Булчинтай болохын тулд заавал уураг уух хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Булчинтай болохын тулд заавал уураг уух хэрэггүй

Булчинтай болохын тулд заавал уураг уух хэрэггүй

“Эрүүл монгол эрэгтэйн эрэлд” цуврал эрчүүдийг үргүйдэлд хүргэж байгаа хүчин зүйлсийн нэг уураг хэмээх бүтээгдэхүүний талаар хөндөж байна. Эрүүл чийрэг байхын тулд фитнессээр хичээллэх нь зөв ч том булчинтай болохын тулд уураг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь эрчүүдийг үргүйдэл болон даралт ихдэх, зүрхний өвчинтэй болгох зэрэг балгаар төгсдөг байна. Нэгэнт хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд зарим хүн бүтэн жил эмчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрэхгүй, зүрх нь дэлсч, дотор нь давчидсан хэвээр байгаа ажээ.

ЭМ УУСАН Ч ЗҮРХ НЬ ДЭЛСЧ, ДОТОР НЬ ДАВЧДААД БАЙГАА ЗУРГААН ТОХИОЛДОЛ БАЙНА

Энэ талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоогоос тодрууллаа.

-Уураг хэрэглээд сөрөг нөлөө үзүүлсний улмаас танайд хандсан хэчнээн хүн байна вэ?

-Монголчууд аливаа зүйлд хэт шуурах юм. Энэ хандлагаасаа болоод нөгөө зүйлдээ хордож байна. Үүний нэг нь уураг, судас тэлэгч бүтээгдэхүүн. Тухайлбал, уураг уугаад элэгний эс нь задраад, ялтас эс, цагаан эс нь унаад хагас жил гаруй хугацаанд манайд эмчилгээ хийлгэсэн тохиолдол бий. Энэ он гарсаар зүрх нь дэлсч, дотор нь давчдаад, нүүр нь чинэрч, толгой нь маш ихээр өвдөж, даралт нь 170-200 хүрээд эм уусан ч буурахгүй байгаа зургаан тохиолдол манайд бүртгэгдээд байна. Тэднээс өвчний шалтгааныг лавлахад ураг, судас тэлэгч бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байсан. Өөрөөр хэлбэл, эдгээр залуус бүгд фитнессээр хичээллэж, уураг уудаг байсан. Эдгээр залуусын бага нь 25 настай. Манайд хандсанаар даралт, зүрх судасны чиглэлийн эмчилгээ хийлгээд жил орчим болж байгаа ч одоог болтол даралт нь буурахгүй байна.

-Фитнессийн газрууд үйлчлүүлж байгаа хүмүүстээ илүү үр дүнд хүрэхийг хүсвэл уураг хэрэглэхийг зөвлөдөг. Тиймээс уургийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

-Хүний биед байх ёстой эрдэс бодис кальци, магни, уураг зэрэг нь тодорхой стандарттай байдаг. Энэ хэмжээ стандартаас ихсэх, багасах тохиолдолд өвчин болно.  Тиймээс шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээгээр эдгээр зүйлс хэвийн байвал нэмэлт зүйл хэрэглэх шаардлагагүй.

-Эрчүүд байгаагаасаа илүү том булчинтай болохын тулд уураг, судас тэлэгч бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ямар тохиолдолд тэдний хүсэл сөрөг нөлөөгүйгээр биелэх боломжтой вэ?

-Тодорхой давтамжтай дасгал хийснээр булчин томорно. Уураг булчингийн үйл ажиллагаанд нөлөөлдөг ч хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөөтэй. Хоёрт, фитнессээр хичээллэлээ гэхэд уураг хэрэглэх төвшинд булчинг хөгжүүлэх шаардлагатай эсэхийг бодолцох хэрэгтэй. Эрүүл байхын тулд хөдөлгөөн хийе гэвэл өдөрт 30 минут идэвхтэй хөдлөхөд л хангалттай. Тасралтгүй хөдөлгөөнд ууланд авирах, гүйх, дугуй унах зэрэг багтаж болно. Ингэснээр биед илүү байгаа нүүрс ус, өөх тосыг задалж, алга болгоно. Мөн стресс тайлах, жин нэмэхгүй байх, хоолны шингэц сайжруулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зэрэг ач холбогдолтой.

-Гэхдээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, фитнессээр хичээллэхээр биед байгаа уураг алдагддаг талтай. Үүнийг хэрхэн зөвөөр нөхөх вэ?

-Өндөг нь байгаль дээрх хамгийн уураг өндөртэй бүтээгдэхүүн. Тиймээс өглөөд нэг ширхэг өндөг, оройд махан хоол идчихдэг, хааяа өөхтэй мах огтолчихдог байхад уураг дутагдахгүй. Харин нэмэлтээр хэрэглээд байгаа уураг нь 20-30 төрөл зүйлийн найрлагатай байдаг юм билээ. Хэвийн байгаа цусанд ийм хэмжээний нэмэлт бүтээгдэхүүн орсноор хөдөлгөөнөөр задлах шаардлагатай болдог. Энгийн хүн өдөр бүр тийм хэмжээний хөдөлгөөн хийх боломжгүй шүү дээ. Тиймээс мэргэжлийн байгууллагууд эдгээр бүтээгдэхүүнд хяналт тавих шаардлагатай байна.

УУРАГТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ МАНАЙД ИРЭЭГҮЙ

Мэргэжлийн байгууллага үүнд ямар хяналт тавьдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос тодрууллаа. Тэрбээр “Фитнесс төвүүдэд хэрэглэж байгаа уураг, уураг төст бүтээгдэхүүн нь Монгол Улсын биологийн идэвхт бүтээгдэхүүн гэсэн ангилалд бүртгэгддэг. Үүнд бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага уургийг импортлох эрхтэй.  Мэргэжлийн хяналтын зүгээс уургийг хилээр орж ирэхэд шалгалт хийдэг. Харин хэрэглээний төвшинд шалгалт хийгээгүй. Учир нь, уурагтай холбоотой гомдол манайд ирээгүй. Манайх эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хийдэг байгууллага. Гэхдээ ирэх жилээс биологийн идэвхт бүтээгдэхүүн рүү чиглэсэн шалгалт хийхээр төлөвлөөд байна” гэсэн юм.

Хүнсний биологийн идэвхт бүтээгдэхүүний 20 орчим хувийг уураг эзэлдэг бөгөөд ОХУ, Герман, АНУ-аас импортолдог байна.

БИЕД ШААРДЛАГАТАЙ УУРГАА ХООЛ ХҮНСЭЭРЭЭ АВЧИХДАГ ХҮН УУРАГ ХЭРЭГЛЭХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ  

Фитнессээр хичээллэж байгаа л бол заавал уураг хэрэглэх шаардлагатай эсэх талаар “Golden Jym” фитнесс клубийн багш М.Баатараас тодрууллаа.

-Фитнессээр хичээллэж байгаа л бол уураг хэрэглэх шаардлагатай юу?

-Эрүүл, урт удаан амьдаръя гэвэл фитнессээр хичээллэх шаардлагатай. Долоо хоногт 3-4 удаа хичээллэхэд хангалттай.  Фитнесст явж байгаа хүн бүр уураг хэрэглэх шаардлагагүй. Хүн өдөрт авах ёстой уураг гэж бий. Мөн тухайн хүний уураг задлах чадамж гэж бий. Үүнээс шалтгаалаад хоол хүнснээсээ уургийн хэдэн хувийг нь авах боломжтой зэргийг тооцоолдог. Хоол хүнсээрээ биед шаардлагатай байгаа уургаа авчихдаг бол нэмэлт уураг хэрэглэх ямар ч шаардлагагүй.

-Ямар хүн уургийг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай вэ?

-Уургийн төрлийн бэлдмэлийг тамирчин хүн өөрийн биеийн жинд тохируулан хэрэглэдэг. Тухайлбал, 90 кг жинтэй тамирчин өөрийн биеийн жинг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц уураг авах шаардлагатай болдог. Ингээд тооцвол өдөрт нэг кг үхрийн мах идэх шаардлагатай гэсэн үг. Мөн нүүрс ус нөхөх  ногоо, жимс идэх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, маш их хэмжээний хоол идэх шаардлагатай болдог. Тиймээс энэ хэмжээг хөнгөвчлөхийн тулд уураг хэрэглэдэг юм.

-Уургийг зөв хэрэглээгүйгээс үүдэн зүрх нь өвдөж, даралт нь ихсэн эмнэлэгт хандаж байгаа хүн олон байна. Зайлшгүй нэмэлтээр уураг хэрэглэх шаардлагатай хүн хэрхэн зөв хэрэглэх вэ?

-Даралт ихэсч, зүрхний хэмнэл алдагдаж байгаа нь уургийг судас тэлэгч бүтээгдэхүүн, өөх тэлэгч бүтээгдэхүүнтэй хэрэглэсэнтэй холбоотой байж болно. Судас тэлэгч бүтээгдэхүүн нь бэлтгэлийг маш өндөр ачаалалтайгаар хийдэг хүнд зориулагдсан байдаг юм. Гэтэл дөнгөж 60 кг өргөдөг хүн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй. Ингэснээр зүрхний хэмнэл түргэсэж үүнээс үүдэн даралт ихсэх, зүрх өвдөх зэрэг асуудал маш их гардаг. Энэ нь багшийн зааврын дагуу хэрэглээгүйтэй холбоотой.

Тухайлбал, 70 кг жинтэй хүн 60 кг-ийг 12-оор дөрвөн удаа шахдаг байлаа гэж үзье. Энэ нь зөвхөн аэробикийн хөдөлгөөн хийхтэй адил. Аэробикийн дасгал хөдөлгөөн нь зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цусны эргэлтийг сайжруулдаг. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний дасгал хийх нь зүрхэнд ачаалал өгөх хэмжээний дасгал хийхгүй байна гэсэн үг. Харин 100 кг жинтэй хүн 200 кг-ыг өргөхийн тулд төвлөрөл, цусны эргэлтээ сайжруулах шаардлагатай. Энэ хүн судас тэлэгч бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь зохимжтой.

-Фитнессээр хичээллэж байгаа хүн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр уургаа яаж нөхөх вэ?

-Гэнэт дасгал хөдөлгөөн хийснээр булчин нэг ёсондоо гэмтдэг. Энэ гэмтлийг хоол хүнсээр нөхөөгүйгээс болоод уургаа алддаг. Өөрөөр хэлбэл, шаардлагатай байгаа уургийг нь өгөхгүй л бол тухайн булчин өөрийгөө сэргээх чадалгүй болно гэсэн үг. Тухайлбал, 60 кг жинтэй эмэгтэй фитнессээр хичээллэвэл, тухайн эмэгтэй өөрийн биеийн жинг 1.5-аар үржүүлсэнтэй тэнцэхүйц уургийг өдөрт хоолноосоо авах шаардлагатай. Энэ уургийг дан үхрийн махаар тооцвол өдөрт 250 грамм үхрийн мах идэх шаардлага тулгарч байна. Хоолонд муу бол 100 граммм үхрийн мах, таван ширхэг өндөгний цагаан идсэнээр уургаа нөхнө. Ингэснээр уургаа хангалттай нөхөж, уургийн алдагдалд орохгүй. Мөн таргалахгүй. Хүн бүрийн жин, өндөр, өөр байдаг тул багшийн заавраар хэрхэн хооллох, өдөрт хэр хэмжээний дасгал хөдөлгөөн хийх зэргийг тооцно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж