АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс “АНУ болон Хятад улс аль аль нь маш хатуу байр суурьтай байгаа. Бид одоогийн байдлаар 250 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулаад байгаа. Шаардлага гарвал энэ тоо хоёр дахин өсөх болно. Бид Хятадын талын хариу үйлдлийг хүлээж байна. АНУ-тай хүйтэн дайн хийхгүйн тулд Хятад улс байр сууриа өөрчлөх хэрэгтэй” хэмээн Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрбээр Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадтай харилцаагаа сайжруулахад бэлэн байгааг мэдэгдээд “Гэхдээ Бээжин бодлогоо өөрчлөх нь чухал. Хятад улс батлан хамгаалах болон эдийн засгийн салбарт бодлогоо өөрчлөх хэрэгтэй байна” гэв. Түүнчлэн хоёр улсын харилцаа Аргентинд зохион байгуулагдах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болох Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас ихээхэн хамаарахыг анхааруулав.
Эх сурвалж: Washingtonpost