Дэлхийн хамгийн хурдан хүн, Ямайкийн алдарт гүйгч Усэйн Болт амжилтынхаа ид орги үедээ их спортоо орхихоор шийдсэнээ өмнө нь зарласан билээ. Тэрбээр ирэх жил буюу Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын дараагаар их спортоо орхино гэж мэдэгдээд байсан. Тэгвэл энэхүү шийдвэрээ нэг жилээр хойшлуулж, 2017 онд Лондонд болох хөнгөн атлетикийн дэлхийн аваргын дараагаар их спортоо орхихоор шийджээ.
“Эхэндээ би 2016 онд их спортоо орхихоор төлөвлөж байлаа. Гэвч дасгалжуулагч намайг энэ хугацааг бага зэрэг хойшлуулахад хүргэсэн. Одоо би 2017 оны дэлхийн аваргын дараагаар их спортоосоо явах болно. Би оргил үедээ их спортоо орхихыг хүсч байна. Домогт тамирчин болох хүслээ би өмнө нь нууж байгаагүй. Оргил үедээ их спортоо орхиж буй минь ч үүнтэй холбоотой. Миний хувьд дэлхийн хамгийн агуу тамирчин гэвэл Мухаммед Али, Майкл Жордан, Майкл Жонсон гурав. Одоо би үлдсэн гурван жилд гурван том гараанд гурвууланд нь түрүүлэхийг эрмэлзэнэ. Тэгээд ч би түрүүлэх л болно” гэж Болт хэлжээ.
Гурван том гараа гэдэг нь 2015, 2017 оны дэлхийн аварга, 2016 оны олимпийн наадмыг хэлж буй билээ. Харин их спортоо орхихоо нэг жилээр хойшлуулсан нь ивээн тэтгэгч компаниудын хүсэлттэй шууд холбоотой гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.
Р.Гэгээ
Мухаммед Али
Майкл Жордан, Майкл Жонсон
Эх сурвалж: http://horom.mn