УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2018.11.13/ хуралдлаа. Хурлаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн юм.
Тэрбээр 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай. Ам бүл тав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1984-1995 онд нийслэлийн арван жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн эрх зүйч, 2007-2009 онд Батлан хамгаалах их сургуулийн хууль зүйн магистрын зэрэгтэй. 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга. 2000-2005 онд нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улсын Дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2015 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. С.Соёмбо-Эрдэнэ нь 12 жил шүүгчээр ажиллажээ. Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70,6 оноо авчээ. Иймд Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох саналыг УИХ-д хүргүүлсэн байна.
Байнгын хорооны хурлын үеэр асуух асуулттай гишүүн байсангүй. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үг хэлэв.
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Хуулийн салбарт ажилласан 30 гаруй жилийн түүхээ эргэн санахад надад туйлын харамсалтай санагдаж байна. Дээд шүүхийн ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр, хүний эрхийн асуудал гэх мэт нь сонин болсон. Би арай ядан байж С.Зориг агсны амь насанд халдсан хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан. Гэтэл энэ хэрэг дээр хачин юм болсон. Би хоёрхон зүйл хэлье. Нэгд, энэ хэргийн нэг шүүгдэгчийн өмгөөлөгч нь нууц албаны ажилтан байсан. Тэр өмгөөлөгч гээд байгаа нөхөр амьдралдаа ганц удаа хэрэг уншиж үзээгүй, гадуур дагуул хийдэг байсан. Ийм хүнийг Дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн эрх аваад ямар ч хэргийг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд орсон. Ингэж өмгөөлөх эрх гэдэг зүйл байхгүй болсон. Хоёрт, энэ хэргийг нууцлаад байгаа нэг гол шалтгаан бол цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй. Арван сар энэ хүнийг хориод, хэрэгсэхгүй болгож сулласан. Дараа нь шүүх хуралд оролцуулаагүй. Гэсэн атал Б.Булганы ам зургаар хүмүүст ял оноож, бүх насаар нь хорьсон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь сонсолгүй, шүүх хурал хийдэг ёс Монгол Улсад тогтсон. “Энэ хэрэгт нэр холбогдоод байгаа гурван хүн биш” гэдгийг Б.Булган хэлээд байсан учраас л шүүх хуралд оролцуулаагүй. Сүүлд энэ хэргийн бүх будилааныг хутгасан Г.Эрдэнэбат прокурор “Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ. Гэтэл хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хэлсэн. Хамжигч байсан нь үнэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар хугацаагүй байдаг юм. Хууль зүйн иймэрхүү мэдлэгтэй прокурор энэ хэргийг завхруулсан. Энэ хэргийг шалгах явцад 1937 онд хэрэглэж байсан адал балмад аргыг бүгдийг нь хэрэглэсэн.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
-Манай байнгын хороон дээр “арай ч дээ” гэмээр гомдол их ирдэг. Хэрэв үнэн бол гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан байхад дахин гомдол гаргаад шинэ хэрэг үүсгэсэн тухай юм байна. Хэрэв үнэн бол энэ завхрал “арай ч дээ” гэмээр харагдаж байна. Гол нь захиалгатай хэрэг хүлээлгэх хандлага улстөрчдийн дунд газар аваад дууслаа. Өнгөрсөн парламентын үед Н.Алтанхуяг “шударга бусын хонгил” гээд ярьдаг байсан. Ер нь улстөрийн зорилгоор хэн нэгнийг “намнах” үнэгүйдүүлэх зүйл байлгахгүйн төлөө ажиллах ёстой. Шүүгчийнхээ тангарагт үнэнч байгаарай гэж хэлмээр байна.
Холбоотой мэдээ