“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогч 30 залуу нийгмийн салбар бүрт манлайлан төсөл хөтөлбөр, акц арга хэмжээг зохион байгуулж байна. Тэд өдгөө 10 багт хуваагдан ажиллаж байгаа бөгөөд Э.Батжаргал, Э.Жавхлан, Б.Ербахыт нар “Хотын соёл” дэд хөтөлбөрийг хариуцан ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүн, МОХ-ны олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалтай цөөн хором ярилцсан юм.
–Хотын соёл хөтөлбөр арга хэмжээний зорилго энэ хүрээнд хийх ажлын талаар танилцуулаач?
– Хотын талаарх олон нийтэд хандсан арга хэмжээ шилдэг 30 оролцогчийн 30 сэдэв, асуудал хөндсөн богино хэмжээний тв шторк гаргаж олон нийтэд хүргэнэ. Энэ нь их хотод өөрийгөө хэрхэн авч явах, хамтдаа зөв зохицон амьдрахад туслах зорилготой. Ер нь хотын соёл гэдэг нь хэн нэгнийг ялгасан зүйл огт биш харин хамтдаа яаж бие биедээ төвөг болохгүй зөв зохистой амьдрах вэ гэдэг ухаан дадал юм. Цаашлаад бид төслийн хүрээнд гарын авлага гаргах, сургалтын иж бүрэн хөтөлбөртэй боловсруулах, уулзалт хийх зэрэг төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мэдээж энэ бүхнийг зөвхөн бид гуч гүйцэтгэж чадахгүй учраас мэргэжлийн байгууллага болон олон нийтээс санал санаачлагыг авна. Үүнийгээ боловсруулж холбогдох газруудад хүргэнэ.
– Манлайлагч залуусын хийж гүйцэтгэж буй ажлууд нийгэмд хир хүрч байна вэ?
– Нийгэмд янз бүрээр хүрч байгаа гэж боддог. Сайшааж урам өгөх хэсэг байхад үгүйсгэж муулах хүн ч байна. Гэхдээ энэ залуус хэн нэгэнд таалагдах биш, хийх ажлаа хэрэгжүүлэх боломжтой хайж энэхүү төсөлд оролцож байгаа. Миний хувьд улс төрч болоод л 76 гишүүний нэг болох бодол анхнаасаа байгаагүй харин монгол залуу хүн social media-д комент бичин хий хоосон цээжээ дэлдэж бусдыг үгүйсгэх биш шинэ санаа санаачлага, бодит гаргалгаа шийдлээ төслийг дамжуулан гаргах сайхан боломж гэж харсан. Мөн мөрөөдөж байсан АНУ орох руу өөрийн хүч хөдөлмөр шударга өрсөлдөөний үр дүнд явж сурах болсондоо маш их баяртай байна. Ер нь аливаа улс хөгжих үндэс нь хэн нэгнийг үгүйсгэн доромжлох биш харин хэр зэрэг нэгдэн нийлж дэмжиж чадсанаараа хэмжигддэг болов уу.
– Хотын соёлын мессеж чухам яг хэнд хүрэх ёстой вэ?
-Бүх хүнд. Улс төрч, малчин, оюутан, төрийн албан хаагч, хүүхдүүд гээд их хотод амьдарч буй бүхий л иргэн бүлэг энэ хотын соёлын ойлголтоос хамаагүй байж болохгүй. Аав ээжүүд хамгийн голлох үүрэгтэй хүмүүс хүүхдүүд тэднийг харж хүн болж төлөвшдөг.
– Шилдэг 30 оролцогчдын талаар өөрийн бодлоо хэлээч?
-Шилдэг 30 оролцогчид нийгмийн бүхий л салбарын төлөөллөөс багтсан нь надад таалагдсан. Дор бүрнээ хийж бүтээсэн зүйлстэй, итгэл зүтгэл дүүрэн залуусаа харахад сайхан байдаг. Хүссэн хүсээгүй Монгол улсын цаашдын хувь заяаг бидний үеийнхэн түших тулах цаг нь ирнэ. Энэ үед харин өмнөх алдаа дутагдлаас сургамж авч зөв шийдэл гаргалгаа бодитоор үнэлж дүгнэдэг удирдагч нар гарна гэдэгт итгэлтэй байгаа.
-Амжилт хүсье.
Эх сурвалж: manlailagch.mn