Шүүгчид нөлөөнд автахаа больсон

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Шүүгчид нөлөөнд автахаа больсон

-Т.Мэндсайхан: Шүүгчид үгэнд орохоо больсон нь зарим хүнийг бухимдуулж байна-

Шүүгчид нөлөөнд автахаа больсон

Одоогоос сар шахмын өмнө УИХ 2015 оны төсвийн тодотголыг хэрүүл тэмцэлтэйхэн баталжээ. Энэ үеэр гишүүдийн дунд багагүй маргаан дагуулсан сэдэв бол шүүхийн төсөв, шүүгчдийн цалингийн асуудал байлаа. Гэсэн хэдий ч салбарын төсөв батлагддагаараа батлагдсан. Энэ талаар ШЕЗ-ийн Тамгын газрын дарга Т.Мэндсайхантай ярилцлаа.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүд “ШЕЗ дур мэдэж шүүгчийн цалинг тогтоосон, үүнээс болж 2014 онд салбарын төсөв 15 тэрбум төгрөг хэтэрсэн байна. Үүнийг хэн төлөх вэ” гэдэг асуудал дэгдээсэн. Үнэхээр ШЕЗ-д ийм эрх мэдэл бий юу, эсвэл эрх мэдлээ хэтрүүлчихсэн хэрэг үү?

-Хуулийн л маргаан юм даа. Ер нь бол төрийн албан хаагчдын цалингийн хувьд  УИХ заримыг нь тогтоодог, Засгийн газар заримыг нь тогтоодог жишиг байсан. Төрийн албан хаагчийн тухай хуульд 2011 оны сүүлээр өрчлөлт оруулаад 28’2 гэдэг заалт оруулсан. Энд “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин, урамшууллыг тус тусын хуулиар зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны хуулиар биш, Шүүхийн тухай хуулиар зохицуулна гэсэн шинэ зохицуулалт орсон. Харин Шүүхийн тухай хуулийн 23.1-д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бусаар ажиллах, амьдрах баталгааг хангасан байна” гэж байгаа. Хуулийн энэ зохицуулалтаас болоод өмнө нь УИХ шүүгчийн цалинг тогтоодог байсан тэр жишиг өөрчлөгдсөн.

-Шүүгчийн цалинг УИХ тогтоодог хуучин жишгийг тэгвэл ямар хуулиар зохицуулдаг байсан юм бэ?

-Шүүхийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд УИХ тогтоохоор заасан байсан юм. Гэвч Шүүхийн тухай хуучин хууль нь хүчингүй болсон. Төрийн албаны тухай хуулийн 28.5-ыг өөрчлөөгүй хэдий ч 28’2 заалт сүүлд нэмэгдсэн, хэрвээ хуулиуд хоорондоо зөрчилтэй байвал сүүлд гарсан хуулийг нь хэрэглэдэг жишигтэй. Энэ дагуу УИХ шүүгчийн цалинг тогтоох эрх хэмжээгүй болсон гэсэн үг. Үүн дээр л гол маргаан яваад байгаа юм. УИХ “Бид шүүгчийн цалинг тогтооно. Шүүгчийн цалинг тогтоосон УИХ-ын 2011 оны 54-р тогтоол хүчинтэй байгаа” гэж яриад байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 28’2 заалт гараад ирчихээр УИХ-ын тогтоолоор шүүгчийн цалинг тогтоодог эрх зүйн үндэслэл байхгүй болчихож байгаа юм л даа.

-Тэгээд ч хууль нь тогтоолоос илүү хүчин чадалтай байдаг биз дээ, ядаж л?

-Тийм ээ, хууль нь илүү хүчин чадалтай. Харин тогтоол бол хуульдаа нийцсэн байх ёстой. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн 28’2 заалт /ҮХЦ-ийн гишүүн болон бүх шатны шүүгчийн цалинг тус тусын хуулиар зохицуулах тухай/ 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлчихсэн.

-Тэгвэл тухайн үед хууль баталсан УИХ өөрөө өмнө гаргасан тогтоолоо хүчингүй болгоогүйгээс л асуудал үүссэн юм биш үү?

-Нэгэнт хууль гараад “Шүүгчийн цалинг УИХ тогтоохгүй” гэчихсэн учраас УИХ тогтоолоо хүчингүй болгох ёстой. Тэрийгээ хийгээгүй. Дээр нь хуулиндаа шүүгчийн цалинг хэн тогтоох вэ гэдгийг ч бас нэг бүрчлэн дурьдаж заагаагүй. Гэтэл хуулиа уншаад үзвэл ШЕЗ гэдэг Үндсэн хуулийн байгууллага. Үндсэн хуулийн 49.3-д “ШЕЗ нь шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор ажиллана” гээд заачихсан. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-д “Шүүгч эдийн засгийн хувьд бусдаас хараат бус, баталгаатай байх ёстой” гэж байгаа. Их олон хуульд бий л дээ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6.1.2-т “ШЕЗ нь шүүгчийн хөдөлмөр, ажлын нөхцөл болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй” гэж байна. Энэ заалтуудыг үндэслэж ШЕЗ шүүгчдийнхээ цалинг тогтоосон. Ингэхдээ мэдээж байгаа төсөвтөө багтааж л тогтооно шүү дээ. 2014 онд УИХ өөрөө шүүхийн хэвийн ажиллагааг хангах, шүүгчийн цалинг нэмэгдүүлэхэд зориулж шүүхийн төсвийг 15 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ мөнгөөр зөвхөн шүүгчдийн цалинг нэмээгүй, шүүх хуралдааны танхим, ажиллах нөхцлийг сайжруулах арга хэмжээнд зарцуулсан. Зарим хүмүүсийн яриад байгаа шиг 15 тэрбум төгрөг  төсвөөс гадуур аваад үргүй зарцуулчихсан, улсад хохирол учруулсан зүйл байхгүй. ШЕЗ энэ мөнгийг зориулалт бусаар ашиглаагүй.

-Улс улсад шүүхийн төсөв өөр өөр байдаг байх л даа. Манай хувьд аль хавьд нь явдаг юм?

-Ихэнх улсад шүүхийн төсөв нийт төсвийнхээ 2-7 хувь буюу дунджаар таван хувьтай байгаа. Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг гурав ангилсан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж. Шүүх эрх мэдэл гэдэг өөрөө бие даасан эрх мэдэл учраас тэр бие даасан байдлыг нь хангахын тулд улс орон болгон төсвийнхөө тодорхой хувийг тавьж өгдөг. Тэр нь ойролцоогоор таван хувь байна л даа. Манайд бол олон жилийн турш төсвийнхөө нэг хувьд хүргэх юмсан гэдэг мөрөөдөлтэй явсан, хэзээ ч хүрч байгаагүй. Яг өнөөдрийн байдлаар бол 0,8 хувьтай болж ирж байна. Бас ч гэж хуучнаа бодоход ахиж, дөхөж л явна. Үүн дотор шүүхийн бүх зардал орж байгаа. Шүүгчийн цалин, шүүхийн захиргааны ажилчдын цалин, шүүхийн урсгал зардал, орон байрны түрээс, бичиг цаасны зардал, халаалт, цахилгаан гээд бүгд нийлээд төсвийн 0,8 хувьтай байгаа. Шүүхийн төсвийг 15 тэрбумаар нэмэгдүүлснээс хойш гэсэн үг шүү дээ.

-Шүүгчээс гадна шүүхийн захиргааны ажилтнууд хэдэн хүн байдаг юм. Шүүхийн төсөв гэхээр магадгүй 450 шүүгчийн цалингаар сэтгэх хүмүүс ч байгаа шүү дээ?

-Оны эцсийн байдлаар нийт шүүгчийн тоо 450 байсан. Дээд шүүхийн шүүгчидтэй нийлээд 475. Үүн дээр 1500 орчим шүүхийн захиргааны ажилтан байгаа. Шүүгчид туслахтай байна гээд хуулинд заачихсан, шүүх хурлын нарийн бичгийн дарга, зохион байгуулагч, мэдээлэл технологийн ажилтан, аж ахуй, нярав, нягтлан гээд бүгд орно л доо. Монгол Улсын хэмжээнд Дээд шүүхийг оруулаад 79 шүүх ажиллаж байгаа шүү дээ. Хяналтын шатны буюу дээд шүүх нь нэг, давж заалдах шатны шүүх 21, үлдсэн нь анхан шатны шүүх. Энэ 79 шүүхэд үйлчилдэг 41 тамгын газар шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах, шүүн таслах үйл ажиллагаа явуулахад нь тусалдаг. Энэ бүгдийн зардал нийлээд улсын төсвийн 0,8 хувь байхгүй юу. 2014 онд шүүхийн төсөвт тодотгол ороод  58,4 тэрбумаар батлагдсан. 2015 онд эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас танаад 54,9 тэрбумаар баталсан. Төсвийн бусад байгууллагатай адил урсгал зардал, томилолтын зардал, нийгмийн хамгааллын шинжтэй зардлууд, бичиг хэргийн зардлаа хасаад ойролцоогоор 3,5 тэрбумын таналт хийсэн.

-Шүүгчдийн цалинг анх нэмэгдүүлэхэд 3,5 саяас ихгүй байсан санагдах юм. Гэтэл оны өмнө УИХ дээр яригдаж байгааг нь сонсоход таван сая даваад явчихсан байсан. Дээр нь ШЕЗ-ийн гишүүдийн цалинг шүүгчийн цалинтай дүйцүүлж байна гээд шүүмжлэл их гарсан?

-ШЕЗ-ийн тогтоосноор шүүгчийн цалингийн дээд хэмжээ буюу Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн цалин 3,3 сая, доод хэмжээ буюу анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 2,7 сая. Энэ хэмжээг тогтоохдоо “эдийн засгийн хувьд бусдаас хараат бусаар ажиллаж амьдрах баталгааг хангана” гэсэн хуулийн заалтыг барьж, МУИС-ийн социологийн танхимын судлаачдын багийн хийсэн судалгаа болон орны шүүгчдийн цалингийн жишиг, Монголын нөхцөлд амьжиргааны түвшин ямар байна гэдгийг тооцоолсны үндсэн дээр тогтоосон.

-Тэгвэл яагаад таван саяас давчихсан юм бэ?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.2-т “Шүүгчээр ажилласан 5 дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос 2 хувиар нэмэгдэж байна” гэж байгаа. Шүүгчээр 20, 30 жил ажилласан хүмүүс байна л даа. Гучин жил ажилласан шүүгчид тав дахь жилээс нь эхлээд тооцоохоор 50 хувийн нэмэгдэл авахаар байгаа. Гэхдээ тэр нь цөөхөн, 2-3 хүн л байгаа. Арав хүртэл жил ажилласан 245 шүүгч, 11-20 жил ажилласан 103 шүүгч, 25-аас дээш жил ажилласан 36 шүүгч. Тэднээс найм нь Дээд шүүхэд ажиллаж байна, энэ хүмүүс 40 хувийн нэмэгдэл авч байна. ШЕЗ-ийн таван гишүүн бий. Таван хүний нэгийг Хууль зүйн сайд, нэгийг Хуульчдын холбоо, үлдсэн гурвыг хяналтын шүүх, давж заалдах, анхан шатны шүүхээс томилдог. Ихэвчлэн шүүгч хүн орж ирдэг гэсэн үг. Шүүгч хүн ШЕЗ-ийн гишүүнээр томилогдсон тохиолдолд шүүгчийн ажлаас нь түдгэлзүүлээд шүүгчийн цалинг хэвээр нь олгох хуулийн заалттай. Зөвлөлийн гишүүдийн үүрэг бол шүүхийн бие даасан, хараат бус ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах. Өөрөөр хэлбэл, холбогдох дүрэм журмыг баталж өгнө, ажлын төлөвлөгөөг гаргана, хянана. Дээр нь ШЕЗ-ийн дэргэд Шүүгчийн мэргэжлийн хороо, Ёс зүйн хороо ажиллаж байна. Эвлэрүүлэн зуучлах зөвлөл ажиллаж байна. Дээр нь хуулиараа ШЕЗ-ийн дэргэд Шүүхийн хүрээлэн байх ёстой. Энэ бүгдийн хажуугаар 41 тамгын газраа мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах үүрэгтэй. Энэ таван хүн тавуулхнаа энэ ажлыг барахгүй, тиймээс дэргэдээ ажлын албатай.

-ШЕЗ нийтдээ хэдэн орон тоотой юм бэ?

-Орон тоогоо яривал яг оны зааг дээр 95 хүн ажиллаж байсан. Шүүхийн хүрээлгийн 18 хүнийг оролцуулаад 115 хүн шүүхийн захиргааны ажлыг хийж бгаа. гэтэл Засгийн газрын бүтцэд маш олон яам, агентлагтай ажиллаж, нэг агентлагт л гэхэд 100 гаруй хүн ажиллаж байгаа. Ингээд харахаар орон тооны хувьд бол манайх гүйцэтгэх эрх мэдлийн нэг агентлагийн хэмжээнд л байгаа шүү дээ. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагатай харьцуулахад манай зардал маш жижигхэн. УИХ-д жишээ нь орон нутагт бүтэц байхгүй. Гэхдээ УИХ-ын Тамгын газарт лав 200 гаруй хүн ажиллаж байгаа байх. Засгийн газрын ХЭГ-т ч бас тэр орчим хүн байгаа, Ерөнхийлөгчийн тамгын газарт ч ялгаагүй.

-Шүүгчийн цалинг нэмэгдүүлэх ажлыг ШЕЗ ганцаараа хийгээгүй. Ерөнхийлөгчийн зүгээс ч бас улс төрийн шахалт, дэмжлэг нэлээн байсан байх?

-Хоёр зүйл бий. 2010 онд Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг ҮАБЗ-өөс санаачилж батлуулсан. Энэ хөтөлбөрт шүүгчийн цалинг нэмэгдүүлэх, эдийн засгийн хараат бус байдлыг хангах гэж орсон. Хууль тогтоомжийн хувьд Шүүхийн багц хууль батлагдаад уг хуулиудыг хэрэгжүүлэх хүрээнд УИХ өөрөө “шүүгчийн цалинг нэмэгдүүлье” гээд 2014 оны төсөвт 15 тэрбум төгрөг нэмж суулгасан. Өөрөөр хэлбэл, УИМ мөнгийг нь төсөвт суулгаж өгсөн. Дээр нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг ШЕЗ шийдэж болохоор хуулийг УИХ өөрөө батлаад өгчихсөн.

-Тэгээд яагаад зарим гишүүдийн зүгээс үл ойлголцол ч юм уу, эсэргүүцэл яваад байдаг юм бэ?

-Яах вэ, хуучин УИХ өөрөө төрийн албан хаагчийн болон шүүгчийн цалингийн хэмжээг баталдаг байсан. Тэр нь өөрчлөгдөөд ШЕЗ тогтоодог болчихоор, бие даасан бодлого бариад ирэхээр зарим хүмүүс эмзэг хандаад байх шиг байна. Бүх юмыг УИХ шийдэх сонирхол байна л даа, нэг талаасаа. Энэ бол буруу хандлага гэж би хувьдаа боддог. Бүгдийг УИХ тогтоодог байх албагүй шүү дээ. Засгийн газар шийддэг тохиолдол ч байж л байна. Түүнтэй адилхан ШЕЗ гэдэг тусдаа бие даасан байгууллага гарч ирээд шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдлыг хангахын тулд цалинг нь ч батлаад, төсвийг нь ч Сангийн яам, Засгийн газраар дамжуулалгүй шууд УИХ-д өргөн барьдаг хууль гарсан шүү дээ. Энэ нь нөгөө л хараат бус байдлаа хамгаалах гээд байгаа байхгүй юу. Тэгэхгүй УИХ шүүгчийн цалинг тогтоодог болчихвол цалингаараа УИХ-аас хараат байгууллага болчих гээд байна шүү дээ. УИХ өөрөө батлаад бодлогоо гаргачихсан. Баталсан хуулийг хэрэгжүүлэх нь ШЕЗ-ийн үүрэг байхгүй юу. Түүнээс биш баталсан төсвөөс нь хэтрүүлээд, хууль зөрчөөд явсан зүйл байхгүй л дээ.

-Энэ цалинг дагаад шүүмжлэл бас явдаг шүү дээ? Шүүгчид шударга байгаа нь хаана байгаа юм, хараат бус гэсэн чинь яалаа, хэнд үйлчлээд байна аа гээд. Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг нөгөө олон мэргэжлийн хороод, ёс зүйн хороод нь ажлаа хийж байна уу? Дүрэм журам бол тодорхой болсон гэж бодож байгаа шүү дээ…

-ШЕЗ дээр Шүүгчийн ёс зүйн хороо ажиллаж байгаа. Өргөдөл гомдол маш их ирж байна. Тэр дагуу нь шалгаад долоон шүүгчид хариуцлага ноогдуулах шийдвэр гаргасан. Цалинг нь нэмсэн юм чинь нөгөө талдаа шүүгчдийн шударга ажиллаж байгаа байдал, ажлын үр дүнг нь яаж тооцох вэ гэдэг дээр судалж байна. Хэд хэдэн аргачлал байж болж байна. Нэгдүгээрт шүүхэд итгэх иргэдийн итгэл өмнө байсан, одоо ямар байна гэдгийг судалж үзсэн. Уг нь үүнийг хөндлөнгийн судалгааны байгууллага л гаргах ёстой л доо. 2014 оны хувьд бидний өөрсдийн хийсэн судалгаагаар бол шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилсэн. Арваннэгдүгээр сарын байдлаар иргэдийн 70 хувь нь шүүхэд итгэнэ гэсэн.

-Магадгүй шинэчлэл явагдаж байна гэдэг өнцгөөс нь харсан байх. Одоо бол үр дүн ярих цаг шүү дээ?

-Шинэчлэл явагдсан гэдэг утгаар нь мэдээж харсан байх. Шүүхийн шийдвэрээс ч бас харагдах байх. Дээр нь шүүх хуралдааныг удирдаж явуулж байгаа шүүгчийн ур чадвар, хэрэг маргаанд талуудын оролцоог хангаж, хуулийг хэрэглэж байгаа байдал зэргээс харагдах ёстой. Үүнийг нэг жилийн хугацаанд үнэлэхэд төвөгтэй. Үнэлдэг үзүүлэлтүүд нь өөрөө төвөгтэй байхгүй юу. Мэдээж хэрэг шүүгчдийн цалинг нэмэгдүүлсний хувьд зөрүүлээд хариуцлага, чанарыг шаардах ёстой. Уг нь хуулинд “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг үнэлдэг байя” гэдэг заалт орж ирсэн. Тэр заалт одоо хэрэгжихгүй байгаа. Яагаад гэвэл үнэлэх журмууд нь батлагдаагүй, баталлаа гэхэд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлчих бол уу гэсэн бас эмзэглэл байгаа учраас гацчихаад байна л даа. УИХ-ын зарим гишүүдийн зүгээс ч гэсэн хараат бус байдалд нөлөөлдөг заалтуудыг нь хүчингүй болгоё гээд хуулийн төсөл өргөн барьчихсан. Тийм учраас зогсчихсон байгаа.

-Хуульчдын холбоо яаж ажиллаж байна. Шүүгч, прокурор, өмгөөлөгч гурав сууж байгаад бие биедээ хяналт тавихаар дүрэмтэй болсон биз дээ?

-Хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм баталсан. Энэ дүрмээ зөрчих юм бол Мэргэжлийн хариуцлагын хороогоор хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Сануулга өгөхөөс эхлээд хуульчийн лицензийг нь хураах хүртэл шийтгэлтэй. Тэр хороо нь байгуулагдаад ердөө дөрвөн сар болж байна л даа. Дүрмээ батлаад, хороогоо байгуулаад нэлээн хугацаа шаардсан ажил байлаа. Одоо бол хороод нь бүрдсэн байгаа. Тэр дагуу шүүгч, прокурор, өмгөөлөгчийн мэгэжлийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой маргаануудыг энэ хороон дээр шүүдэг, шийддэг юм руугаа орно.

-Өнгөрсөн онд шүүхээр шийдэгдсэн н.Алтанхүүгийн хэргийг л гэхэд өмнө нь нөхрөө хөнөөсөн хэргээр ял эдэлсэн эмэгтэйн хэрэгтэй харьцуулаад “Шүүх шударга ажиллах байтугай өмнөхөөсөө ч дордсон юм биш үү?” гэдэг шүүмжлэл яваад байсан. Сая Ерөнхийлөгч уг эмэгтэйд уучлал үзүүлсэн нь бүр ч нэрмээс болох биз. Ер нь шүүхийн энэ мэт маргаан дагуулсан шийдвэрүүдийн талаар ШЕЗ ч бай, Ёс зүйн хороо нь ч бай ямар нэг байдлаар тайлбар, мэдээлэл хийж болдоггүй юм уу? Дотроо бие биедээ хариуцлага ярих нь сайн ч гадагшаа хүмүүст зөв мэдээлэл өгөх нь ч гэсэн хэрэгтэй шүү дээ?

-ШЕЗ шүүн таслах үйл ажиллагаанд орох эрхгүй, Үндсэн хуульд тэгээд заачихсан. Шүүх таслах үйл ажиллагаанд оролцохгүйгээр шүүгчийн хараат бус байдлыг хангаж, ажиллах нөхцлийг нь хангаж өгөх үүрэгтэй. Харин хэргийн оролцогч юм уу, хэн нэг этгээд “Шүүгч ийм ёс зүйн алдаа гаргасан” гээд гомдол гаргавал Ёс зүйн хороо хэлэлцэнэ. Одоогоор н.Алтанхүүгийн хэрэгтэй холбоотой ямар нэг гомдол Ёс зүйн хороонд ирээгүй. Манай зөвлөлийн ажлын албанд бол гомдол ирсэн. Бид уг өргөдлийг Ёс зүйн хороонд шилжүүлэх юм бол бас л Ёс зүйн хорооны хараат бус байдалд халдах болчихоод байна. Тиймээс иргэд өөрсдөө ёс зүйн хороонд хандах ёстой. Гэхдээ хэрэг маргааныг шийдэхдээ хуулийг зөв, буруу хэрэглэсэн үү гэдэг дээр бол ёс зүй ярихгүй шүү дээ. Тэр бол цэвэр  мэргэжлийн алдаа учраас давж заалдах шатанд хандаад явна. Шүүгч буруу шийдсэн байна гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгодог. Ийм л процессоор явах ёстой. Хэрвээ ШЕЗ оролцоод эхэлбэл өөрөө шүүгчийнхээ хараат бус байдалд халддаг байгууллага болж хувирна. Шүүхийн хараат бус байдал гэдэг чинь ямар ч хөндлөнгийн этгээд нөлөөлөхгүйгээр шүүгч бие дааж шийдвэрээ гаргадаг хуулиар олгогдсон маш том эрх хэмжээ шүү дээ. Тэр эрх хэмжээгээ хэрэгжүүлэхийн тулд ямар нөхцөл байдал шаардлагатай вэ гэдэг тэр нөхцлийг хангахын төлөө л бид ажиллаж байгаа. Мэдлэгийн хараат бус байдлыг нь хангахын тулд бид жишээ нь сургалтын төв зохион байгуулж байна. Харин шүүгч ёс зүйн алдаа гаргасан бол Ёс зүйн хороонд нь өгч, хэрэг марган шийдвэрлэхдээ мэргэжлийн алдаа гаргасан бол давах заалдах шатанд, хуулийг буруу хэрэглэсэн байна гэвэл Дээд шүүхэд өгч болно.

-Гэвч нэг иргэн өмгөөлөгч аваад шат шатанд гомдол гаргаад явах нэг өөр. Нийтээрээ хуулийн ийм зохицуулалттай болсон гэдэг мэдлэг мэдээлэлтэй болох бас өөр асуудал. Тийм мэдээлэл байхгүй учраас л хүмүүс хаяг андуураад, гомдоод, хугацаа алдаад байна шүү дээ. Үүн дээр хэн туслалцаа үзүүлэх ёстой вэ?

-Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиг үүрэг Засгийн газарт байгаа. Засгийн газар гэдэг нь Хууль зүйн яам, аймаг, нийслэлд бол ЗДТГ-ын дэргэдэх Хууль зүйн хэлтэс, албан бус сургалтын төвүүдээр дамжуулж эрх зүйн боловсролыг олгох, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Тэр хүрээнд ялангуяа төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлдэг төсөв мөнгө нь Хууль зүйн яам дээр батлагддаг. Түүнийгээ ХЗЯ Өмгөөлөгчдийн холбоотой хамтраад зарцуулдаг. ШЕЗ-д бол иргэдийн эрх зүйн боловсролыг хангах чиг үүрэг байхгүй. Гэхдээ бид иргэдийн шүүхэд хандах эрхийг хангахтай холбоотой мэдээлэл авах боломжуудыг нээж өгч байгаа. Жишээ нь Шүүх.мн гэж вэб хуудас нээсэн, тэнд шүүхийн бүх шийдвэрүүд ил байгаа. Дээр нь шүүхэд хандахын тулд хэн ямар бичиг бармт бүрдүүлэх, аль шүүхэд хандах, тэмдэгтийн хураамж ямар байх, өмгөөлөгч хаанаас авах вэ гэх мэтчилэн бүх мэдээллүүдээр хангаж байгаа. Мөн хэрвээ шүүх дээр яваад очвол мэдээлэл лавлагааны ажилтан бүх шатны шүүх дээр ажиллаж байна. Үүнээс илүүг бол бид хийж чадахгүй.

-Хууль зүйн үндэсний хүрээлэн ямар үүрэгтэй байгууллага вэ? Сая төсвийн тодотгол хэлэлцэх үеэр арай нэг татан буугдчихсангүй, төсвийнхөө тал хувийг тануулаад л үлдэх шиг боллоо?

-Миний олйгож байгаагаар ХЗЯ-ны захиалга, санхүүжилтээр хууль зүйн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, ХЗЯ-нд зөвлөгөө өгөх, дээр нь хуульчдын мэргэжлийн сургалт, иргэдэд зориулсан албан бус сургалтыг хариуцдаг. Эрх нь зөрчигдөөд байгаа, мэдээлэл дутмаг байгаа иргэд бол ХЗҮХ болон аймаг орон нутгийнхаа ЗДТГ-ын дэргэдэх Хууль зүйн хэлтэс дээр очих ёстой.

-Шүүгчийн цалин өндөр байх ёстой гэдэг дээр эдийн засгийн хараат бус байдал гэдгээс өөрөөр мэргэжлийн хувьд онцлох шалтгаан байдаг уу? Жишээ нь шүүгч байхын тулд хувь хүнийхээ зарим эрхээс татгалзах ч юм уу?

-Миний хувьд хоёр зүйлийг хардаг. Шүүгч байхын тулд хувь хүн өөрийнхөө маш олон эрхээсээ татгалзах шаардлагатай болдог. Төрийн албан хаагч болгон мэдээж улс төрийн эрхээсээ татгалздаг л даа. Шүүгч бол хувийн олон эрхээсээ татгалздаг. Тухайлбал, хараат бус бие даасан байдлаа хангах, ёс зүйгээ сахихын тулд хамаагүй хүнтэй уулзаж болдоггүй. Найз нөхөдтэйгээ ч уулзаж чаддаггүй. Хоолны газар, баар, ресторонаар явах ч эрхгүй. Яагаад гэвэр тэр нь өөрийнх нь хараат бус байдалд нөлөөлчих гээд байдаг учраас. Нэг ёсондоо нийгмээсээ тусгаарлагддаг байхгүй юу. Барууны орнуудад ч тийм. Ямар сайндаа барууны хуульчдын ярьдаг нэг онигоо бий л дээ. “Шүүгч нар олон жил ажиллаад ирэхээрээ философич, эсвэл математикч болдог” гэж. Нэгэнт нийгмээсээ тусгаарлагдчихсан хүмүүст чөлөөт цагаа өнгөрүүлэх өөр боломж байдаггүй, тэгээд ихэвчлэн философи, математик гээд шинжлэх ухааны төрөл рүү ороод явчихдаг. Энэ нь өөрөө хүнд нөхцөл шүү дээ. Тийм учраас ялангуяа шүүгчээр ажиллах гэж байгаа хүмүүсийн хувьд нас их чухал. Залуу хүмүүсийн хувьд үүнийг давж туулахад хүнд.

Хоёрдугаарт шүүгчийн хувьд ёс зүйн дүрэмд нь ч заадаг, ямар нэг нэмэлт орлого олох боломжийг нь хуулиар хаадаг. Давхар ажил эрхлэх, орлого олох боломжгүй. Багш, эмч нарын хувьд бол чөлөөтэй шүү дээ. Гэтэл шүүгч хүний гэр бүлийнх нь хүн бизнес эрхэлдэг байлаа гэхэд тэр бизнес дээр нь хүртэл тодорхой хязгаарлалт тавьдаг. Шүүгчийн ёс зүйн дүрмийг Хуульчдын холбоон дээр ажиллаж байгаа Шүүгчийн ёс зүйн хороо баталж байгаа. Одоо бүрэн боловсруулагдаагүй байна, яваандаа улам хатуу болно. Тэгж байж шүүгчийн эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг тэр хүн олж авдаг. Нэгэнт шүүгчийн хараат бус байдлын баталгааг гаргаж өгсөн юм чинь одоо хариуцлага, ёс зүйгээ ярих ёстой. Шүүх шударга ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг, мониторинг хийдэг тогтолцоогоо бүрдүүлэх ёстой.

-Тэгвэл одоо ШЕЗ-ийн хувьд хамгийн гол асуудал юу вэ?

-ШЕЗ-ийн дэргэд шүүгчийг сонгон шалгаруулдаг мэргэжлийн хороо ажилладаг. Номер нэг ажил бол бид үнэхээр шударга ажиллаж чадах, хувь хүнийхээ болон ёс зүйн хувьд шаардлага хангасан, дээр нь мэргэжлийн өндөр чадвартай хүмүүсээ шүүгчээр томилох ёстой. 2014 онд 63 шүүгч шинээр орж ирсэн. Энэ бол маш том өөрчлөлт. Сүүлийн 20-иод жилийн дотор шүүгчид ингэж олноороо орж ирсэн тохиолдол байхгүй. Энэ 2015 онд дахиад 45 шүүгчийг шинээр авна, Дээд шүүхэд дөрвөн шүүгчийг шинээр томилно. Монголын хүн ам өсч байна, шүүхийн маргаан өсч байна. УИХ-аас баталж өгсөн орон тоогоор бол бид 715 гаруй шүүгчтэй байх ёстой, одоо 475 шүүгч ажиллаж байна. Ялангуяа нийслэлийн шүүхэд ачаалал маш их. Иргэний хэргийн маргаан гэхэд нэг шүүгч жилд 200 гаруй хэргийг шийдэж байна шүү дээ. Ажлын өдрөөр бодоход өдөр болгон нэг хэрэг шийдэхээр байгаа биз дээ. Гэтэл шүүх хурлын бэлтгэл хангана, хурлаа хийнэ, шийдвэрээ бичнэ, үнэхээр ачаалал их. Хуучин бол нийт шүүгч болж байгаа хүмүүсийн 70 хувь нь дотроосоо болдог байсан. Түүнийг өөрчлөхийн тулд сая Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт ороод аль болох гаднаас, шүүн таслах ажиллагаанд оролцож байсан хүмүүсийг сонгон шалгаруулалтад оруулж байгаа. Өнөөдөр хуульчийнхаа шалгалтыг өгчихсөн 5600 хүн байна. Тэдэн дундаас хамгийн чадварлагийг нь шүүгч болгох тухай яригдаж байна шүү дээ.

-Өмнө нь яригддаг байсан шүүхийн “цус ойртолт” багасч байна гэсэн үг үү?

-Тийм. Шүүгчийн хүүхэд шүүгч болдог, шүүгчийн туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад шүүгч болдог, үүнээс болоод сүлжээ үүсдэг, хэрэг маргаан шийдвэрлэхэд нөлөөлдөг гэж үздэг байсан үе өнгөрсөн. Одоо бол энэ бололцоо үндсэндээ хаагдсан. Тэднийг хуульчаар ажилласанд тооцохгүй. Тэндээсээ гараад 5600 дотор ороод өмгөөлөгч, эсвэл прокуророор 3-аас доошгүй жил ажиллаж байж шүүгчийн сонгон шалгаруулалтад орох болж байгаа. Тийм учраас шүүхийн тамгын газруудаас 980 гаруй хүн ажлаасаа гарсан. Тэндээс гараад, хуульчийнхаа эрхийг авч, нөгөө 5600 дотроо орж байж өрсөлдөөнөөр гарч ирж шүүгч болно. Сүүлийн үед шүүгчийн цалин хөлс нэмэгдсэн, үнэлэмж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сайн хуульч нар шүүгчийн ажлыг сонирхдог болсон. Хувийн компанид ажиллаж байгаа сайн хуульч, өмгөөлөгч нар өнөдр үнэтэй шүү дээ. Миний мэдэхийн лав сарын 10-12 сая төгрөгийн цалин авч байгаа. Одоо тэр хүмүүс ч гэсэн шүүгчээр ажиллах боломжтой болж байна. Яагаад гэвэл шүүгчийн ажил гэдэг бол хуульч мэргэжлийн хамгийн том карьер.

-Иргэд ч гэсэн 800 мянган төгрөгийн цалинтай шүүгчид итгэх үү, гурван сая төгрөгийн цалинтай шүүгчид итгэх үү үнэлэмж шал өөр шүү дээ?

-Шүүхэд хандах иргэдийн үнэлэмж ч гэсэн өөрчлөгдсөн. 800 мянган төгрөгийн цалинтай шүүгчийг “хоолонд орьё” гээд дууддаг байсан бол гурван сая төгрөгийн цалинтай шүүгчтэй хэн, юу ярих юм. Шүүгчийн хувьд ч гэсэн бусдаас ямар нэг дэмжлэг туслалцаа авахгүйгээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг даачихдаг, банкны зээл тавиад байр авчих дайны цалинтай болоод ирэхээр өөртөө итгэлтэй, ажил дээрээ илүү цаг гаргадаr, анхаарал тавьдаг, хэргээ илүү нарийн судалдаг тийм хандлага руу орчихоод байна.

Мэдээж хэрэг, Монголын нийгэмд шийдэх ёстой олон асуудал байгаа. Тэдгээрийн нэг нь шүүхийн төсөв, шүүгчийн хараат бус байдал, цалингийн асуудал. Энэ асуудалд бид нэг алхам хийчихлээ. Үүнтэй битгий барьцаасай. Харин одоо араас нь дагууулаад шийдэгдээгүй бусад асуудлаа шийдмээр байна. Багш, эмчийн цалин бага гэж байна. Түүнийгээ ч гэсэн шийдэх хэрэгтэй. Шүүх бол жижигхэн систем, улсын төсвийн ердөө 0,8-хан хувийг авдаг. Энд бид асуудлыг шийдчихлээ. Үүнтэй адилхан прокурор, цагдаагийн байгууллага, эмч, багш нарын асуудлыг дагуулаад шийдэх хэрэгтэй. Анхны гарцыг нь хийчихлээ шүү дээ. Хэрвээ УИХ энэ асуудлыг шийдээгүй бол биз хэзээ ч шүүгчийн цалинг нэмж чадахгүй байсан.

-Үүнд гэвч юу саад болоод байна вэ?

-Юманд хандах хандлага гэж нэг юм байна. Шүүхийн төсвийг харж байхад л тодорхой зардлуудаа танаад цалингаа нэмэх өчнөөн боломж байгаа байхгүй юу. Тэр боломжийг хармаар юм шиг. Тэгэхгүй бол нийтээрээ нэг тааруухан цалинтай, түүнээсээ болоод ажилдаа дуртай биш, хажуугаар нь заавал давхар ажилтай, сэтгэл санаа нь хоёрдчихсон, ажлын бүтээмж байхгүй. Төрийн алба бүхэлдээ л тийм байна шүү дээ. Тэр хүмүүсийн сэтгэл хангалуун байх хэмжээний цалинг нь өгөх хэрэгтэй. Хэдийгээр одоо эдийн засаг хямралтай байна гэж ярьж байгаа боловч манай төсөв чинь их том төсөвтэй шүү дээ. 2008 онтой харьцуулахад эдийн засаг гурав дахин том болчихсон байна гэж ярьж байна. Тэгэхэд цалин гурав дахин өсөөгүй л байхгүй юу.

Жишээ нь шүүгчийн цалин өмнө нь 800 мянга орчим байсан, дээр нь баахан нэмэгдлүүд байсан. Төрийн албаны нэмэгдэл, онцгой нөхцлийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл гээд баахан нэмэгдлүүд байсан. Ингээд Дээд шүүхийн шүүгчийн цалин гэхэд хоёр саяд орчим, бусад нь тэрнээс доошоо байсан. Одоо шүүгчийн цалинг төрийн албаны зэрэглэлээр аваад үзвэл Ерөнхийлөгчийн цалинтай дүйж байгаа, бага зэрэг илүү ч байж магадгүй. Шүүгчийн цалинг ингээд ил тод зарлачихаар л өндөр юм шиг харагдаад байгаа болохоос биш манайд энэ хэмжээний цалинтай маш олон төрийн өндөр албан тушаалтан байгаа. Зэрэг дэвийн нэмэгдэл гэхэд 35 хувь хүртэл, төрийн албанд ажилласан жил гээд 20-30 хувь, АТГ-ын ажилтнууд онцгой байдлын нэмэгдэл 40 хувиа тооцох юм бол бараг шүүгчийн цалинтай дүйж очихоор байгаа шүү. Харахад бага юм шиг хэрнээ нэмэгдлээ тооцохоор өсөөд явчихдаг. Шүүгчийн цалинд одоо тийм нэмэгдэл байхгүй, зөвхөн шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэл л байгаа.

-Ядахдаа УИХ-ын гишүүд үүнийг мэдэхгүй биш, мэдэж л байгаа. Тэгсэн хэрнээ яагаад ингэж шүүгчийн цалингаар улс төр хийгээд байгаа юм бол?

-Шүүгчийг бас цалингийн хувьд ядахдаа хараат бус байлгах сонирхолтой хүмүүс байж л байгаа шүү дээ.

-Наад зах нь үгэнд нь орохоо байчихаж байгаа байх л даа, тийм үү?

-Тийм байж шударга ёс тогтоно. Шударга ёс тогтож байж хууль хэрэгждэг болно. Хууль хэрэгждэг газар эдийн засаг хөгжинө. Авлигыг буууруулсан хамгийн сонгодог жишээ гэхээр Сингапурыг ярьдаг. Сингапур улс ердөө шүүгчдийнхээ цалинг л нэмсэн байхгүй юу. Шүүгчид нь эдийн засгийн хувьд хараат бус болчихонгуут авлигатай холбоотой хуулиуд нь хэрэгжээд эхэлсэн. Шүүхийн систем бусад юмаа чирж явдаг. Шүүх нь хараат бус ажиллаад, хэрэг маргаанаа зөв шийдээд эхэлбэл тэрийгээ дагаад бүх салбар нь урагшилна шүү дээ. Авлигатай тэмцэх ажил үр дүнтэй болно, албан тушаалын гэмт хэргүүд багасаад ирнэ. Нэг улс төрийн нам гарч ирээд баахан төрийн албан хаагчдыг хөдөлгөдөг барьдаг бүх юм чинь хуулиндаа ороод ирнэ. Өнөөдрийн байгаа хуулиуд тийм муу хууль биш, гол нь хууль хэрэгжихгүй байгаад учир байна.

Б.СЭМҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж