УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй улс төрийн хүрээнд өрнөж буй зарим үйл явдлын талаар ярилцлаа.
-Эрх баригч намын дотоод зөрчлийн асуудал өнөөдөр улс төрийн хүрээний гол асуудал болчихоод байна. Намын бүлэг дотроо болж буй үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Намын Удирдах зөвлөлийн /УЗ/ хурлаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох талаар тодорхой шийдвэрүүд гарах болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл үндсэндээ сум нь байгаагаа оносонгүй. УЗ-ийн хурлаар бүлгийн дарга, УИХ-ын дарга, хотын дарга гурвыг огцруулах асуудал л яригдлаа. Үнэндээ, хотын дарга муу ажилласан гэж дүгнэхэд тун бэрх. Утаатай тэмцэх гэж хаа хаанаа л аргаа барж байгаа нь үнэн. Хоёрдугаарт, УИХ-ын даргыг огцруулах асуудал нь хуультай. УИХ-ын дарга огцрох өргөдлөө өөрөө өгсөн эсвэл Үндсэн хууль зөрчсөн зэрэг тодорхой шалтгаануудын улмаас УИХ-ын дарга ажлаа өгөх ёстой. Хэрэв УИХ-ын даргыг муу ажилласан гэж үзвэл УИХ хүртэл өөрөө муу ажилласанд тооцогдоно. Энэ талаас нь авч үзвэл, УИХ хангалттай сайн ажиллаж байгаа. Өмнөх парламентуудтай харьцуулахад харьцангуй олон хуулийн төсөл баталж, ажил хэрэгч парламент гэж би дүгнэнэ. Харин бүлгийн даргын хувьд намын даргаа шүүмжилсэн гэдэг үндэслэлээр л огцроход хүрсэн болов уу.
-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр УЗ болон бүлгийн хурлаар огцруулсан. Тус үндэслэлтэй та санал нийлэх үү?
-Бүлгийн гишүүд хагаралдсан асуудал өмнөх Засгийн газрын үеэс эхлэлтэй. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах саналыг намынхаа Бага хурал дээр авч хэлэлцэх ёстой гэдэг зарчмын байр суурь дээр нэг хэсэг нь байсан. Би ч мөн адил. Харамсалтай нь, зарим гишүүнд УИХ-ын эрх хүрээндээ буюу бүлэг дээрээ шийдэх эрхтэй гэж үзээд л санал хоёр талд зөрөлдсөн.
Д.Хаянхярваа дарга бүлгийн даргаар ажиллахад болохгүй зүйл огт байгаагүй. Нөгөө талаар бүлгийн даргаас том хариуцлага нэхээд байх албан тушаал биш.
Бүлгийн даргын үндсэн үүрэг нь намын бүлгээ долоо хоног бүр хуралдуулж, хурлыг даргалдаг. Мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдэд бүлгийн байр суурийг тодорхойлох зарчмаар ажилладаг. Бүлгийн дарга дангаараа том том шийдвэрүүд гаргаад байхгүй. Аливаа асуудалд бүлгээрээ хамтын шийдвэр гаргадаг шүү дээ.
–Бүлгийн дарга намынхаа эв нэгдлийг хангагч хүн байх ёстой юм уу даа, намын даргын хэлж байгаагаар бол?
-Би энэ утгаас нь ойлгохгүй л байгаа. МАН-ын бүлгийн гишүүд тойрог бүрээс ард түмнийхээ итгэлийг өвөрлөж тэдний хүсэл зорилгыг УИХ-д илэрхийлэх хүмүүс. Энэ утгаараа гишүүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой. Гишүүд өөрийн тойрогтоо шийдэх гэсэн асуудал олон. Үүн дунд бүлгийн дарга гишүүдийнхээ саналыг нь зөв авч нэгтгэх ёстой. Шийдвэр нь мэдээж олонхоороо явна. Түүнээс биш өөр хоорондоо муудалцаад түүнийг нь зохицуулах гээд гүйгээд байх асуудал байхгүй. Хамгийн гол нь аливаа асуудалд ардчилсан зарчмаар л хандах ёстой.
–Д.Хаянхярваа гишүүн Засгийн газрыг огцруулах гарын үсэг гишүүдээс цуглуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Засгийн газар тогтворгүй байх нь үйл ажиллагаа нь доголдох зэрэг олон сөрөг талтай. Гэхдээ үнэхээр огцруулах шаардлагатай гэж үзвэл засаг цаашид хэр сайн ажиллах уу, Ерөнхий сайдын хувьд шударга байна гэж хэлсэн амлалтдаа хэр хүрч ажиллах нь зэрэг олон зүйлийг харах хэрэгтэй болов уу. Ялангуяа Засгийн газрын зарим сайд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэдэг асуудал яригдаж байна. Энэ тохиолдолд Засгийн газрын бүрэлдэхүүн нь зөв шударга ажиллаж чадаж байна уу гэдэг нь өөрөө бүрэн эргэлзээтэй болно.
-Засгийн газрыг огцруулах саналд та гарын үсгээ зурах уу?
-Шударга, зарчим талаасаа зурах л байх.
–ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй байгаад та нэлээд бухимдаж байгаа нь анзаарагдлаа. ЖДҮ-ийг тойрсон асуудлууд цаашид ч хөврөх шинжтэй байна. Таны байр суурийг сонсвол?
-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хөл дээрээ босъё, сум орон нутагтаа ажлын байр бий болгоё гэсэн зорилтод иргэддээ ЖДҮ–ийг хөгжүүлэх сангийн мөнгө очих ёстой. Тэд хэрэв мухлаг ажиллуулдаг бол түүнийгээ ТҮЦ болгох, цайны газраа ресторан болгох гутлын цехээ үйлдвэр болгох боломжтой байсан тэр хөрөнгө санхүүг гишүүд авчихсан нь ноцтой асуудал. Нийгэмд бухимдал бий болгож буй ЖДҮ-ийг тойрсон асуудлыг бид нэн түрүүнд нэг тийш нь болгох ёстой. Эдийн засгийн ач холбогдлоор нь харсан ч тэр ЖДҮ-ийг нэн тэргүүнд анхаарах ёстой гэж би хувьдаа хардаг. Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө нь, дараа нь ч тэр Булган аймагтаа ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлд нэлээд анхаарч ирсэн. Орон нутгийн иргэдийн хэн нь жижиг дунд үйлдвэр эрхлэх сонирхолтой байна, хэн юу хийх гэж оролдож байна, бичсэн төслөө шарлатлаа өвөртлөөд хэн явж байна гээд энэ бүгдийг би маш сайн мэднэ. Гэтэл хэн эрх мэдэлтэй, хэн ойр мэдээлэлтэй байсан тэр хүмүүс нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдөдөө авчихдаг байж. Энэ бол ёс зүйн талаасаа маш буруу асуудал. Ерөнхий сайд шударга байна гэж хэдэнтээ хэлсэн учраас олон нийт болон бүлгийн гишүүд ч Ерөнхий сайдаас улс төрийн шударга шийдвэр гаргахыг харж байгаа.
ЖДҮ-тэй холбогдсон гишүүдэд болон ялангуяа Засгийн газрын сайд нартаа жигд алаглачихгүй хариуцлага тооцооч гэдэг шаардлагыг л тавьж байгаа. Гэвч одоогоор “бай”-гаа оносон шийдвэр гарахгүй л байна.
-Танай нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахыг хүссэн хүсэлт танд их ирнэ биз?
-Тэгэлгүй яахав. Маш олон төсөл ирж байсан. Түүн дотроос сүүний үйлдвэр л зээл авч чадсан. Бусдад нь мөнгө байхгүй л гэж хэлсэн. Ер нь жижиг тойргоос сонгогдсон гишүүний гол зорилго нь тойргийн иргэдтэйгээ тулж ажиллах, тэдний санал хүсэлтийг сонсох цаашлаад тулгамдаж буй асуудалд нь төрийн дэмжлэг үзүүлэх явдал юм. Гэвч энэ бүхэн өнөөдөр хангалттай хэрэгжихгүй байгаа нь зөвхөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас шууд харагдаж байна. Миний уулзалтад ирсэн манай тойргийн иргэн бичсэн төсөлдөө төрийн дэмжлэг авч чадахгүй олон жил болж байгаадаа бухимдан “Одоо миний найдвар тасарсан” гэж хэлээд нүүрэн дээр төслөө урж байсан юм. Энэ бол эцсийн цөхрөл биз дээ. Яг л ийм зорилтот иргэддээ төрийн дэмжлэг очих ёстой. 1 тэрбум төгрөг, 900 сая төгрөг гэдэг бол дор хаяж есөн жижиг дунд үйлдвэрийг хөл дээр нь босгох хэмжээний мөнгө. Цагаа тулахад, 50 сая төгрөг тэдэнд маш том дэмжлэг болж очно. ХНХЯ-наас олгодог жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 2 сая төгрөгийн зээл авчхаад баярлаж явж байгаа иргэд маш их бий. Тэдэнд төрийн дэмжлэг багаддаггүй гэдгийн жишээ. Гэтэл бодит байдалд 100 ширхэг жижиг дунд үйлдвэрийг дэмжих мөнгийг УИХ-ын нэг гишүүн авчхаж байгаа нь маш шударга бус явдал. Би УИХ-ын сонгуульд Булган аймгаас нэр дэвшихдээ “Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Засаг дарга дөрвөн жилийн ажлаа тайлагнахдаа би ийм хашаа хайс барьсан, мод тарьсан эсвэл явган хүний зам тавьсан гэж ярих бус үүний оронд дөрвөн жилийн хугацаанд малчдадаа сүүний үйлдвэр, махны үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр бий болголоо, мөн олон хүнийг ажлын байртай болгосон, амьдралыг нь дээшлүүлсэн гэж ажлаа тайлагнадаг л байх ёстой. Үүний эх үүсвэр нь ЖДҮ юм. ЖДҮ-ийг хөгжүүлье гэж бид орон нутагтаа тусдаа мөрийн хөтөлбөртөө орж байсан. Үүний хүрээнд “Шинэ хөдөө” хөтөлбөрийг санаачлаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Өчнөөн олон төсөл ХХААХҮЯ-руу өгсөн ч зээл авсан төсөл одоогоор л алга.
-Чацаргана төслөөр таныг ЖДҮ-гээс 12,8 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл гарсан. Үүнд хариулт өгнө үү?
-Чацаргана төсөл Булган аймгийн ИТХ-аар орж батлуулаад орон нутгийн төсвөөс санхүүжигдсэн гэдгийг бүгд мэднэ ээ. ЖДҮ-тэй ямар ч хамаагүй. Би чинь Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн шүү дээ. Тойргийнхоо ард иргэдийнхээ санал бодлыг тээж тэдэндээ тусалж дэмжих үүрэгтэй хүн. Сонгуулиар ЖДҮ-ийг хөгжүүлнэ дэмжинэ гэж ярьж явсан. Түүнийгээ ч биелүүлэхийн тулд бараг сонгуулийн маргаашнаас ЖДҮийн талаар хөөцөлдөж эхэлсэн. Иргэдээс олон ч төсөл авсан. Даан ч тэр болгоныг ажил болгож санхүүжүүлж чадсангүй. Олон төсөл дэмжүүлэхээр ХХААХҮЯнд явуулсан. Тэр бүрд бүтэлгүй хариу авсан. Одоо намайг төсөл санхүүжүүлэх хүсэлт явуулсан гэж ТВ-ээр яллаж байна. Явуулсан төслийг ядаж санхүүжүүлчихсэн байгаад ингэж яриач л гэж хэлэх байна. Ер нь тэгээд ард иргэдийн төлөө гишүүд энэ бусыг хийх ёстой шүү. Тэдэнд туслаж дэмжих үүрэгтэй. Би ЖДҮ-ийн сангаас өөртөө ах дүү нартаа төсөл гуйгаагүй шүү. Нэг ч гэсэн иргэний амьдрал дээшлэг, нэг ч гэсэн ААН хөл дээрээ босог гэж хүсэлтийг нь дамжуулдаг. Цаашдаа ч дамжуулах л болно. Гүтгэлэг арай дэндэж байна.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага тооцвол зохистой вэ. Тэд авсан зээлээ буцааж төлөөд, уучлал гуйгаад өнгөрөх нь ёсзүйд нийцэх зүйл мөн үү?
-Зээл гэдэг нэг талаасаа хуулийнхаа дагуу авч байгаа үйл явц л даа. Гэхдээ зориулалт нь эзэндээ очилгүйгээр эрх мэдэлтнүүд дундаас нь авч байгаа нь өөрөө ёс зүйгүй үзэгдэл. Уг нь бид энэ сангийн мөнгийг ард түмэндээ хүртээхийн төлөө төсөвт суулгуулсан. Гэтэл санд мөнгө суулгахдаа “Ард түмэн та нарт өгнө гэж суулгачхаад, дараа нь өөрсдөө авчихдаг ийм ёс зүйгүй үйлдэлд ард түмэн бухимдах нь зөв.
-МАН-ын УЗ-өөс ХХААХҮ-ийн сайдаас огцорсон Б.Батзоригийн оронд УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрийг дэвшүүлэхээр санал нэгдсэн. Энэ сонголтоос харахад, МАН-д боловсон хүчин алга гэдэг шүүмжлэлийг дагуулж байна л даа?
-Аливаа томилгоонд миний баримталдаг зарчим бол тухайн салбараа мэддэг, мэргэжлийн хүн нь очих ёстой гэдэг байр сууринд би хатуу зогсдог. Тухайн салбарт мэргэжлийн бус хүн очих нь мэдрэмжээр ажил нь явдаг талтай. Мөн очсон хойноо аливаа асуудлыг хагалж шийдвэр гаргах шаардлага байнга гарч байдаг. Өөрөөр хэлбэл, аль нь зөв, буруу эсэхийг зөвхөн мэргэжлийн хүн л зөвөөр үнэлж, дүгнэдэг. Энэ утгаар нь харвал Ч.Улаан гишүүн ХХААХҮ-ийн сайдаар очиход мэргэжлийн бус хүн. ХХААХҮ-ийн сайдаар очих хүн наад зах нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан, энэ салбарын жаргал, зовлон, асуудлыг нь мэддэг хүн байх ёстой. Уг нь ийм боловсон хүчин манай намд олон бий.
-ЗТХ-ийн сайдаар багагүй хугацаанд ажиллаж байсан хүний хувьд өдгөө салбар руугаа эргэж хардаг байх. Таны хийж хэрэгжүүлсэн үйл хэргийг шинэ сайд нь хэр үргэлжлүүлж байна вэ?
-ЗТХ-ийн сайд Я.Содбаатартай би ойлголцож байгаа. Гэхдээ хариуцаж байсан салбар руугаа эргэж хараад байх нь бас зохисгүй. Ерөнхийдөө салбарын бодлогыг харж байгаа. Төрийн ажил залгамж чанараар явагддаг. Тухайн очсон сайдын ажлын туршлага, мэдрэмж, чиглэл, бодлогоос хамаарна. Өнгөрсөн хугацаанд төмөр зам, Иргэний нисэхийн асуудал зэрэг хэд хэдэн чухал ажлуудын оньсыг нь тайлж үлдээсэн учир энэ бүхнийг цааш нь хэрэгжүүлээд явах боломжтой гэж Я.Содбаатар сайдыг харж байгаа.
Холбоотой мэдээ