Монголын хамгийн том агрегат үйлдвэрлэлийн төв нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Монголын хамгийн том агрегат үйлдвэрлэлийн төв нээлтээ хийлээ

2011 онд Улаанбаатар хотод Агрегат засварын төвөө нээж байсан Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК өчигдөр тус төвийг гурав дахин том, гурав дахин хүчин чадалтай болгон өртөгтгөн, шинэчилж Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төв болгон нээлээ.  1996 оноод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус компани нэг жилийн өмнөөс бэлтгэл ажлаа хийн төслөө эхлүүлж, сүүлийн зургаан сарын турш тасралтгүй ажилласны үндсэн дээр ийн шинэхэн төвийнхөө үйл ажиллагааг нээсэн юм.

Хамгаалалтын малгай өмсөн, Вагнер Ази, CAT-ийг илэрхийлэх шар өнгийн хүндэтгэлийн хивсийг даган алхсаар будаг нь ханхалсан шинэхэн үйлдвэр рүү орлоо. Нээлтийн ажиллагааны өмнө хамгийн чухал аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулсан нь үнэхээр олзуурхууштай.

Брус Вагнер: БИД ХҮЧИН ЧАДЛАА ГУРАВ ДАХИН НЭМЛЭЭ

Ингээд товлосон цаг болоход Вагнер Тоног төхөөрөмж болон Вагнер Ази Тоног төхөөрөмж компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брус Вагнер ирсэн зочдод хандан нээлтийг үг хэлсэн юм.

Тэрбээр, “Цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Өнгөрсөн хугацаанд бидний хичээл зүтгэл гарган ажилласан төв маань нээлтээ хийхэд бэлэн боллоо. Та бүхэн агрегат засварын төв, машины дэлгүүр, агуулахтай танилцах боломжтой. Цоо шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Агрегат засварын төвтэй болсноор бид хүчин чадлаа гурав дахин нэмэх боломжтой болж байна. Бид илүү гайхамшигтай, аварга засварын төвтэй болж байна” гэсэн юм.

3250м2 талбай бүхий тус төв ашиглалтад орсноор тоног төхөөрөмжийн бүрэн ашиглалтыг дэмжин ажиллах бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ нь шинээр худалдан авснаас бага өртгөөр машин болон эд ангиудын ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх ашиг тустай юм. Агрегат засварын төв 2017 онд нийт 214 засвар үйлчилгээг хийсэн бол 2018 оны аравдугаар сар хүртэл 275-ыг хийжээ. Харин төсөл хэрэгжиж Агрегат үйлдвэрлэлийн төв болсноор энэ он дуустал 315, ирэх онд 914 үйлдвэрлэл, засвар үйлчилгээг хийх төлөвтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл өмнөх засварын төвөөс гурав дахин хүчин чадалтай болжээ.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Монгол Улсын экспортын орлогын 70-80 хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлсээр ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг уул уурхайн салбар эзэлж, цаашид ч эдийн засгийн хамгийн том бүтэц нь уул уурхайн салбар хэвээр байх төлөвтэй байна. Тиймээс уул уурхай, барилга, бүтээн байгуулалтын салбарын гол зэвсэг болох САТ машинууд түүний засвар арчлалт байх юм. Агрегат үйлдвэрлэлийн төв нь нэг компанийн хөгжлийн асуудал мэт боловч том зургаараа Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжих асар их ач холбогдолтой бүтээн байгуулалт гэдгийг “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кэлвин Кокинэн онцолж байна.

Кэлвин Кокинэн: ХАРИЛЦАГЧИД МААНЬ МАШИН ТЕХНИКЭЭ ЗАСУУЛАХ ГЭЖ ГАДАГШ ЯВУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

“Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кэлвин Кокинэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ,

-Өнөөдрийн онцгой өдөр Монголын хамгийн том Агрегат үйлдвэрийн төвийн нээлт болж байна. Хамгийн сүүлийн үеийн, Катерпилларын хамгийн өндөр стандартын шаардлага хангасан үлгэр жишээ төв юм. Монгол дахь Вагнер Азийн харилцагчдаа хандсан, бүтээгдэхүүнийг дэмжих үйл ажиллагаанд нэгэн том алхам болж байгаа юм.

Катерпилларын үйлдвэрийн стандартын дагуу, Катерпилларын тоног төхөөрөмжийг дэлхийн жишигт нийцсэн Монгол дахь төвд дахин угсарч, засварлана гэдэг Монголын уул уурхай, барилгын салбарт нэн чухал ач холбогдолтой.

Өнгөрсөн оны сүүлээс бид энэ төсөл дээр ажиллаж эхэлсэн. Төвийн үйл ажиллагаа болон инженерүүдээ сургаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг инженерүүдийг урьж авчран сүүлийн зургаан сарын турш бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Барилгын ажлын хажуугаар 2018 онд хамгийн олон засвар, угсралтын ажлыг хийж дээд амжилт тогтоон дэлхийн түвшний хувиа барьж чадсан.

Хөдөлгүүр, шилжүүлэгч, дифренциал зэрэг бүх тоног төхөөрөмжийг засварлах, угсрах боломжтой болсон төдийгүй солих, баталгаат засварын үйлчилгээг нэмж хийх боломжтой болж байна. Манай төвд нийт 73 хүн ажиллаж байгаагаас 59 техникийн ажилтан, 3 ахлах байна.

Манай үйлдвэрийн гадаа “Монголд үйлдвэрлэв” гэсэн лого бий. Харилцагчид маань машин техникээ засуулах гэж гадагш явуулах шаардлагагүй боллоо. Бид цаашид үйл ажиллагаагаа улам өргөтгөн ажиллана. Засварлаж, угсрахаас гадна үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.

Тэрбээр нээлтийн үеэр төслийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Ерөнхий захирал болон өдөр шөнө, амралтын өдөргүй ажилласан ажилчдадаа, үргэлж хамтран ажилладаг харилцагч нартаа талархал дэвшүүлэн “Хамтдаа Монголд үйлдвэрлэцгээе” гэсэн юм.

Агрегат гэдэг нь хөдөлгүүр, гидр шахуурга, араан дамжуулга, хүч хувиргагч, захын хөтлөгч, дифференциал зэрэг багтах бөгөөд засварын төв нь дэлхийн түвшний туршлага дээр үндэслэн хэрэглэгчийн машин болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн ашиглалт, найдвартай байдлыг шинэтэй адил болтол нь дахин сэргээн засварлах, үйлдвэрлэхэд тусалдаг байна.

Тус төвөөр Уул уурхай, барилга бүтээн байгуулалтын салбарын машинууд үйлчлүүлэх ба тэдний зогсолтгүй, найдвартай байдал сайжирснаар бүтээмж нэмэгдэж, дахин борлогдох үнэ цэнэ хадгалагдах юм. Мөн хамгийн бага зардлаар машинуудаа дахин шинэчилж, ашиглах боломж бүрдсэнээр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг бий болгох, эргэлтийн цэгийг богиносгох үр дүнтэй юм. Эцсэт нь сайн чанарын ган боловсруулалтыг дахин болосвруулан, дахин ашиглаж байгаа учраас байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлд тооцогддогоороо онцлогтой.

Засварын төвийн жаврыг үргээн Монгол сайхан аялгууг тоглож, хүндэтгэлтэйгээр баззер дарснаар Агрегат үйлдвэрлэлийн төв албан ёсоор нээлтээ хийсэн. Ирсэн зочид шинэ бүтээн байгуулалттай танилцаж, сонирхсон зүйлсээ асууж, цаашдын хамтын ажиллагаагаа ярилцсанаарр Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төвийн нээлт амжилттай өндөрлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж