Хөдөлгөөнийхөн “хөлөө жийлцэв”

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийхөн “хөлөө жийлцэв”

Урт нэртэй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Ноён уул”-ыг ухаж алт олборлохыг эсэргүүцсэн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх монгол” бүлгэмийн найман гишүүн өлсгөлөн зарлаад тав хонож байна. Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд эсгий дэвсэн нойтон өлсгөлөн зарлаж буй эдгээр иргэдийн шаардлагад эрх баригчид хариу өгөхгүй бол өнөөдрөөс эхлэн хуурай өлсгөлөнд шилжихээр тэд шийдсэн байна. “Хэдийгээр өлсгөлөн зарлаж байгаа иргэд ус ууж, эмч нарын хяналтад байгаа хэдий ч эрүүл мэндийн байдал нь өнөөдрөөс доройтож эхлээд байна. Гэхдээ бид шантрахгүй. Бидний шаардлагыг хүлээн авахгүй бол өнөөдөр оройноос хуурай өлсгөлөн зарлаж эхэлнэ” гэж “Босоо хөх монгол” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг мэдэгдэж байсан юм.

“Ноён уул”-аа аврахын тулд үхэхээс ч буцахгүй гэв

Тав хоног буюу нийт 123 цаг өлсгөлөн зарлаж байгаа найман иргэний биеийн байдлыг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар байнга хянаж, тусламж үзүүлж байгаа аж. Харин эдгээр иргэд төр, засгаас нааштай шийдвэр хүлээн авахгүй бол өлсгөлөнгөө зогсоолгүй эцсээ үзнэ гэдгээ мэдэгдэж байлаа. “Уулаа аварч, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн шийдвэр гарахаас нааш эндээс би босохгүй. Өлсгөлөнгөө ч үргэлжүүлнэ. Хэрэв шаардлагын хариугаа нааштайгаар хүлээн авахгүй бол үхэж байж л санаа амарна” гэж “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид ярьсан юм.

“Бид онгон савдагтай уулаа аварч, үр хойчдоо бүрэн бүтнээр нь үлдээхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байна. Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулбал “Ноён уул” шиг хэдэн зуун уул сүйднэ гэдгийг мэдэж байна” гэж өлсгөлөн зарлагчид мэдэгдэж байгаа юм.   

Иргэдийн хөдөлгөөнүүд тэмцэлдэж эхэллээ

Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж буй хөдөлгөөний гишүүдийн дэмжиж нэгдэхээр ирсэн гэх “Байгаль орчноо хамгаалах иргэний зөвлөл” тэргүүтэй хөдөлгөөнүүд болон “Босоо хөх монгол” бүлгэмийн хооронд багагүй маргаан өнөөдөр үүслээ. ““Босоо хөх монгол”-ынхон хэн нэгний захиалгаар энэхүү суулт, өлсөлөнг зарлаж байгаа нь тодорхой боллоо. Байгаль эхээ хамгаалахаар санаа нэгдэхээр ирсэн биднийг эсэргүүцэж “зодно” гэж айлгаж байна. Тэр ч байтугай энэ хавьд зогсох ч эрхгүй гэж хөөж тууж байна” гэж Байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сүхгэрэл хэлж байлаа.

Харин “Босоо хөх монгол” хөдөлгөөний гишүүд “Өлсгөлөн зарлаж байгаа иргэдийн зовлонгоор шоу хийх гэж багагүй хүмүүс оролдож байна. Энэ мэт үзэл бодолтой хүмүүсийг бид зүгээр өнгөрөөхгүй” гэж эсэргүүцэж байсан юм.

Ямартай ч “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өнөөдрөөс хуурай өлсгөлөн зарлаж эхлэх бололтой. Энэ эсэргүүцэл, маргаан хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж