээ ч хөгжүүлж, уур бухимдлаа ч гайхуулдаг боллоо. Харин Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй халуун дотноор гар барин уулзаад зогсохгүй, “сэлэмний ир, жадны үзүүр байх” амлалт өгч байхыг хараад нүдэндээ итгэсэнгүй. Бүр “Бид таны ард зогсож өгье. Хүрэлсүх таны сэлэмний ир, жадны үзүүр болъё” гэсэн мэдээ уншив. Ерөнхий сайдын биш Хүрэлсүх гэдэг хувь хүний сэлэмний ир, жадны үзүүр болохоо илэрхийлсэн тэд хэнийг ардаа зогсоочихоод “Бид таны ард зогсож өгье” гэж хэлэв.
Нэгэн дурсамж. Одоогоос 12 жилийн өмнө одоогийн нэршлээр нь МАН-ын байр руу жагсагчид дайрч хаалгыг нь хагалж ороод тэнд байрласан дэлгүүрийн вискиг ууж, “Улаанбаатарын” хүүхнүүд хурлын танхимынх нь хиймэл цэцэгсийг үнэрлэн “мансуурч” тэрүүхэндээ даргиж наргиж билээ. Тэдэнд улс төрийн ямар нэг зорилго ч байсангүй. О.Магнай нарын хэл гэсэн үгсийг хэлж “С.Баяр даргатайгаа уулзуул” гэсхийж хааяа хашгираад л болоо. Бага үдээс “ажлаа” эхэлсэн эсэргүүцэгчид оройхон тийшээ өлсөж цанган нэг нь 10 мянган төгрөг өөрөөсөө гаргаад “үүн дээр нэмээрэй, хуушуур авч идье” гэж хашгирч байв. Нэмсэн хүн ч байсангүй, харин уг “хандив”-аар ус авч уух санал гарах нь тэр. Тэгж байтал удирдагчийн бие муудаж түргэн тусламж дуудав…
Харин одоогийн жагсагчдад тийм гачигдал алга. Цэцийн даргын суудлаас Ж.Амарсанааг огцруулахад эксель маркийн автомашин хөлөглөсөн жагсаал үзсэн.
Хэдэн жилийн өмнө Оросын “НТВ” телевизээр сөрөг хүчнийхэн хүмүүст мөнгө төлж жагсаал зохион байгуулдаг талаар нэвтрүүлэг, бичлэг цацсан нь нэлээд шуугиан дэгдээсэн юм. Төлбөртэй жагсаалын талаар Америкийн “TIME” сэтгүүлчийн бичсэн “Сүүлийн үеийн Оросын үеийн уламжлал: Төлбөртэй жагсаалын улирал” гарчигтай нийтлэлд Орост эрх баригчдын ч бай, сөрөг хүчний ч бай бүх жагсаал цуглаанд оролцогчдын доод тал нь 40 хувь нь хөлсний хүмүүс байдаг гэхчлэн бичжээ. Мөн уг нийтлэлд бүр нэг хүнийг арван ам.доллараар ханш тогтсон, хүн цуглуулах захиалга авдаг Massovki.ru нэртэй вэб сайт байдаг тухай хүртэл дурджээ.
Харин одоо төлбөртэй жагсаалын тухай тэдний санхүүжилт буюу “ар тал”-ын талаарх баримт тавин мэдээллүүд олны нүднээ ил болж эхэлжээ.
Ардчиллаа мандуулснаас хойш 30-аад жилийн дараа жагсахаас ичих, үзэл бодлоо илэрхийлснээсээ болж “төлбөртэй” гэж гутаагдах, гүтгэгдэхээс айж байна. Хэн намайг төлбөргүй жагсч байгаад итгэх юм бэ. Ийнхүү жагсаал цуглаан ардчиллын илэрхийлэл биш гутаагдах шалтгаан болтлоо өөрчлөгджээ.
Жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг ийм үнэ цэнэгүй болтлоо хөсөр хаягдаж харин хэн нэгний хүссэн цаг үед, захиалсан сэдвээр нь жагсаж өгч байх төлбөртэй хөдөлмөр эрхлэлт болж хувирчээ. Төлбөртэй жагсагчдыг танихад амаргүй ч жижүүрийн хэдэн төлөөллөөр нь таньдаг болоод байна. Харин тэднийг танихгүй ч жагсч байгаа асуудлыг нь чин сэтгэлээсээ дэмжиж нэгдсэн жагсагчдын хувьд үзэл бодол нь гүйцэлдэх үү, үр дүнд хүрэх үү гэдэг эргэлзээтэй. Хэн нэгний төрсөн өдөрт, эсвэл хувийн цэцэрлэгийн шинэ жил дээр ямар ямар үзүүлбэр үзүүлэхээ танилцуулж төлбөртэй тоглолт хийдэг шиг жагсаал цуглаанаа ямар хэлбэрээр өрнүүлэх, жүжигчилсэн тоглолт хийх зэргээ танилцуулаад төлбөрөө аваад явчихдаг хүмүүсээ шударга ёс, сайн сайхан үр дүн хүлээнэ гэдэг дэндүү гэнэн хэрэг. Хамгийн харамсалтай нь жагсахад минь саад болж, жагсахаас минь ичээж, үзэл бодлоо илэрхийлж эсэргүүцэх боломж болсон тайван замын жагсаалын нэр хүндийг унагаж төлбөртэй сюрприз сэдэгчдээс Монголын ардчиллыг, жагсаал хийх эрхийг харамламаар байна.
Ц.ОРХОН
Холбоотой мэдээ