Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх машинтай жагсаал зохион байгуулж байгаа иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан иргэд автомашинтай жагсаал зохион байгуулж байгаа юм. Тэд шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн нэгжүүд төр, засагт шахалт үзүүлж мөнгө авдаг, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг зэргийг уулзалтын үеэр хөндлөө.
Үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд хүнд тусч байгаа гэдэгтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал нэг байгаагаа илэрхийлэв. Шатахууны үнийг Засгийн газар хатуу тогтоож барих боломжгүй, харин Онцгой албан татварыг тэглэх зэргээр тодорхой зохицуулалт хийж байгааг хэлэв. Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрээ аль болох богино хугацаанд ашиглалтад оруулж хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах нь хамгийн чухал гэж гэдгээ хэллээ.
Шатахуун түгээх газрууд дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг зэргийг тухай бүр нь шалгаж, хариуцлага тооцдог байхыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болголоо. “Төрийн хяналтын байгууллагаас гадна иргэдийн хяналт чухал. Иймээс шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллая” гэлээ.
Сүүлийн хэд хоног Төрийн ордон тойрч эсэргүүцлээ илэрхийлсэн автомашинтай жагсагчид өнөөдрөөс жагсаалаа зогсоож байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор мэдэгдлээ. Мөн иргэд шатахууны болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гэхээсээ илүү нийгэмд шударга ёс үгүйлэгдэж байгаад бухимдаж байгааг уламжлав. Шударга ёс тогтоохын төлөө зүтгэж байгаа Ерөнхий сайдыг автомашинтай жагсаалд оролцсон иргэдийн ард байгаа 20 гаруй мянган хүн дэмжинэ гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ