Неонацистууд ба неополитик

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Неонацистууд ба неополитик

Неонацистууд ба неополитик

Шатахууны үнийг буруулахыг Засгийн газраас шаардаж, Төрийн ордонг гороолж явсан неонацистууд Ерөнхий сайдтай баяртайгаар гар барин салахдаа, “жадных нь үзүүр, сэлэмнийх нь ир болох”-оо андгайлж.  Ардын жүжигчин Н.Сувдад Ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай "Мандухай сэцэн хатан" кинонд тоглох үеэр хэлдэг үг л дээ. Гэхдээ Өнөболд вантан Монголын тусгаар тогтнолын төлөө ингэж хэлсэн байдаг.  Нөгөө өнцгөөс нь харвал жад хоёр үзүүртэй бөгөөд нэг үзүүр нь Ерөнхий сайд руу чиглэсэн байх магадлал өндөр.

МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл  намынхандаа хаяглаж бичсэн ил захидалдаа “Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтод М.Энхболд болон У.Хүрэлсүх нар аль, аль нь автаж, Монгол Улсын болон Монгол ардын намын язгуур эрх ашигт ноцтой хохирол учруулж буй нь нэгэнт ил болсон тул намын онц Их хурлыг яаралтай хуралдуулж, дээрх хүмүүстэй нэн даруй хариуцлага тооцохыг намынхаа нийт гишүүдээс хичээнгүйлэн хүсч байна” гэжээ. Түүний уриалгыг хүлээж авах эрүүл гишүүд МАН-д хэд байгааг хэлж мэдэхгүй. Ямартаа ч энэ нам гэрээ нураах нь, үгүй дээ л хамтдаа живэх нь тодорхой болчихлоо.  Эндээс хожих нь Ерөнхийлөгч биш Монголын ард түмэн байгаасай гэсэн горьдлого л үлдэж. Учир нь МАН-ын хувьд М.Энхболд огцрох уу, У.Хүрэлсүхийг явуулах уу гэсэн зодоон ид өрнөх зуур ард нь ардчилал уу, авторитори дэглэм үү гэсэн асуулт нэхэж явна. Товчхондоо, МАН-ынхан төсвийн мөнгийг зарцуулах эрх мэдэл дээрээ малгай тавилгүй зодолдоод, Монголын тусгаар тогтнолд заналхийлээд байгаа үндсэн гол асуудлаа харах нүд нь сохорчихжээ. Ёстой л мөнгө цагаан, нүд улаан гэгчээр  Ардын намынхан “цагаан”-даа гарсан байна.

ЖДҮ-г харахад  өнгөрсөн хоёр жил МАН-ын таргалсан иргэдийн турсан хоёр яг тэнцэнэ. Ц.Нямдоржийн нэгэнтээ “Адууны хулгай” гэж өхөөрдсөн татвар төлөгчдийн мөнгийг  сангаар дамжуулж “хулгайлсан” асуудал сөхөгдөж, МАН-д рейтинг гэх юм үнэндээ үлдсэнгүй. Байгаа жаахан нь У.Хүрэлсүхийн “халаасны” оноо нь байх.

Гэхдээ алга ташуулан гарч ирж байсан үетэй нь харьцуулах юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувийн рейтинг нэлээд уруудсан.  Элдэв хараат бус нэртэй хараат агентлагуудын гаргаж байгаа судалгааны дүн бол эвгүй гэдгийг  С.Ганбаатарын  улс төрийн “түүх” харуулдаг.

Хэрэвзээ, эвлүүлэгтэй 60 тэрбумынхантайгаа ноцолдож, баримттай ЖДҮ-гийнхэнтэйгээ, ББСБ-аар мөнгө угаасан байж болзошгүй гишүүдтэйгээ /Ерөнхийлөгч хэлсэн/ хариуцлага ярихгүй өнгөрөх юм бол У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн шившиг болно. Харин  ЖДҮ-тэйгээ,  жаран тэрбумуудтайгаа  яг адилхан хариуцлага нэхэж чадвал, Үндэсний баатар  болж мэдэх хүлээлт байна.  Гэвч, далайх нь ширүүн байгаа түүний сэлэмний ир зөвхөн Д.Хаянхярваа болоод С.Батболдын толгой дээр буугаад дуусвал МАН-д эмгэнэл илэрхийлье. Тэр тусмаа ЖДҮ-гээс идсэн баримтуудыг Ч.Хүрэлбаатар ил болгосны хэрэг юун.

Ерөнхий сайдын сэлэмний ир болохоо нэгэнтээ андгайлсан неонацистуудын олонх нь ялсан монгол бөгөөд тэдэнтэй гар барьснаараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сүүдэр дороос  өнгөрсөн нэг жилд огтоос гарч чадаагүйгээ тодоос тод харуулаа.  Уг нь У.Хүрэлсүх тэднээс биш МАН-ын мянган мянган гишүүн, дэмжигчээсээ тусламж гуйсан бол улс төрийн хувьд хамгийн зөв нүүдэл болох байв. Учир нь, МАН-ын зодоон бол Монголынх биш, МАН-ын асуудал.

Өөрсдөдөө босоо хөх монгол, эх оронч гэж том "тодотгол" зүүсэн, хааяадаа олон нийтийн сүлжээнд шатахуун, машин гуйж, хөдөөгүүр хөрөнгө оруулагчид, уул уурхайхныг айлгаж, шантаажилж явдаг нөхдүүд сүүлийн үед улс төр, эдийн засаг болоод төрийн ажилтай хутгалдах нь ихэссэн нь илүү аюул болгоомжлол төрүүлж байна.  Төрийн цагдаа, түмний нэг, сумын засаг цаашлаад Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд нь хэт үндсэрхэг үзэлтнүүдтэй ихэд саймширч, инээд алдан хамтран ажиллах аман болон бичгийн гэрээ байгуулах болсон бөгөөд энэ нь гэвч, сайны дохио мөн үү.  Тэдний хувьд худалч хүнд бараг “Хүн алж болохгүй, хужааг алж болно” гэсэн философитай. Тэр хужаа нь тэгээд тэдэнд таалагдаагүй болгон шүү. Дээр нь Ерөнхийлөгчийн "хаан" болох хүсэл сэвэлзээд, цаазын ялыг сэргээхийг илтээр илэрхийлэх болсон үед Монгол Улс парламентын засгаа авч үлдэх нь чухал. Гэхдээ энэ нь, ЖДҮ "идсэн"  парламентыг өмөөрөх шалтгаан биш бөгөөд  Монголын муу муухай болгоны үүр овоохой болсон МАН-ыг цэвэрлэх Ерөнхий сайдын зорилго зөв ч, чухамдаа  неонацистууд хамтарч тэмцэх нь хамгийн аюултай агаад эрсдэлтэй арга юм. Зорилго нь арга зөвтгөдөг үе дууссан бөгөөд хэрэв ингэвэл шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэлнэ гэсэн үг.

Ингэж хэлэх учир нь,  “ХБНГУ-ын армийнхан тусгай албадын неонацист үзэлтэй 200 гаруй офицер нууцаар хуйвалдан төрийн эргэлт хийж,  хэд хэдэн нөлөө бүхий улстөрчийг хөнөөхөөр төлөвлөж байсныг хэд хоногийн өмнө илрүүлсэн” тухай мэдээг  “Daily Mail” түгээхтэй зэрэгцээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жадны үзүүр, сэлэмний ир болохоо манай   неонацистууд амалсан тухай мэдээ  Монголын хэвлэлүүдээр зэрэгцээд цацагдав. Эрх барьж байгаа том намын дарга, засаг барьж байгаа Ерөнхий сайдын   неополитик нэг ийм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж