Д.Дамба-Очир: Б.Пүрэвдоржийг шүүхэд өгнө шүү
УИХ-ын чуулганы хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Гишүүдийн ирц хангалтгүй байсан тул санал хураалтыг маргааш явуулахаар болж, хуралдааныг өндөрлүүлэв.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Өнөөдөр харилцаа холбоотой хамаатай маш чухал асуудал ярьж байна. Гэтэл гишүүдийн ирц 1/3-д хүрэхгүй байна. Тиймээс ирцээ бүрдүүлж байж хуралдах санал гаргаж байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Би хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлмээргүй байна. Харин Б.Пүрэвдорж гишүүн намайг хоёр удаа гүтгэлээ. Дуугүй яваад байхаар болдог юм байна гэж бодоод байх шиг байна. Би энэ талаар хэлэхгүй бол болохгүй нь. Өмнө нь Монголбанкнаас намайг зээл авсан гэж гүтгэсэн. Би болон миний хамаарал бүхий хүмүүс Монголбанкнаас хэзээ ч зээл аваагүй. Хоёрт, ОУВС-гийн хөтөлбөрт орсноос мөнгө хэвлэхгүй байгааг хэлсэн. 2016 оны сонгуулийн үр дүнгээр Монголбанкны Ерөнхийлөгч томилогдоод мөнгө хэвлэгдсэн. Тэр мөнгийг гаргаагүй байж байгаа. Зарим нэг хуучин мөнгийг сольж байгаа. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүн худал зүйл ярьдгаа боль. Дараа дахиад худлаа ярих юм бол өгдөг газар нь өгнө.
Чуулган: Дугаараа өмчлөх асуудалд операторууд санал зөрөлдөөд байгаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Анхаарал султай үед энэ хуулийн төсөл ороод ирлээ. Даяаршлын үед харилцаа холбооны хөгжил хамгийн чухал үүрэгтэй. Монголчууд бид нүүдэлчин хөдөлгөөнтэй амьдарч чаддаг, иргэн бүр нийгмийн сүлжээнд холбогдож байгаагаа дэлхий нийтэд гайхуулмаар байна. Монгол Улсад ирээдүйн хөгжлийн том замыг нээсэн хууль болоосой гэж хүсч байна. Бид гурван жилийн өмнө хууль гаргаад, үүрэн телефоноос үл хамаарч тухайн гар утасны дугаар нь иргэний өмч байх хуулийг баталсан ч одоо болтол хэрэгжихгүй байна. Яагаад гар утасны дугаар иргэдийн өмч болохгүй байна вэ. Үүрэн телефоны операторууд лобби хийгээд хуулийг хэрэгжүүлэхгүй байна уу. Өмнөх хуулийг хэрэгжүүлэхгүй байж одоо хэлэлцэж байгаа хуулийг хэрэгжүүлнэ гэхэд эргэлзээтэй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:
-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар 41 хүний бүрэлдэхүүнтэй тандан судалгаа хийсэн. Ингээд эхний ээлжинд энэхүү төслийг боловсруулсан юм.
Ажлын хэсгийн төлөөлөгч:
-Дугаарлалт аль ч улсад иргэний хувийн өмчид шилжээгүй. Зөвхөн иргэд эзэмшигч хэлбэрээр явдаг. 2014 оны долдугаар сарын 1-нд батлагдсан дугаартайгаа өөр үүрэн холбоонд шилжих хууль батлагдсан. Гэвч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн оператор нэгдсэн байр суурьт хүрээгүй. Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олон улсын зөвлөх үйлчилгээ авахаар ажиллаж байгаа.
Дараа нь Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Чуулган: Гишүүд хойрго байгааг шүүмжиллээ
УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав. Энэ үеэр асуух асуулттай гишүүн байсангүй. Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Мөн л асуух асуулттай гишүүн байгаагүй тул хуулийн төслийг батлав.
Хуралдааны танхимд гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хуралдаа идэвхтэй оролцохыг хурал даргалагч дахин дахин сануулж байлаа.
Дараа нь Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Чуулган: Хуулийн төслүүдийг “бөөндөв”
УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуралдааны үеэр үг хэлэх гишүүн цөөн байсан бөгөөд М.Билэгт гишүүн хэлэлцэж буй асуудлаас өөр үг хэлсэн тул үгийг нь тасалсан юм.
Үүний дараа Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үед асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, хуулийн төслийг баталсан юм.
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд байгуулсан хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлав.
Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хуулийн нэр томьёоллыг буруу хэрэглэж байгааг шүүмжилсэн юм.
Эцэст нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-Монгол, Оросын эдийн засгийн харилцаанд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг өндөр ач холбогдол өгч байгаа. Хоёр улсын хэлэлцээрт хайнга хандсанаас болж заавал хуульд өөрчлөлт оруулах замаар татварын хөнгөлөлт эдлүүлэх ёстой болоод байна. Цаашид төмөр замчдын тэтгэврийн асуудлыг ОХУ-ын төмөр замчидтай дүйцүүлэн шийдвэрлүүлэх асуудлыг хэзээ шийдэх вэ. Хоёрт, Улаанбаатар төмөр замын ард байрлах ногоон байгууламжид хог хаядаг, “өвгөнтийн хөндийн”-хөн нүүгээд очсон гэж сонссон. Тиймээс ногоо байгууламжийг анхааралдаа аваач гэж хүсч байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:
-Улаанбаатар төмөр замд 16 мянган ажилтан ажилладаг. Тиймээс эдгээр ажилчдын нийгмийн асуудал тулгардаг. Ирэх долоо хоногт ОХУ-д айлчлах үеэр хувь нийлүүлэгчид хуралдаж, тодорхой шийдвэр гарна. Хоёрт, Улаанбаатар төмөр зам компани газраа баталгаажуулах ажлыг сүүлийн хоёр жилд хийгдсэн. Ногоон байгууламжийн асуудалд цаашид анхаарна.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Онцгой албан татвараас чөлөөлөхдөө өмнөх татвар нь хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа юу. Хоёрт, ирэх жил энэ байгууллагын 70 жилийн ой болох гэж байна. Хоёр зуун дамжсан энэ салбар яагаад хөгжихгүй байна вэ.
Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:
-УИХ-аар хэлэлцээд 1998-2016 он хүртэл төлсөн онцгой албан татварыг чөлөөлөх шийдвэр гарсан. Өнөөдрийнх бол Япон улсаас 1990-оод оны сүүлээр авч хэрэглэсэн зээлийг суутган тооцох асуудал орж ирж байгаа юм. Хоёрт, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, зүтгүүр вагон авах шаардлага байна. Мөн Зүүнбаян Ханги чиглэлд төмөр зам тавих шаардлагатай байгааг ОХУ-ын талд тавьсан. Үүнээс гадна гол гол өртөөг шинэчлэх чиглэлээр тодорхой ажил хийгдэж байгаа.
Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан түр завсарлав.
С.Соёмбо-Эрдэнийг УДШ-ийн шүүгчээр томиллоо
УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шүүх шударга ажиллаж чадахгүй байгааг шүүмжилсэн юм. Тэрбээр “Монгол Улс 511 шүүгчтэй. 2016 онд 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол гарсан байна. Энэ гомдлын 80 хувь нь хэрэгсэхгүй болжээ. Ашиг сонирхлын үүднээс нэг талд 34 хувь, хуулийг буруу ашигласан гэх 20 хувь, эрх мэдэлтэй хүнд үйлчиллээ гэх 20 хувь нь гомдол гаргасан байна. Монгол Улсад шударга ёс байхгүй болсон нь судалгаагаар харагдаж байна. Нэг жилд 500 хэрэг шүүж байгаа шүүгч шударга шийдвэр гаргах уу. Олон улсын дунджаар бол нэг шүүгч жилд дунджаар 100 хэрэг шүүдэг юм байна” гэв.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт банк бус санхүүгийн байгууллагын хүү өндөр байгааг шүүмжилсэн. Тиймээс энэ асуудалд Монголбанк анхаарлаа хандуулахыг хүссэн юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-очир:
-Монголбанк нэг ч төгрөг хэвлэхгүй байгаа. Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах гэж хичээж байна. Бага хүүтэй болгох асуудлыг бид олон талаас нь ярилцаж байгаад зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Ер нь бол зээлийн хүү 20 хувьд хүрээд байсан харин одоо 18 хувь болсон. Хэрэв банк бус санхүүгийн байгууллагыг байхгүй болгочих юм бол мөнгө хүүлэгч нар цэцэглэнэ. Санхүүгийн зохицуулах хороо Монголбанк тусдаа байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хорооны ажилд Монголбанк оролцож болохгүй.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөнгөний бодлого өмнөх жилийнхтэй адилхан орж ирснийг шүүмжлээд эрс шинэчлэл хийхийг шаардсан юм.
Үүний дараа Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
С.Соёмбо-Эрдэнийг УДШ-ийн шүүгчээр томилохоор хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Энэ нь Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 43.6 зүйл нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Ингээд хуралдаанд оролцсон нийт гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Цэцийн дүгнэлтийг дэмжих ёстой гэж үзэж байна. Ганц бие хүнд байрны зээл олдохгүй байхад манай ЖДҮ-чид хөнгөлөлттэй зээл авч байна. Тиймээс та нар минь өртэй үхэхгүйн тулд өөр хүнд өрөө үлдээх боломжийг олгосон хууль эрх зүйг дэмжих хэрэгтэй” гэв.
Үүний дараа Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Тэрбээр 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай. Ам бүл тав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
- 1984-1995 онд нийслэлийн арван жилийн 60 дугаар дунд сургууль
- 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн эрх зүйч
- 2007-2009 онд Батлан хамгаалах их сургуулийн хууль зүйн магистрын зэрэгтэй
- 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга
- 2000-2005 онд нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга
- 2005-2006 онд Улсын Дээд шүүхэд шинжээч
- 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч
- 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
- 2013-2014 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
- 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
- 2015 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
С.Соёмбо-Эрдэнэ нь 12 жил шүүгчээр ажиллажээ. Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70.6 оноо авчээ. Иймд Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох саналыг УИХ-д хүргүүлсэн байна.
Холбоотой мэдээ