Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн нацист Германы хас тэмдэг бүхий малгайг өмссөнийхөө төлөө уучлалт гуйхыг Еврейн хүний эрхийн байгууллагаас шаардлаа. Тэд “Ceci” сэтгүүлд зураг авахуулах үеэрээ уг малгайг өмссөн байжээ
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт тус хамтлагийн нэгэн гишүүн Японы Нагасаки хотод хаясан цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийг дүрсэлсэн зурагтай, хэт үндсэрхэг үзлийн тухай бичигтэй цамц өмссөнөөс болж Японд хийх тоглолтыг нь цуцалсан байна. Эдгээрт үндэслэн Еврейн хүний эрхийн байгууллагын тэргүүн Рабби Абрахам, BTS хамтлагийг Японы ард иргэдээс болон еврейчүүдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан байна. Мөн тус байгууллага хамтлагийн гишүүд нэгэн тоглолтынхоо үеэр хас тэмдэг бүхий тугаар даллаж байсныг дурдаж, “Солонгосын залуу үе дэлхийн түүхийн хатуу сургамжийг үгүй хийхийг оролдож байна” хэмээн шүүмжилжээ.
Харин өнөөдөр /2018.11.13/ BTS хамтлагийн харьяа өмнөд Солонгосын “Big Hit” энтертайнмент компанийн зүгээс хамтлагийн гишүүд болон тэдний стилистүүдийн өмнөөс еврей, япончуудаас уучлалт гуйсан мэдэгдлийг гаргасан юм.
Өмнөд Солонгосын BTS хамтлаг нь Зүүн Азид олон жилийн турш алдартай байсан бол 2018 оноос эхлэн дэлхийд танигдаж, Солонгосын поп дууны төрлийн хамгийн алдартай хамтлаг болж чадсан. Тус хамтлаг нь 2018 онд Биллбордын дуу хөгжмийн шагналыг хүртсэн анхны өмнөд Солонгосын хамтлаг болсон төдийгүй Youtube сувгаар нэг өдрийн дотор хамгийн их хандалт авсан бичлэгээрээ дэлхийн рекордыг эвдсэн байна.
Сүүлийн жилүүдэд Азийн хэд хэдэн хамтлаг фашист маягийн хувцасны загварыг хэрэглэсэн хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ нь магадгүй Азийн улс орнуудад дэлхийн хоёрдугаар дайны тухай хичээлийг барууны орнуудтай харьцуулахад дэлгэрэнгүй заадаггүйтэй холбоотой байж болох юм. Түүнчлэн тус дайны үеэр Азийн улс орнууд нацист Германы бус Японы эзэнт гүрний түрэмгийлэлд өртөж байсан.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ