БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон Улсын их сургуулиудад магистр, докторын сургалтад хамрагдсан эхний ээлжийн оюутан, судлаачид өөрсдийн хамгаалсан сэдвүүдийн онол, практикийн ач холбогдлыг нийгэм, олон нийтэд таниулан түгээж, хамтарсан судалгааны багуудын хооронд мэдээлэл солилцох зорилгоор “1000-ИНЖЕНЕР” нээлттэй илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. Нээлттэй илтгэлд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан тэргүүтэй яамны төлөөлөл, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нар, хамтарсан судалгааны багуудын төлөөлөл, “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд суралцаж буй оюутан залуус мөн бизнесийн төлөөллүүд оролцлоо.
“Инженер технологийн дээд боловсрол” төслийг өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-тай хамтран 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл хэрэгжих явцдаа 1000 хүнийг Япон Улсад инженер, технологийн чиглэлээр сургахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 400 гаруй багш, судлаач, оюутнууд Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа /зэргийн, зэргийн бус/-ны хөтөлбөрүүдэд хамрагдаад байгаа юм.
Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан “Инженер технологийн дээд боловсрол төсөл маань Коосэн хөтөлбөр, Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төслийн Хамтарсан судалгааны 20 баг Япон Улсын их сургуулиудтай тэргүүлэх 8 чиглэлээр судалгааны ажлыг тогтмол хийж, туршлага солилцон ажиллаж байгаагаас Япон Улсын их сургуулиудад магистр, докторын хөтөлбөрт хамрагдан суралцаж амжилттай төгсөж ирсэн оюутан, судлаачид өөрсдийн судалгааны ажил, хамгаалсан сэдвийг бид бүхэнд танилцуулж, онол практикийн ач холбогдлыг хуваалцаж байгаад туйлын баяртай байна. Түүнчлэн өнөөдрийн арга хэмжээнд бизнесийн байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байгаа нь цаашид шинжлэх ухаан, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Дашрамд дуулгахад “Инженер технологийн дээд боловсрол” төсөл Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн гурван хэсгээс бүрддэг.
Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн онцлог нь Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс шалгаруулж авдаг.
Шалгаруулалт хоёр үе шаттай. Эхний удаад шалгалтад 50 онооноос дээш үнэлгээ авбал дараагийн шалгаруулалтад орно. Энэ шатанд ЭЕШ-д үзүүлсэн дүнгээр эрэмбэлнэ. Математик, Физикийн хичээлийн ЭЕШ-ын дүн нь 650-аас дээш бол Япон улсын мэргэжлийн сургууль, 680-аас дээш бол Япон улсын бакалаврын зэрэг олгох сургалтад элсэн сурах боломж бүрдэх юм.
Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хэрэгжих хос бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах бa 2.5 жил амжилттай суралцсан оюутан Японд суралцах шалгалтад /EJU/ тэнцсэн тохиолдолд кредит дүйцүүлэн Японы их, дээд сургуульд шилжин суралцаж, хоёр улсын их сургуулийн дипломтой төгсөнө. Монголд суралцах 2.5 жилийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцах бөгөөд тус сургалтын 1 кредитийн үнэлгээг ШУТИС-ийн кредит үнэлгээтэй дүйцүүлэн тооцно.
Эх сурвалж: БСШУСЯ
Холбоотой мэдээ