Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, Монгол хүний оюун ухааныг дэлхийд гайхуулж буй Б.Янжиндуламын гол дүрд нь тоглосон "Memory Games" кино Америкт нээлтээ хийсэн даруй шуугиан тарьж байна.
Тус киноны суудал нь дүүрч, тасалбар нь зарагдаж дуусан аж. Уг кинонд Б.Янжиндулам болон Монголын оюун ухааны академийн тухай өгүүлдэг аж. Тэрбээр киноны тухай цахим хуудастаа “Америкт миний болон Монголын оюун ухааны академийн тухай кинонд хүмүүс дугаарлаж зогсоод ч билет авч чадаагүй гэж бодоход сонин мөртлөө сайхан сэтгэгдэл төрлөө. Фестивалийн захирал хүртэл манай киног үзэгчдэд биечлэн танилцуулж байлаа. Хойд Америкийн кино театруудаар хамгийн сүүлийн шоу нь пүрэв гаригт болно. Европ, Ази тивд нээлт хийсний дараа хүн бүр онлайнаар үзэх боломжтой болно гэж найдаж байна" гэж мэдээлжээ.
Баримтат киноны багийнхан Монголд кино зураг авалтыг хийсний дараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар хамт явсан байна. Тус тэмцээнд Монголын баг тамирчид 90 медалийн 73-ыг нь хүртэн, үнэмлэхүй ялалт байгуулж, тэднийг гайхшируулсан талаар Монголын оюуны ухааны академийнхан хэлж байв.
Б.Янжиндулам Индонез улсад зохион байгуулагдсан ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 15 минутад 212 хүний нэр, нүүр тогтоосноор дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр дөрвөн настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьсон бөгөөд 14 орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Түүгээр ч зогсохгүй алдарт Steve Harvey-гийн шинэ шоунд оролцсон анхны Монгол хүнээр тодорч байсан юм.
Холбоотой мэдээ