“3-4 триллон төгрөгийн зээл нэмж авах нөхцөл үүснэ”
МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Өрийн удирдлагын тухай хууль болон Цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцэж бүлгийн байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тус бүлэг Өрийн удирдлагын тухай хуулийг сайн судалж байж батлах ёстой гэж үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Хаянхярваа “Монгол Улсын өрийн хэмжээг тус хуультай холбож үзэж байгаа. Тиймээс уг хуулийг хэлэлцэхдээ хөнгөн хуудамгай хандаж болохгүй. Эдийн засагт чухал нөлөө үзүүлэх хууль учраас нэлээн нухацтай судалж, ажлын хэсгүүд санал дүгнэлтээ зөв гаргах ёстой гэж үзсэн. Тэгэхээр уг хуулийг богино хугацаанд яарч батлах хэрэггүй гэдэг зарчмын саналд нэгдсэн. МАН-ын бүлэг уг хуулийн төслийг ирэх лхагва гариг хүртэл илүү сайн судалж, ажлын хэсгийн дүгнэлтийг сонсохоор шийдсэн” гэлээ. Өрийн удирдлагын хууль батлагдсанаар Засгийн газар 3-4 триллон төгрөгийн зээл нэмж авах боломж бүрдэх аж. Харин өрийг хэрхэн, яаж барагдуулах нь тодорхойгүй байгаа учраас уг асуудлыг дахин сайн ярилцаж, зөв шийдвэр гаргах ёстой гэж тус бүлэг үзжээ.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын нэр бүхий гишүүдийн санаачилсан Цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзжээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Сүүлийн хоёр жилд цалин болон тэтгэврийн зээл авсан хүмүүсийн тоо 40 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал 190 мянган ахмад настан тэтгэврийн зээл, 260 мянган залуус цалингийн зээл авчээ. Чингис бонд, Нийгмийн даатгалын сан болон Эрсдлийн сангийн үлдэгдлүүдийг арилжааны банкуудад бага хүүтэйгээр байршуулдаг. Төрийн мөнгийг бага хүүтэйгээр байршуулж байгаа мөртлөө эргүүлээд иргэдэд өндөр хүүтэйгээр зээлж байгаа. Жишээ нь Нийгмийн даатгалын сангийн 600 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Энэ мөнгөнүүд үхмэл байдалтай байгаа. Тиймээс уг мөнгийг гэрээнд өөрчлөлт оруулах замаар цалин болон тэтгэврийн зээлийн хүү рүү шилжүүлж асуудлыг шийдэх боломж байгаа юм” гэлээ.
С.ОТГОН