Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн Фүкүкока хотод болж байна. Өчигдрийн барилдаанд Кисэносато аварга Хокүтофүжид ялагдан гурав дахь ялагдлаа авлаа. Тэрбээр эхний гурван өдрийн барилдаанд ялагдсан нь анхаарал татаж эхэллээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Анандыг эзгүйд түүнийг энэ башёд түрүүлэх боломжтой гэж харж байсан хүн олон.
Өндөр цолтой бөхчүүдээс озэки /арслан/ Такаясү гурван даваатай болсон бол Гүржийн бөх Точиноншин хоёр, Гоэйдо нэг даваатай башёг үргэлжлүүлж байна.
Манай бөхчүүдээс өчигдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил Ичиножёо А.Ичинноровоор хоёр дахь даваагаа авсан бол Чиёошёома Г.Мөнхсайхан эхний ялагдлаа авлаа. Харин Такаинова А.Баасандорж эхний даваагаа авсан бол Араваши Э.Дөлгөөн гурван өдрийн барилдаанаас нэг ч даваа авсангүй.
Фүкүкока хотод болж буй Кюүшюү башё өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана.