Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр /2018.11.14/ хуралдаж эхэллээ. Энэ удаагийн хурлаар НИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хурлыг товлон зарлаж магадгүй байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өчигдөр хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэрийг гаргасан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад хариуцлага тооцох тухай бичигт гарын үсэг зураад байгаа юм. НИТХ-ын өмнөх хурлаар Нийслэлийн Засаг даргын энэ онд хийсэн ажлын биелэлттэй танилцсан бөгөөд төлөөлөгчид 100 хувийн саналаар "хангалттай" гэж үнэлсэн. Харин "хангалттай" гэж ажлыг нь дүгнэсэн НИТХ С.Батболдыг огцруулах шийдвэр гаргах уу, үгүй юу гэдэг нь олны анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл уг асуудлыг хэдийд хэлэлцэх талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан “НИТХ-д тус асуудлаар албан бичиг ирсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ. Бид Тэргүүлэгчдийн хурлаараа эхлээд хэлэлцэх юм. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Үндсэн чиглэлийн явц 80 хувьтай явж байна гэж НИТХ үзсэн. Гэхдээ намын дээд удирдлага, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэж, албан бичиг илгээсэн гэж харж байгаа. Тийм учраас бид холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн мэдээлэл өглөө.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ