Зургийг ойроос харвал зургаан сая еврейн аминд хүрсэн Адольф Гитлер, бяцхан еврей охины хамт зогсож байгаа юм. Энэ зургийг 1933 он буюу Гитлер Германы фюрер болон сонгуульд ид өрсөлдөн, кампанит ажлаа явуулж байсан үе ажээ. Суртал ухаалга хийх үүднээс хүүхдүүдтэй зургаа авхуулах нь элбэг байв. Гэвч үүнээс зургаан жилийн дараа хүн төрөлхтний хамгийн хөнөөлт дайнуудын нэг, олон сая еврейчүүд амиа алдсан дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн.
А.Гитлерийн гарын үсэг бүхий, алдарт зурагчин Хайнрих Хоффманы авсан энэхүү зураг маргааш /2018.11.14/ АНУ-д дуудлага худалдаагаар зарагдах бөгөөд үнэлгээ нь 10,000 ам.доллароос эхлэх ажээ.
А.Гитлерийн “хонгорхон”
А.Гитлер өөртэй нь зургаа даруулсан хүүхдүүдийн нэг нь өөртэй нь ижил өдөр төрсөн гэдгийг мэдээд, түүнийг төрсөн өдрийнхөө баярт урьжээ. Тэр өдөр Адольф Хитлер 44, бяцхан охин долоон нас хүрч байсан юм.
Намынхан нь тун ч өргөн дэлгэр тэмдэглэж байсан А.Гитлерийн төрсөн өдөрт бяцхан охин Роза Ниенау ээжийнхээ хамт уригдан иржээ. Ээжийг нь харсан нацистууд түүнийг еврей гэдгийг нь мэдсэн ч бяцхан зочноо найрсгаар угтан авсан юм. Өмнө нь ганцхан удаа уулзаж байсан ч тэд хэдийн дотноссон байсан бөгөөд Роза охин А.Гитлерийг “авга ах Адольф”, харин А.Гитлер “хонгорхон минь” хэмээн Розаг дуудаж байлаа.
Өөрсдийн авхуулсан зурагныхаа ард А.Гитлер гарын үсгээ зурж, “Хонгорхон Роза Ниенауд Адольф Гитлерээс дурсгав” гэж бичээд бяцхан еврей найздаа төрсөн өдрийн бэлэг болгон бэлэглэжээ.
Энэ үйл явдлаас хойш охины ээж тэмдэглэлт өдрүүдээр А.Гитлерт зориулан баярын захидал илгээдэг байлаа. Харин 1938 онд А.Гитлерийн нарийн бичиг Мартин Борманн тэднийг харилцаагаа таслахыг шаардсан юм.
Тус зургийг дарсан Хайнрих Хоффман 1955 онд А.Гитлерийн тухай өгүүлсэн номондоо тэдний тухай өөр хэд хэдэн зургийг дэлгэсэн байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, зургаан сая еврей хүн нас барахад Роза охин ч бас амьд үлдээгүй юм. Роза охин Фюрертэй уулзаж, зургаа авхуулснаас яг арван жилийн дараа 17 насандаа Мюнхений эмнэлэгт нас барсан ажээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ