Төрийн Думын даргын айлчлал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Төрийн Думын даргын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкины айлчлал амжилттай өндөрлөж, тэрбээр өнөөдөр /2015.02.16/ нутаг буцлаа.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин болон түүнийг дагалдан ирсэн эрхэм зочдыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс үдэн мордууллаа.

 

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын мэдээ, мэдээлэл

 

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ

Айлчлалын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг Чингисийн талбайд угтан мэндчилсэн юм. Улсын Их Хурлын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар хэлэлцээ хийлээ

Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх арга замын талаар хөндөж ярилцсан.

Хэлэлцээнд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Д.Хаянхярваа, Д.Арвин, Г.Баярсайхан, О.Содбилэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, албаны бусад хүмүүс оролцов. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/

 

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын даргад бараалхав

Хэлэлцээрийн дараа ноён С.Е.Нарышкинд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхав.

Ерөнхий сайд, ОХУ-тай уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гээд сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Мөн ОХУ-тай төмөр зам, барилга, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт хамтын ажиллагаатай салбаруудаас гадна хурдны зам зэрэг шинэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэллээ. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга бараалхав

Айлчлалын хөтөлбөрийн дагуу дараа нь Холбооны Хурлын Төрийн Думын дарга Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, төлөөлөгчдийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, айлчлалд нь амжилт хүслээ.

Бүр өнгөрсөн ХХ зууны эхээр, 1911 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн Орост айлчлахдаа Төрийн Думд айлчилж, тэндээсээ санаа авч Монголдоо ирээд хоёр танхимтай парламент байгуулж, парламентын системийг Монголд нэвтрүүлж байсныг энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж байлаа. Өнөөдөр энэ түүхийг санаж ОХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч байгааг дурдаад “Парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд таны айлчлал чухал юм. Таны айлчлалд амжилт хүсье” гэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил Монголд айлчлах үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд болон яриа, хэлэлцээнүүдийг ажил хэрэг болгох талаар хоёр тал анхааран ажиллаж байгааг мөн тэмдэглэж байлаа. ОХУ-д визгүй зорчдог болсон тул орос, монголын олон иргэд харилцан зорчиж, сэтгэгдэл өндөр байгааг Төрийн тэргүүн хэллээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хариу хэлсэн үгэндээ өөрийг нь хүндэтгэн хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлж, “ОХУ-ын хувьд Монгол Улстай эртний сайн хөршийн харилцаатай орон юм. Монгол Улстай стратегийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад харилцааны тэргүүлэх бодлого байсаар ирсэн. Монгол Улс ч ОХУ-тай харилцах харилцаагаа тэргүүлэх чиглэлд хөгжүүлж байгааг үнэлж байдаг” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/

 

Монгол, Оросын парламентын спикерүүд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар айлчлалын үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийнхэнд товч мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, миний урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улс Оросын Холбооны Улстай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг бөгөөд манай хоёр орны хооронд хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын парламент хоорондын идэвхтэй харилцааг өргөжүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой юм гээд өнөөдөр хийсэн хэлэлцээрийн үеэр Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн хоёр талын хооронд яригдаж ирсэн зарим тодорхой асуудлын шийдлийг урагшлуулах, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар ярилцсан хэмээгээд Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкины айлчлалд амжилт хүсэв.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин Монгол Улсад айлчлахыг урьсанд нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод талархаж байна гээд Оросын Холбооны Улсын хувьд Монгол Улс нь тэргүүний ач холбогдолтой хөрш улс юм. Манай хоёр орны хамтын ажиллагаа уламжлалт сайн хөршийн харилцаанд үндэслэж, өргөн хүрээний хамтын ажиллагаа гүн гүнзгий хөгжиж ирсэн. Түүнчлэн эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааны асуудлаар манай хоёр орон адил төстэй байр суурь баримталдаг бөгөөд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад болохуйц улс төрийн ямар нэгэн асуудал байхгүй. Өнөөдрийн хэлэлцээрийн явцад хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, түүний дотор парламент хоорондын болон улс хоорондын худалдаа эдийн засгийн, хүмүүнлэгийн салбарын асуудлыг хэлэлцсэнийг онцлон тэмдэглэв.

Мөн Халхын голын дайны ялалтаар гагнагдсан Монгол, Оросын ард түмний дайчин нөхөрлөл Аугаа их эх орны дайны хүнд бэрх жилүүдэд болон 1945 оны чөлөөлөх дайны үхэлтэй өрссөн өдрүүдэд улам бэхжин баяжсан хэмээн хоёр тал онцолсон.

Мэдээллийн дараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга тэргүүтэй зочид төлөөлөгчид Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимтай танилцав. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/

 

Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, түүний гэр музейг үзэж сонирхлоо.

Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсан Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгожээ. 1939 онд Халхын голын байлдааныг командлахаар Улаанбаатарт буудалласан байшинг нь музей болгож, дэргэдэх талбайд хөшөөг босгосон билээ. 1939 оноос 1940 оны тавдугаар сарын эхэн хүртэл Г.К.Жуков уг байшинд амьдарч байсан аж.

Цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог болон албаны бусад хүмүүс оролцлоо. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/

 

“Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиолын асуудал”

сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцов

Сергей Евгеньевич Нарышкин үдээс хойш Гадаад хэргийн яаманд болсон “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиолын асуудал” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцов. Тэрээр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, “Орос, Монголын түүхчид харилцан туршлага солилцсоор ирснийг онцлон дурдаад, хоёр орны эрдэмтдийн хамтын ажиллагааны үр дүнд хэд хэдэн чухал амжилтад хүрснийг цохон тэмдэглэв.

Мөн бидний хамтран хэрэгжүүлэх төслүүд олон талын сонирхолтой байх болно. Ялангуяа тусгаар тогтносон Монгол Улс хөгжихөд Орос орны гүйцэтгэсэн үүрэг нөлөө их юм. 1913-1914 онд Орос оронд Монголын анхны Ерөнхий сайд айлчилсан. Түүний айлчлалын гол зорилго нь оросын төрийн тогтолцоотой танилцах явдал байлаа. Хаант Орос орны төрийн Думын хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон нь хүндэтгэлтэй үйл явдал болсныг онцлон хэлэхэд таатай байна. Энэхүү айлчлалын дараа Монгол Улсад хоёр танхимтай парламент байгуулагдсан. Миний бие Төрийн Думын даргын хувьд 100 жилийн өмнөх энэ үйл явдал маш их билэг дэмбэрэлтэй үйл явдал байсан гэж үздэг. Монголчууд орос хэлийг бүх нийтээрээ сайн мэддэг. Соёлын хамтын өвтэй байна гэдэг манай хоёр орны харилцан ойлголцолд маш чухал үүрэгтэй” хэмээн онцлов.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга бөгөөд, “Оросын түүхийн нийгэмлэг” холбооны тэргүүний хувиар С.Е.Нарышкин, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар хамтын ажиллагааны санамж бичигт энэ үеэр гарын үсэг зурсан юм. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж