Далавчаа хумьсан сахиусан тэнгэр

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Далавчаа хумьсан сахиусан тэнгэр

Далавчаа хумьсан сахиусан тэнгэр

Бразилийн загвар өмсөгч Адриана Лима “Victoria’s Secret” брэндийн загварын шоуны тайзнаа 20 жил алхсаны эцэст сахиусан тэнгэрийн далавчаа хумьж зодог тайллаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “Victoria’s Secret”-ийн 18 удаагийн шоунд оролцжээ. NEWS” агентлаг ХҮМҮҮС булангийн энэ удаагийн дугаарт цэнхэр нүд, хар үстэй, үзэсгэлэнт сахиусан тэнгэр Адриана Лимаг танилцуулж байна.

БЛИЦ

Нэр: Адриана Лима

Нас: 37 (1981 оны зургадугаар сарын 12)

Төрсөн газар: Бразилийн Салвадор хот

Гэр бүл: нөхрөөсөө салсан, хоёр охинтой.

Өндөр: 178 см

Жин: 56 кг

Адриана Лима загвар өмсөгч болох зорилгоо биелүүлэхийн тулд 16 насандаа эх орноо орхин Нью-Йорк хотод нүүн иржээ. Түүнийг зургаан сартай байхад нь эцэг нь орхиж явсан учраас ээжтэйгээ амьдардаг байв. Адрианаг модель болоход найз нь хамгийн гол нөлөө үзүүлжээ. Учир нь, тэрбээр зургаа авахуулах дургүй нэгэн байсан ба загвар өмсөх талаар төсөөлж ч байгаагүй аж. Харин 14 насандаа найзынхаа ятгалгаар Бразилийн супер модель шоунд оролцов. Дараа жил нь  “Дэлхийн супер модель” тэмцээнд оролцож хоёрдугаар байранд орсноор амжилтдаа урамшин эргэлт буцалтгүй загвар өмсөгч болохоор шийдсэн байна. Тэрбээр богино хугацаанд амжилтад хүрч 1999 онд “Victoria’s Secret”-ын шоунд оролцож, дараа жилээс нь албан ёсны сахиусан тэнгэр болжээ. Энэ цагаас хойш Адриана олон удаа “Victoria’s Secret”-ын шоуг нээсэн юм. Хэрэв тэрбээр загвар өмсөгч болоогүй байсан бол хүүхдийн эмч болохыг хүсдэг байжээ.

ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭНЧ

Адриана бол үзэл бодолдоо үнэнч, шүтлэгтэй нэгэн. Тэрбээр гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэрбээр 27 насандаа Сербийн сагсан бөмбөгийн тоглогч, экс нөхөр Марко Яричтай гэрлэхдээ цэвэр ариунаараа байжээ. Тэд есөн сар болзсоны дараа сүй тавьж, 2009 онд гэрлэсэн байна. Хуримын дараа Адриана Сербийн иргэншил авах хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй аж. Хос хоёр охинтой болж таван жил хамтран амьдарсны эцэст 2016 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Адриана өмнө нь Ленни Кравитц гэгчтэй гурван жил үерхсэн боловч дотно харилцааг тэвчсэн гэж ярьсан байна. Адриана их шүтлэгтэй нэгэн бөгөөд Ням гариг бүр сүмд очиж, тайзан дээр гарах болгоныхоо өмнө библи уншдаг аж.

ГОО САЙХАНД ЗОЛИОС ХЭРЭГТЭЙ

Адриана хоол болон дасгалын хатуу дэглэм баримталдаг гэдгээрээ байнга олны шүүмжлэлд өртдөг. Тухайлбал, тэрбээр тайзан дээр гарахаас ес хоногийн өмнөөс хоолоо сойж, зөвхөн шингэн зүйл уудаг ба дасгалаа хоёр дахин нэмдэг байжээ. Улмаар шоу эхлэхээс 12 цагийн өмнөөс ус ч уухаа больдог аж. Гэсэн ч энэ хатуу дэглэм нь түүнийг амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж тэрбээр үздэг. Адриана 2008 онд хоёр дахь охиноо төрүүлснээс ердөө хоёр сарын дараа тайзнаа алхаж байснаас түүний ямар их зүтгэлтэй гэдгийг харж болно. Түүний амжилтаас дурдвал, 2008 онд Адрианагийн соло үзүүлбэрийг 103.7 сая хүн үзсэн нь шоуны түүхэнд дээд амжилт тогтоосон төдийгүй 2012 онд “Super Bowl” тэмцээний дундуур сурталчилгаанд гарч байжээ.

 

ТАЙЗНААС ГАДНА Ч ТЭРБЭЭР САЙХАН СЭТГЭЛТ САХИУСАН ТЭНГЭР

2016 оны байдлаар Адрианагийн жилийн орлого 10.5 сая ам.долларт хүрчээ. Тэрбээр олсныхоо хэрээр сайн үйлсэд багагүй мөнгө зарцуулдаг аж. Ялангуяа төрсөн хотынхоо өнчин хүүхдүүдэд тогтмол мөнгө хандивладаг байна. Мөн ядуу буурай Гаити улсад эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж байв.

Адриана загвар өмсөхийн хажуугаар телевизийн шоу хөтөлж, хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байна. Түүний анхны дүр 2001 онд дэлгэцнээ гарсан “Follow” кинонд эхнэрийн дүр байжээ. Адриана Лима загварын тайзнаас буусныхаа дараа юу хийх тухайгаа тэгтлээ удаан бодоогүй аж. Тэрбээр цаашид эмэгтэйчүүдийг дэмжсэн олон төсөл, хөтөлбөрт хамтарч ажиллахаар төлөвлөж буйгаа саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж