Төв Азиас илрээгүй олдвор Монголоос олджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Төв Азиас илрээгүй олдвор Монголоос олджээ

Шинжлэх ухааны академийн хүрээлэнд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна

Төв Азиас илрээгүй олдвор Монголоос олджээ

Монгол, Германы хамтарсан “Хар хорин” төслийн хүрээнд энэ жил Уйгарын үед холбогдох нэн ховор олдворыг илрүүлжээ. Энэ нь архитектурын хувьд маш өвөрмөц шийдэл бүхий 17 метр гүн, 60X70 хэмжээтэй худаг гэж Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн Н.Хишигт хэллээ.

Тэрбээр “Хоёр орны эрдэмтдийн багийн олон жилийн судалгааны үр дүнд Уйгарын хааны ордны асар том байгууламж дороос гарч ирсэн түүх, соёлын хосгүй үнэт олдвор болох эртний худгийг манай эрдэмтэд судлахаар Германыг зорьсон. Цаашид илүү нарийвчлан судална. Шинжлэх ухааны азадемийн Түүх, археологийн хүрээлэнгийн энэ жил хийсэн судалгааны нэг онцлох ажил нь энэ юм. Судлаачид худгийг цэвэрлэх үед  нэг тонн жинтэй чулууг зургаан үе давхарлан тавьсан байсан нь сонирхол татаж байгаа. Эрдэмтдийн олсон уг олдворын талаар арван нэгдүгээр сарын 22-нд болох “Шинжлэх ухаан технологийн инноваци 2018” үзэсгэлэн дээр дэлгэрэнгүй танилцуулна” гэж нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр онцоллоо.

Тус хүрээлэнд өнөөдөр /2018.11.14/ эрдэмтэн судлаачид 2018 онд хийсэн шинжлэх ухааны бүтээл, үйл ажиллагаагаа танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг уламжлал ёсоор зохион байгуулж байна. Өдөрлөгт нийт 20 гаруй байгууллагын эрдэмтэн оролцож байгаа юм.

Энэ үеэр доктор Д.Тод “Түүх, археологийн хүрээлэнгийн баримтын санд хадгалагдаж буй баримтын тухай” нэртэй илтгэл тавих үеэрээ Оросын холбооны улсаас Монголын түүхэнд холбогдох нэн ховор баримтуудыг олж архивын сандаа нэмснийг онцолсон.

Түүх, археологийн хүрээлэнд өнөөдрийн байдлаар 231 мянга гаруй хуудас баримт материал, 6000 орчим гэрэл зураг хадгалагдаж байна. Эдгээрээс хамгийн эртний үед хамаарах нь 1650 онд Манжийн хааны гаргасан зарлиг, Юань улсын судар, Алтан товч зэрэг үнэ цэнэтэй түүхийн баримт бичгийг нэрлэж болно.

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төвийн эрхлэгч Доктор Д.Тод:

1990 онд социалист систем задарснаас хойш Монголд олддогүй байсан хаалттай баримтууд хойд хөршөөс олдож, үзэх боломж нээгдсэн. Ялангуяа XX зууны Монголын түүхэнд холбогдох түүхийг олж үзэх боломжтой болсон.

Сүүлийн хоёр жилд гадаадын улсаас 8500 хуудас ховор баримтыг олж илрүүлсэн. Жишээ нь, 1921 оны хувьсгалтай холбогдох баримт бичгүүдийг Оросоос хуулбарлаж авчирсан. Монголын асуудлаар Сталинтай харилцсан тогтоол бичгийг олсон.

Урд хөршид Манж Чин гүрний үед холбогдох түүхийн олон сая хуудас баримт  хадгалагдаж байдаг. Үүнийг хүрээлэнгийн шугамаар олж авчрах ажлыг хийж байна. Өнгөрсөн жил манай судлаачид Тайванийн Эзэн хааны ордон музейд ажилласан. Эндээс 110 мянга гаруй үнэт үзмэр хосгүй баримттай танилцах үед 3300 орчим Монголын түүх соёлын үнэт өв, эх сурвалжийн жагсаалтыг гаргаж архивт нэмсэн. Тухайлбал, одоогоос 2000 гаруй жилийн түүхэнд холбогдох эд өлгийн зүйл хадгалагдаж байсныг оллоо. Бид их эзэн Чингис хаанаараа бахархаж байна. XIII зуунд Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулснаас хойш феодалын бутралын үед тусгаар тогтнолоо алдаж Манжийн харьяанд орсон 200 гаруй жилийн гунигтай түүх бий. Бид XX зуунд тусгаар тогтнолоо олсон. Энэ бол бидний бахархал. Шинэ Монгол Улсыг дахин сэргээн байгуулж, тусгаар тогтнолоо хадгалж байгаад бид бахархах ёстой.

Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн мэдээллийн сан ба авран хамгаалах салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Батдалай: 

“Малтлагын үед илрүүлсэн олдворуудыг өмнө нь малтан судалсан булштай харьцуулна. Он цагийг нь тусгай программаар гаднын оронд нарийвчлан судалдаг. Монгол Улс археологийн маш олон дурсгалтай. Бид тэр бүхэнд хүрч ажиллаж чадахгүй. Одоогоор өөрсдийн байгаа нөөц бололцоонд тулгуурлаж төсөл хөтөлбөрийн хүрээнд гаднын орнуудтай хамтран ажиллаж байна. Манай хүрээлэнд цаашид  нарийвчилсан судалгаа хийх лабораториудыг байгуулах зайлшгүй шаардлагатай.

Түүх, археологийн хүрээлэн нь Монголын түүхийн үе тус бүрээр дагнан судалгаа явуулдаг, түүх археологи, угсаатны зүйн зургаан салбар хоёр төвтэй. Тус хүрээлэн нь 1921 оноос хойш өнөөдрийг хүртэл  Монголын бүх үеийн түүх археологи угсаатны зүйг судалсаар ирсэн билээ.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Сарьдагийн хийд орчимд малтлага судалгааны үеэр илэрсэн барилгын чимэглэл, язгуурын таван бурхан.  Эдгээр бурхад Өндөр гэгээн Занабазарын үед хамаарна. 

Булган аймгийн Хутаг өндөр сумын Эгийн голын сав нутагт 2014 оны малтлага судалгаагаар илэрсэн оршуулга. Адуу болон нохой, шавар ваарны хамт оршуулсан нь тахилга тайлгын зориулалттай ажээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж