Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцууллаа

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо (2018.11.14) өнөөдөр хуралдаж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан 61.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 55 минутад эхэлж, Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн нэр томьёог жигдлэн, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан тодруулга хийж асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 63.6 хувийн саналаар дэмжсэн.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Төслийн талаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа. Засгийн газраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг өргөн мэдүүлж, УИХ баталсан бөгөөд хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан юм. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авсан бөгөөд холбогдох төслийг боловсруулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийг тусгасан байдаг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд уг эрхийг тусгаагүй байдаг байна. Иймд аль нэг тал шүүхийн шийдвэрт гомдолтой гэж үзвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн талаарх зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуут асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Батнасан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй хэмээн горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь уг горимын саналыг дэмжсэн юм. Иймд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа 12 дугаар дүгнэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, … тэгш байдал … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах … эрхтэй. …” гэсэн; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг тус тус зөрчсөн гэж тус дүгнэлтэд дурджээ. УИХ уг дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төслийг боловсруулсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал төслийн талаар танилцууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх буюу шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсны зэрэгцээ 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж шүүгч түдгэлзүүлж болох зохицуулалттай байсныг өөрчлөн, ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалтыг тусгаж байгаа гэв. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч талуудын эрх ашгийг тэгш хангах үүднээс хоёр дахь дуудлага худалдаагаар үнийг 50 хувиар бууруулж тооцож олгоход төлбөр авагч тал нь хүлээж авахгүй байгаа тохиолдолд анхны дуудлага худалдаагаар тогтоосон үнийн дагуу хүлээж авах хэлбэрээр зохицуулахаар төсөлд тусгасан гэв.

Хуралдаанд оролцсон гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Гишүүд 54.5 хувь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН АЛБАН ТУШААЛД НЭР ДЭВШИГЧИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,2 дахь заалтыг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулж буйгаа тэрбээр дурдав. Нэр дэвшигч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ нь 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1984-1995 онд нийслэлийн 10 жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль, 2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй, хуульч цолтой аж. 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Анхан болон давж заалдах шатны шүүхэд 12 жил шүүгчээр ажиллажээ. Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн  үнэлгээгээр нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгаруулалтад 70.6 оноо авсан болохыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцуулгадаа дурдав. Мөн нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Ж.Батзандан нар Улсын дээд шүүхийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрүүд болон хүний эрхийг хангахтай холбоотой асуудлуудаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв.

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 17 ДАХЬ ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 17 дахь илтгэлийг Байнгын хороо өмнөх хуралдаанаар (2018.11.06) хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Уг завсарлагын хугацаа дууссан тул өнөөдрийн хуралдаанаар илтгэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Учрал, Н.Оюундарь, Ж.Батзандан, Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, гэм буруугүй иргэн гэмт хэрэгт холбогдон хэлмэгдэж байгаад Хүний эрхийн үндэсний комисс анхаарал хандуулж, үнэн бодит мэдээллийг бололцоогоороо нийгэмд түгээх чиглэлээр ажиллах нь зүйтэй хэмээн Ц.Нямдорж гишүүн хэлсэн бол манай улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал тулгамдсан, үүнээс үүдэн хүний эрх ноцтойгоор зөрчигдөж буй асуудлын талаар Н.Учрал гишүүн хэлсэн. Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч, ажиллах шаардлагатай байгаа бөгөөд Хүний эрхийн үндэсний комисс энэ чиглэлээр УИХ-ын Цахим бодлогын түр хороотой нягт хамтран ажиллах шаардлагатай байна. Хүний эрх, хүүхдийн эрхийг олон нийтийн сүлжээнд хамгаалахдаа технологийн шийдэл, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх гэсэн гурван ажлыг зэрэг хийх ёстой. Ингэхгүйгээр эерэг үр дүнд хүрэх ямар ч бололцоо байхгүй гэж өнгөрсөн хугацаанд хийсэн хэлэлцүүлгүүдээс дүгнэсэн. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг одоогоор өндөр хөгжилтэй 12 улс хийсэн байдаг. Хүүхэд хамгааллын чиглэлээр, олон нийтийн сүлжээн дэх мэдээ мэдээллийн сөрөг урсгалаас хүүхдийг хэрхэн хамгаалах, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар үүрэг, оролцоотой байх талаар тодорхой зохицуулсан байдаг. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд онцгой анхаарч, олон улсын байгууллагуудын туршлагыг судалж, бидэнтэй хамтран ажиллана уу. Арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллах шаардлага байна. Цахим бодлогын түр хорооноос Хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Засгийн газраас санал авах шатандаа байна. Мөн олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлийн судалгаануудыг хийгээд, УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдох хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна” гэлээ. Цахим гэмт хэрэг сүүлийн нэг жилийн хугацаанд 1 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь анхаарал татахуйц ноцтой үзүүлэлт гэдгийг тэрбээр онцолсон юм. Үүний зэрэгцээ хувь хүний овог, нэр, регистерийн дугаар, гэрийн хаяг гэх мэт нууцын зэрэглэлтэй мэдээллүүд цахим орчинд тодорхойгүй эх сурвалжаас түгээгдэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдал хэр хангагдаж байгаагийн илрэл төдийгүй тухайн мэдээллүүд ил тод болсноороо хувь хүн, түүний гэр бүлд ноцтой аюул занал учирч болзошгүй эрсдэл дагуулж буйг  хэлж байв. Төр иргэнийхээ талаарх өөрт буй мэдээллээ ийн түгээдэг нөхцөлд төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод болгох шаардлага бий эсэх асуудлыг ч анхаарах ёстой гэсэн Н.Учрал гишүүний энэхүү байр суурийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан нар дэмжиж буйгаа хэлсэн юм. Цахим орчинд хувь хүнийг гүтгэх, доромжлох асуудал хэрээс хэтрээд байгаагийн зэрэгцээ өсвөр насны хүүхэд, залуусыг гэмт хэрэгт уруу татах, хохирогч болгох, садар самуунд уруу татах, улмаар санхүүгийн луйвар хийх асуудлууд нийгмийг цочроох хэмжээнд байгааг цохож байв.

Ийнхүү Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 17 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны тогтоолын төсөлд хуралдааны үеэр гишүүдээс гаргасан саналуудыг тусган батлахаар шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж