Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн үзэж, зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн хүрээнд Засгийн газар, нийслэл, дүүргүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бололцоот бүхий л хувилбаруудыг судлан, ажлын төлөвлөгөө боловсруулж, зарим ажлуудаа хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Тухайлбал Чингэлтэй дүүрэг агаарын борирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд сурталчлах, мөн төр засгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг цаг тухайд нь түргэн шуурхай хүргэх зорилготой халаалт, дулаалга, дэд бүтцийн асуудлаа бие даан шийдсэн “Мэдээлэл, инновацийн нэгдсэн төв”-ийг тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нээж, үйл ажиллагааг эхлүүллээ.
Төвийн нээлт өнөөдөр болж, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, Монгол базальт ХХК-ийн захирал Л.Ариунболд, дүүргийн хороодын Засаг дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.
ЧД-ийн 12 дугаар хороо байрлаж байсан хуучин байрыг сэргээн тохижуулж, гадна дулаалга, дотор сантехникийн иж бүрэн шийдэл, орчин үеийн интрьер засал, гадна тохижилт зэргийг хийсэн байна. Дүүргээс энэ ажилд 310 сая гаруй төгрөг зарцуулжээ. Иргэд хувийн байшингаа дулаалах, халаалт тавихдаа сонголт хийхэд нь илүү амар байлгах үүднээс өрөө тус бүрт өөр өөр халаалтын төхөөрөмжийг суурилуулсан байна.
“Иргэд хувийн байшингаа барихад зөвлөн туслах зорилготой төв нээлтээ хийж байна. Халаалт болон орчин үеийн барилгын стандартад нийцсэн материалыг нэг дороос үзэж сонирхох, энэ төвийн байшинд болон гадаах талбайд барисан гэрт халаалтын системийг хэрхэн шийдсэн байгааг, бодит байдлаар үзэж сонголтоо хийх боломжтой” хэмээн ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.