Дэмжлэгээ алдах нь гээд ЖДҮ-ийн 65 тэрбумынхнаас айгаагүй биз Ерөнхий сайд аа!

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Дэмжлэгээ алдах нь гээд ЖДҮ-ийн 65 тэрбумынхнаас айгаагүй биз Ерөнхий сайд аа!

Дэмжлэгээ алдах нь гээд ЖДҮ-ийн 65 тэрбумынхнаас айгаагүй биз Ерөнхий сайд аа!

УИХ-ын дарга, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга, Хотын дарга нарыг огцруулна гэж тодорсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд барих хариу бэлэн гэж өчигдөр (2018.11.13) УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн. Уржигдар МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүхийн хөндсөн М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулах санал, өчигдөр МАН-ын бүлгийн хурал дээр хэлэлцэгдэж 32:29-ийн харьцаатай саналаар Д.Хаянхярваа Бүлгийн даргын ажлаа хүлээлгэж өгөхөөр болов.

Харин хурлын өмнө Д.Хаянхярваа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах албан бичигтээ УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж амжсан. УИХ-ын Бүлгийн даргаа огцруулсан МАН-ын дарга одоо хүссэнээ хийж болно гэсэн найдварыг тээчихсэн яваа байх. Гэвч тийм биш.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нам дотроо тэр дундаа М.Энхболдын фракц, Д.Хаянхярваа нартай дайн зарлаж том алдаа хийсэн гэж улс төрийн хүрээнийхэн үзэж байгаа. Намын гишүүдийнхээ дөнгөж 50 хувь, нэмээд УИХ дахь бүлэг, Засгийн газрынхаа 50 хувийн дэмжлэг дээр торон тогтож байгаа Ерөнхий сайдын суудал, түүний танхимын хувь заяа нөгөө гурвын суудлаас ч хэврэг байгаа юм.

НАМААС УРВАЖ ШАРВАДГААРАА АЛДАРТАЙ Ч.УЛААНААС ӨӨР ХҮН ОЛДСОНГҮЙ ЮУ ЕРӨНХИЙ САЙД АА!

ЖДҮ-ийг дэмжих сангаас мөнгө зээлсэн УИХ-ын 12, Засгийн газрын хоёр гишүүн ил гарлаа. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад баригдсан Б.Батзоригийн асуудал дэгдэхэд нийгэм У.Хүрэлсүх одоо л хариуцлагын машинаа ажиллуулах болов уу. Зээл авсан, тараасан баримт нь ил болсон УИХ-ын гишүүд, сайд нартайгаа хариуцлага тооцох байх гэж горьдсон. Гэсэн ч энэ найдварт тэр өөрөө бараг салаавч үзүүлсэнтэй тэнцэх хариу бариад байна. Ингээд ЖДҮ-ийн зээлэнд савраа дүрсэн УИХ-ын гишүүд, сайд, намын Удирдах зөвлөлийн гишүүдээ цээжээрээ хамгаалсан Ерөнхий сайд, өөрийг нь томилох эрхтэй УИХ-ын дарга руугаа ноцов.

М.Энхболдыг ороодог 60 тэрбумын яриа аудио бичлэгт үлдсэн. Харин ЖДҮ-ийн 65 тэрбум бодитойгоор хэрэгжээд авсан хүмүүс нь улайгаад эхэлчихсэн. Ийм ялгаа байсаар байтал Ерөнхий сайд татвар төлөгчдийн мөнгийг тэрбум, тэрбумаар залгасан гишүүдээ хамгаалаад, өөрөө бас нэр бүтэн үлдэнэ гэж яаж бодож чадав аа.

У.Хүрэлсүхийн хоёр дахь том алдаа нь Б.Батзориг. Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайдаа золигт гаргачихаад өөрөө уснаас хуурай гарна гэж маш гэнэн тооцов. Түүнийг огцруулсан нь хариуцлагын нэг хэлбэр мөн боловч сул үлдсэн сайдын суудлыг шинэ залуу, гадаад, дотоодод сургууль төгссөн нэр хүндтэй нэгнээр нөхсөнгүй.

У.Хүрэлсүх хожуу ургасан агт араа шиг зовоох тус яамны сайдын албан тушаалыг очиж очиж хамгийн хуучинсаг, төрийн өндөр албан тушаалыг хамгийн олон жил тасралтгүй хашсан, төсвийн хөрөнгийг хамгийн удаан хугацаанд захиран зарцуулсан, магадгүй ЖДҮ-ийн зээлийг найр шиг тараалцаж сурсан, намаас урваж шарвадагаараа алдартай Ч.Улаанд өгөхөөр болов. Энэ албан тушаалыг хаших хүн МАН-д өөр алга уу? Сахил хүртээх гээд шал дордуулсан энэ томилгоо У.Хүрэлсүхийн хамгийн тэнэг шийдвэрүүдийн нэг болсон бөгөөд доошилж байгаа рейтингид улам жин нэмж живүүлэх тийшээ хөтөллөө.

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН САНААЧИЛСАН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХУУЛИЙГ ШҮҮРЭЭД АВАХ УХААН АЛГА УУ У.ХҮРЭЛСҮХ ЭЭ!

ЖДҮДС-ийн гурван хувийн хүүтэй их хэмжээний зээлийг хэн авсан бэ, ингэхэд? УИХ дахь У.Хүрэлсүхийн талын фракцийнхан. Ийм баримт ил гарч ирээд, нийгэм хариуцлагын машин яаж ажиллахыг хүлээж байхад Ерөнхий сайд М.Энхболдын фракцтай барилцаад авч байгаа нь “Хулгай гарлаа гэж хэлэхэд хулгайч цочихдоо юун гуя” гэж хэлээд баригддаг шиг юм болов. Сандарсан Ерөнхий сайдын гуяны жишээ бүр том алдаа болсон.

Өөрийнх нь толгойг нь илээд орхисон УИХ-ын гишүүд, сайд нар “Яадаг юм, би зээл авсан, төлчихлөө, хүүгийнхээ өмнөөс уучлал гуйя. Би уучлал гуйхгүй” гэж байна. Худалч хүнд ах, эгч, дүү, нэг оронд унтдаг эхнэр, нөхрөө танихгүйдээ тулсан хүмүүс тодорч байна. Би эхнэр, хүүхдээ хэдэн төгрөгийн зээл авсныг мэдээгүй гэж мэлзэж байна. Арай даварч байгаа юм биш үү. Энэ ард түмнийг муухай басамжилж, арай хэтрүүлэн доромжилж байгаа юм биш үү!

Авилга, хээл хахуультай холбогдсон хүмүүст хүний өөрийн гэж ялгахгүй хариуцлага хүлээлгэнэ гэж хэлсэн амлалт чинь хаачаа вэ? ЖДҮ-ийн 65 тэрбумынхандаа хариуцлага тооцох чадамж алга уу Танд! Яг одоо сайн муугаараа зөндөө дуудуулсан Ц.Элбэгдорж санаанд бууж байна. Энэ хүн чинь бас хариуцлагын машин тал дээр юм хийгээд, санаачлаад байсан юм шүү.

2012-2016 оны парламентад Сонгогдсон бо¬лон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээл¬гэх тухай хуулийн төсөл оруулаад батлуулж чадаагүй юм. Яагаад улстөрчдөд хариуцлага тооцох санаачилга бүр ийнхүү хад мөргөж байдаг юм гээд энэ хуулийн төслийг шүүрээд авах ухаан алга уу? Эсвэл УИХ дахь 50 хувийн дэмжлэгээ алдана гээд ЖДҮ-ийн 65 тэрбумынхнаасаа ухаан алдатлаа айгаа юу?

ХӨДӨЛМӨРИЙН НАМ БОДЛОГО ЯРЬЖ БАЙХАД МАН ГОМО ЯРЬЖ БАЙНА

УИХ-д 65 суудалтай ялсан нам дотооддоо зодолдож, зодооныг намын дарга У.Хүрэлсүх гардан гүйцэтгэж байх өдрүүдэд Хөдөлмөрийн намын Б.Найдалаа бодлого ярьж байна. Гунигтай нь эрх баригч МАН гомо ярьж байна. Тэднээс улс орныг яаж хөгжүүлэх вэ, иргэдийнхээ амьдралыг яаж өөд нь татах вэ, сая хүрэхгүй өрхийн амьжиргааг хэдэн жилд хэд хуваагаад сайжруулах вэ гэдэг санааг тэд шалан дээр хөсөр хаяв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа халтар харагдуулах, өдөр ирэх бүр шившигтэй явдал нэмэх, нэр хүндээ барсан ийм хөтөлбөрийн даргуу ажиллана гэж бодоогүй байж магадгүй. Энэ болгон түүнд зөвлөдөг, дагадаг, цүнхийг барьдаг залуучуудаас гарсан байж болох юм.

Ерөнхий сайдын эргэн тойронд түүнийг түшиж тулах төв хүн алга. Тэргүүн нь юм болохоор Засгийн газрын хэдэн сайд нартаа найдаж байгаа байх. Яс юман дээр цаадуул нь У.Хүрэлсүхийн дайн муугаар төгсвөл би сайдын суудлаасаа сална гэж бодчихоод одоо амжиж юунаас мөнгө босгох вэ гэдгээ бодож байгаа биз.

У.Хүрэлсүхийн дэргэд уянгын халилтай хэвлэлийн төлөөлөгч залуу нэг байна. Бас залуу генсек бий. Тэр нь ЖДҮ-гээс тэрбум төгрөг зээлчихсэн гэж байгаа. Тэдний зөвлөгөө ч гэж дээ. Зөвлөхүүд хуулиа мэдэхгүй байна, захирах захирагдах ёсыг мэдэхгүй байна, намын дүрмээ мэдэхгүй байна. Тиймдээ ч Ерөнхий сайдаа огцом мэдэгдэл хийж, гал татах тоглолт руу хөтлөөд, хуулиас гажууд, санааны зоргоор юм хийлгэхэд хүргээд байна. Дарга, дарга аа Та мундаг шүү гэж худлаа долигнож гүйхээр үүнийг нь хэлээд өгдөг ч болоосой.

МАН-ын үе үеийн генсекүүд дотор залуу генсек цөөн байсан. Хамгийн залуу нь Ж.Мөнхбат. Гэхдээ түүнийг муу гэж хэлэхгүй. Фракциудынхаа эвийг олж төвийг сахиж чадсан. Тэр Б.Амарбаясгаланг бодол тэр ядаж л хөдөлмөрч. Долоон бурхан харвадаггүй, Бүү март гэсэн хоёр ч кино бичээд, 2016 оны сонгуульд ялалт руу намаа хөтөлж чадсан. Одоо бол МАН-ынхан нэгнийхээ гэрт очоод зургийг нь авч олон нийтийн сүлжээнд тавьж байна. Нэгийгээ гомо гэж хэлээд тэрийгээ нотлохын тулд шөнө орных нь дэргэд лаа бариад зогсоход бэлэн зогсож байна. Энэ тэгээд МАН-ын ёс зүй мөн үү?

Д.ХАЯНХЯРВАА БОЛ У.ХҮРЭЛСҮХИЙН ХҮЗҮҮНД ШИГДСЭН ШАЛЗ

У.Хүрэлсүх Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас мултлаад тавьж чадлаа. Ингээд ялалт халаасанд орж эхэллээ гэж бодвол том эндүүрэл. Хонгорын цианитыг хамуу тэмбүү болгож чадсан хүн У.Хүрэлсүхийг юу ч болгож мэднэ. УИХ-д сонгуульд өрсөлдөөд хамуу тэмбүүтэй Хонгороосоо хамгийн их санал авсан хүнийг Ерөнхий сайд басаж болохгүй. Тэр бие нь жижиг боловч бэлчээр нь том хүн.

Нөгөө талаар МАН-ыг УИХ-д 65-ын бүдүүн бүлэгтэй болж, Засгийн эрх барьсан 2016 оны сонгуулиас хойших он тоололд энэ намын нэр хүндийг унагахад том нөлөө үзүүлсэн хэд хэдэн гоц үйл явдал болсон. Анхны хэрэг бол УИХ-ын гишүүн асан Б.Гантулгын хүчингийн хэрэг. Одоо ч шийдэгдээгүй байгаа. Дараагийн асуудал нь ЖДҮ-ийн 65 тэрбум. Муу бүхэн У.Хүрэлсүхийн фракциас дуулдаж байна.

Энэ бол У.Хүрэлсүхийн фракцийн өнгөн хэсэгт харагдаж байгаа эмзэг асуудлууд. Цаашаа өнгийвэл төрийн албыг төрлийн алба болгосон ах дүүгийн албан тушаалын томилгоо бий. Үүнийг ил татаад гаргаад ирвэл Ерөнхий сайд яах вэ?

БСШУЯ-ны сайд Ц.Цогзолмаа дээр жишээ аваад үзье. Нөхөр Ч.Саранжав нь Улаанбаатар Дулааны сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал. Төрүүлсэн охин нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд газрын даргаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн Н.Саранчимэгийн гэр бүлийн жишээ байна. Нөхөр нь Чингис хаан Олон улсын нисэх буудлын даргаар томилогдсон. Охин дүүгийнх нь нөхөр н.Үнэнбат өнөөдөр ид гал асч байгаа ХХААХҮ-ийн яамны Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг захиран зарцуулаад сууж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалтын яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдсон.

Ах дүү, амраг садны баримтууд дээр төрийн албанд салсан нөхөр, нууц амрагаа шургуулсан баримтууд ил гараад ирвэл яах юм бэ Ерөнхий сайд аа! Ямар гэр бүлүүдийг болохоор нам, бурхан хоёр ингэж ивээгээд ах дүү, амраг садан, салсан сарнисан эхнэр нөхөргүй төрд ажиллуулаад байдаг юм. Ямарт нь ганц багш хүүхдээ шургуулчих завсар олддоггүй байх нь уу?

ЕРӨНХИЙ САЙДЫН АВРАГДАЖ МЭДЭХ ГАРЦ

У.Хүрэлсүх яг нэг жилийн өмнө МАН-ын 28 Их хурал дээр ялсан намын даргын ажлыг Ерөнхий сайдын албатай хүлээж авсан. Түүнийг ажлаа авч байхад УИХ дахь намын бүлэг нь хоёр хуваагдчихсан байв. Өөрийг нь Засгийн газраа нурааж тоглоод, Шадар сайдаас Ерөнхий сайд болгон дэвшүүлэх эсэхийг шийдэх эгзэгтэй мөч дээр МАН-ын бүлэг хоёр хуваагдчихсан нь маргашгүй үнэн.

Гэвч тэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд намын эв нэгдлийг хангах ямар ч ажил хийсэнгүй. Үүнийг МАН-ын пиарчдын нэг Н.Дэмбэрэл саяхан өгсөн ярилцлагадаа Намаа хоёр хуваачихаад өөрсддөө 32-ын, 33-ын гэдэг нэр өгчихөөд буй эрхмүүдэд дайх хэдэн хатуу үг байна. Эх орныхоо язгуур эрх ашиг, үнэт зүйлс, үзэл санаагаа нулимаад нийт ард түмнийхээ итгэлийг сандал суудлаа булаалдан голоор нь хагалж байгаадаа санаа зовохгүй байна” гэж хэлээд нотлоод өгсөн байгаа.

Ерөнхий сайдыг огцруулах Д.Хаянхярваагийн машин ажиллаад эхэлсэн. Энэ албан бичигт 2020 оны сонгуулийн ялалтыг сэрүүн зүүдэлж байгаа АН-ын УИХ дахь 9 гишүүн дуртайяа гарын үсгээ зурна. Үүн дээр О.Баасанхүү гишүүн самраад өгье гэнэ үү гэхээс авраад өгье гэхгүй гишүүнтэй. Шуугиан дэгдээж чаддаг, масст нөлөөлж чаддаг А.Жавхлан шиг бие даагчтай УИХ-аас юу горьдож байгаа вэ Ерөнхий сайд аа!

Энэ хүч бол Засгийн газрынх нь хойдохыг хөнгөн уншиж дөнгөнө. Бариад сууж байгаа УИХ дахь бүлгийнхээ 50 хувьд найдаад нэмэргүй биш үү. ЖДҮ-ийн 65 тэрбумыг УИХ-ын гишүүддээ авлига болгон тараах санааг гаргачихаагүй бол эртхэн төрийн өмчийг хувьдаа ашигласан албан тушаалтнууддаа хариуцлага тооцох улс төрийн шийдвэр гаргаад, намын эв нэгдэлдээ анхаарлаа хандуул. Энэ бол таны аврагдаж үлдэх ганц гарц.

Э.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж