УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй болгох хуулийн төсөл санаачлахаа мэдэгдлээ. Овсгоотой байна, О.Баасанхүү гишүүн.
Жилийн найман хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийн хүүг гурван хувь болговол иргэн бүр л баярлана. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй олгож болоод байхад агаарын бохирдлыг бууруулах, хүн амаа орон сууцжуулах бодлогын хүрээнд энэ саналыг УИХ-ын гишүүд гар өргөн дэмжих ёстой.
Хэрэв МАН ард түмнээ, улс орны эрх ашгийг боддог л юм бол санаачлагч нь хэн байхаас үл шалтгаалж, хуулийн төслийг батлахад нь бодлогын дэмжлэг үзүүлж, Засгийн газар хэрэгжилтэд анхаарч, үр дүнд хүргэвэл алдагдсан нэр хүндийг суга л өсгөнө.
УИХ-д ажиллана гэдэг нийтлэг ард түмний эрх ашгийг хангахад л оршдог.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд гадаадын зээл тусламжаас эхлээд улсын төсвөөс нийт 2 их наяд төгрөгтэй дүйх хэмжээний зарцуулалт хийсэн тухай өнгөрсөн хугацаанд хангалттай шуугилаа. Үр дүн нь байдаггүй. Хэрэв энэ мөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгоход зарцуулж, хүүг нь бууруулахад дэмжлэг үзүүлсэн бол нийслэлийн гэр хорооллоос өнөөдөр яндангийн тоо хэдэн арваараа л буурах бололцоо байв.
Ипотекийн зээлийн хүү жилийн найман хувь гэдэг ч үндсэн төлбөрөөс нь хасагддаггүй, зөвхөн хүү төлсөөр яваад авсан зээлээ зээлдэгч бараг хоёр дахин нугалж төлдөг. Ийм хатуу нөхцөлтэй зээлд орлого багатай өрхүүд хамрагдах боломж хомс. Иймээс О.Баасанхүү гишүүн ээ, ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох хуулийн төслөө яаралтай боловсруулж, УИХ-д өргөн мэдүүл. Иргэдээс эхлээд барилгын салбарынхан дэмжинэ.
Эл төслийг УИХ-аас баталсан нөхцөлд зөвхөн Улаанбаатар хотоор тогтохгүй утаандаа дарагдаж эхэлсэн 21 аймгийн иргэдийг орон сууцжуулахад ч том эргэлт болно.
МАН-ын гишүүд уг нь Засгийн газраа унагаана, УИХ-аа тараана гэж дэлцгээхийн оронд анхлан санаачлага гаргаад ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох зорилт тавьчихсан бол өдийд мандаж байхгүй юу. Ийм санаачлага гаргасан УИХ-ын гишүүн, Засгийн газрыг ард түмэн цээжээрээ хамгаална. Гэхдээ одоо яалтай билээ, оройтсон хойно. Энэнтэй дүйх хэмжээний ард иргэдэд хэрэгтэй ямар төсөл санаачилж болох вэ гэдгээ одооноос бодож, сэтгэх цаг иржээ. Уг нь ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох санаачлага л МАН-ын ганц “шаанс” байсан юмдаа, сэтгэхгүй явсаар О.Баасанхүү гишүүн санаачлах боллоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ