НӨАТ-ын баримт олгох ажил албан ёсоор 2016 онд эхэлсэн ч өнөөг болтол НӨАТ-ын баримт олгохгүй байгаа газрууд байсаар байна. Ялангуяа иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг худалдааны томоохон төвүүд, бөөний худалдааны газрууд НӨАТ-ын баримт олгохгүй байгаа талаар иргэд гомдол мэдүүлсээр байгаа юм. Энэ талаар сурвалжиллаа.
БҮХ ЗАХ НӨАТ-ЫН БАРИМТ ОЛГОЖ БАЙГАА Ч ИРГЭД ӨӨРСДӨӨ НЭХЭЖ АВАХГҮЙ БАЙНА
Нийслэлийн зах, худалдааны төвийн хэдэн хувь нь НӨАТ-ын баримт олгож байгаа талаар нийслэлийн Татварын газрын НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн багийн ахлагч, татварын ахлах байцаагч В.Баяраагаас тодрууллаа.
-Зарим дэлгүүр НӨАТ-ын баримт олгодоггүй. Ийм дэлгүүрт ямар арга хэмжээ авдаг вэ?
-Төлбөрийн баримтын системд холбогдсон л бол тухайн худалдаа эрхлэгч нь НӨАТ-ын баримт олгох учиртай. Харин олгохгүй байгааг нь программаар хянадаг. Тэгэхээр тухайн дэлгүүр иргэдэд баримт өгөхгүй байвал харьяа дүүргийн Татварын хэлтэс, эсвэл 1800-1288 дугаарт холбогдоод төлбөрийн баримт олгохгүй байгаа талаарх гомдлоо гаргах боломжтой. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу болон төлөвлөгөөт шалгалтын явцад НӨАТ-ын барим олгоогүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.9-т заасны дагуу Татварын ерөнхий хууль зөрчсөн, НӨАТ-ын баримт өгөөгүй бол нэг сарын орлогын хоёр хувиар, зөрүүтэй олгосон бол нэг сарын орлогын 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгодог.
-Гэвч энэ хэсгийн хуулийн хэрэгжилт хэр байна вэ. Он гарсаар нийслэлийн хэмжээнд НӨАТ-ын баримт олгоогүй гэх үндэслэлээр торгуулсан хэдэн газар байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд НӨАТ-ын баримт олгох тухай 14271 шаардлага хүргүүлсэн байдаг. Ингээд он гарснаас энэ сар хүртэл нийт 341 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулаад байна.
-Харин хэзээ бүх зах, худалдааны төв НӨАТ-ын баримт олгодог болох вэ?
-Бид зах, худалдааны төв НӨАТ-ын баримт олгох шаардлага тавьдаг. Үүний дагуу нийслэлд байгаа бүх зах, худалдааны төв төлбөрийн баримтын системд холбогдсон. Тусгай машин байрлуулсан байгаа. Гагцхүү иргэд өөрсдөө НӨАТ-ын баримтаа нэхэж авах шаардлагатай. Татварын ерөнхий газраас “Дүнжингарав” худалдааны төвийг НӨАТ-ын баримт олгох жишиг төв болгохыг зорьж байгаа. Харин зөвхөн “Нарантуул” худалдааны төвийн задгай талбайд НӨАТ-ын баримт олгохгүй байгаа. Түүнээс бусад бүх захад НӨАТ-ын баримт олгож байгаа. Гагцхүү иргэд НӨАТ-ын баримтаа нэхэхгүй, тогтмол баримт өгдөг байхыг шахахгүй байна.
Ингээд НӨАТ-ын баримт олгодгоороо жишиг болох гэж байгаа “Дүнжингарав” худалдааны төвийг зорилоо. Хүйтэрч, өвлийн хувцасны бэлтгэл эд өрнөж буй энэ үед тус төв үйлчлүүлэгч олон байлаа. Иргэдээс тус төвөөс ямар нэгэн зүйл худалдаж аваад НӨАТ-ын баримт авсан эсэхийг асуулаа.
НӨАТ-ЫН БАРИМТ ӨГЧ БАЙГАА НЭГ Ч ГАЗАРТАЙ ТААРСАНГҮЙ, БАРИМТАА АВЪЯ ГЭЖ ХЭЛЖ Ч БАЙГААГҮЙ
Иргэн Р.Батбаяр
-Манайх ам бүл дөрвүүл. Өвлийн бэлтгэлд нэлээд хэмжээний мөнгө зарцуулдаг. Захуудаас юм худалдаж авахад НӨАТ-ын баримт өгч байгаа нэг ч газартай таарсангүй. Баримтаа авъя гэж хэлж ч байсангүй. Уг нь баримт өгвөл сайн л байна. Зарцуулсан мөнгөний хэмжээнээс хамаараад буцаан олгож байгаа мөнгөний хэмжээ ч их байна. Мөн азтан болох магадлал ч нэмэгдэнэ шүү дээ.
БАРИМТ ОЛГОВОЛ "ЯРЬЖ", ҮНИЙГ НЬ БАГАСГАЖ АВДАГ ЗҮЙЛ БАЙХГҮЙ БОЛЖ, ЮМНЫ ҮНЭ ИЛҮҮ НЭМЭГДЭХ БАЙХ
Иргэн Л.Чимгээ
-НӨАТ-ын баримт олгож байгаа газартай таарсангүй. Баримт олгохгүй байгаа ч хямд байдаг тул үнийн хувьд ялгаагүй юм шиг санагддаг. Бас хүмүүс хэлсэн үнээс нь "ярьж", үнийг нь багасгаж авдаг. Хэрэв баримт олговол ийм зүйл байхгүй болж, юмны үнэ илүү нэмэгдэх байх.
Дараа нь худалдаа эрслэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
ТОЛГОЙ БАЙГУУЛЛАГА НЬ НӨАТ-ЫН БАРИМТ ӨГДӨГГҮЙ
Худалдаа эрхлэгч Ц.Энх-Амгалан
-Манай захын захиргаа бид нарт түрээсийн төлбөрийн НӨАТ-ын баримт өгдөггүй. Толгой байгууллага нь өгөхгүй байхад бид өгье гэж боддоггүй. Нэгдсэн журмаар бүгд өгвөл манайх ч бас өгнө. НӨАТ-ын баримт өгвөл тэр хэмжээгээр юмны үнэ нэмэгдэх л байх даа.
Худалдаа эрхлэгчдийн ихэнх нь баримт нэхэж байгаа хүн 100-д хоёр орчим л байдаг гэж байлаа. Мөн нэгдсэн журмаар бүгд баримт олговол журмаа дагана гэж байсан юм. Харин баримт олгож байгаа цөөн газар байлаа.
НӨАТ-ЫН БАРИМТ ОЛГОДОГ БОЛОХОД ХҮНДРЭЛТЭЙ ЗҮЙЛ, АСУУДАЛ БАЙСАНГҮЙ
Худалдаа эрхлэгч Г.Үүрцайх
-“Дүнжингарав” нэг цэгийн үйлчилгээтэй ойр байдаг тул НӨАТ-ын баримт хэрхэн олгох талаарх мэдээллийг авахад илүү ойр байдаг. Тиймээс НӨАТ-ын баримт олгодог болоход хүндрэлтэй зүйл, асуудал байсангүй. Манайх Голомт банкны “Easy pay” машинаар дамжуулан худалдан авалт бүрт НӨАТ-ын баримт өгч байгаа. Баримт өгөхөөр хүмүүс их гайхсан шинжтэй, бас баярлаж хүлээн авч байгаа.
НӨАТ-ЫН БАРИМТ ОЛГОДОГ МАШИН НЬ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА
Түүнчлэн Татварын газраас тус төвд НӨАТ-ын баримт олгох машин байрлуулсан байв. Худалдаа эрхлэгчид утаснаасаа тусгай код явуулснаар энэ машинаас иргэд НӨАТ-ын баримтаа авах юм байна. Гэвч машин ажиллахгүй байлаа.
Бодит байдал ийм байгаа ч зах, худалдааны төвийг НӨАТ-ын баримт олгодог болгоё гэвэл иргэд бид өөрсдөө шахаж, шаардах шаардлагатай ажээ.
Холбоотой мэдээ