Заяаныхаа ханийг олж, гэрлэнэ гэдэг тийм ч амар ажил биш бололтой. Харин нэгэн эмэгтэй өөрт тохирсон хүнээ олон жил хайж, залхаад эцсийн эцэст өөртэйгөө гэрлэхээр шийджээ. Асуудлыг гартаа авна гэдэг үгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн энэхүү бүсгүйн тухай товч мэдээллийг хүргэе.
Лаура Меси хэмээх Итали бүсгүй найзууддаа 40 нас хүртлээ хүнтэй сууж чадахгүй бол өөртэйгөө сууна гэдгээ амлаж байжээ. Өөртөө таарах төгс эрийг 20 жилийн турш уйгагүй хайсан ч бууж өгөн, эцсийн эцэст өөртэйгөө гэрлэхээр шийдэн, хуримаа хүртэл хийсэн байна. Хуримаа зүгээр ч нэг хийсэнгүй, өөртөө 10’000 ам.долларын даашинз болон хуримын бөгж худалдан авч, оройд нь өөрийгөө дүрсэлсэн том бялуу хийлгэсэн гэнэ. Өөртэйгөө гэрлэж буй түүний хуримд 70 орчим хүн уригдан ирж, хамтдаа наргиж цэнгэн, хөгжилдөн, хундаганы үг хэлэхдээ “төлөө!” бус “ганц бие!” хэмээн хэлцгээжээ. Хуримын ёслолоо дуусгасныхаа дараа Лаура ганцаараа Египет рүү бал сарын аялалд явсан аж.
Түүнчлэн цаашдын амьдралд нь хайрлан дурламаар, төгс залуу гарч ирсэн тохиолдолд өөрөөсөө дуртайяа салж, түүнтэй гэрлэхэд бэлэн байгаагаа хэлсэн байна. Мөн тэрбээр, “гайхалтай хайр өөрийгөө хайрлахаас эхэлдэг. Цагаан морьтой ханхүү байгаагүй ч энэ миний мөрөөдөж байсан хуримын ёслол мөн” хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Өөрөө өөртэйгөө гэрлэх энэ хачин үзэгдэл сүүлийн үед Англи, Австрали, Нидерланд зэрэг улсуудад газар аваад байгаа тухай “The Telegraph”сонинд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Indy100.com