Калифорнийн түймэр Холливүүдийн оддыг ч тойрсонгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Калифорнийн түймэр Холливүүдийн оддыг ч тойрсонгүй

Калифорнийн түймэр Холливүүдийн оддыг ч тойрсонгүй

Калифорнийн түймэр Парадайс хотыг залгисны дараа Лос Анжелесийг ч аюулд оруулж байна

– Ерөнхийлөгч Дональд Трамп түймрийн шалтгааныг буруу ойлгон, мужийн удирдлагуудыг загнажээ

– Малибуд амьдардаг олон алдартнууд гэрээ орхин нүүхээс өөр аргагүйд хүрчээ

Калифорни мужид жил бүр шахам их, бага хэмжээгээр түймэр гардаг боловч энэ удаагийн түймэр хамгийн их хор хохиролтой, олон хүний амийг авч одсон нь болж байна. Өчигдрийн байдлаар /2018.11.13/ амиа алдсан хүний тоо 44 хүрээд байгаа юм. Хуурайшилт болон салхи ихтэй байгаагийн улмаас түймэр улам газар авч байгаа бөгөөд шөнийн цагаар, хүйтэн болоход галын эрч улам нэмэгдэж, урьдчилан таамаглаагүй газруудыг шатаах болжээ.

Түймрийн улмаас Калифорни мужийн 27000 хүн ам амьдардаг байсан Парадайс хот тэр чигтээ шатаж, үнсэн товрог болж, олон хүн амиа алдан, зарим нь сураггүй болж, хотын байшин барилга тэр чигтээ сүйдсэн байна. Түймрээс амьд гарсан нэгэн эмэгтэй, “Машиныг минь гал тойрон бүчиж, шатаж эхлэхэд би өөрийгөө ингээд үхлээ л гэж бодсон. Тэр үед би аврал эрэн хашхирснаар аврах албаныхан намайг машин дотроос минь гаргасан юм. Үхэх гэж байгаагаа мэдсэн бол ямар ч тохиолдолд тэмцэж байгаад л дуусах хэрэгтэй” хэмээн ярилцлага өгчээ.

Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс твиттер хуудсаараа дамжуулан жил бүр гардаг ойн түймэрээс  урьдчилан сэргийлж чадахгүй байгаа мужийн удирдлагуудыг буруутган, улсын төсвөөс мужид өгдөг санхүүжилтийг нь зогсооно хэмээн хатуу анхааруулж байжээ. Түүний хэлснээр мужийн удирдлагууд ойн менежментийн асуудалд хойрго хандсан байна. Харин хэрэг дээрээ Калифорнийн түймэр нь ойн түймэр биш, харин хот суурин газарт эхэлж, хүн амын нягтаршил багатай бүсүүд рүү тарсан ажээ. Түүнчлэн Калифорни мужийн захиргааны зүгээс ой хээрийн түймрээс сэргийлэх ажилд өнгөрсөн жил 256 сая ам.долларыг зарцуулсан байна. Харин өчигдрийн байдлаар Трамп мужийн захирагчийн илгээсэн гамшгийн туслалцааны нэхэмжлэлийг баталж, холбооны нөөцөөс мөнгө гаргаж өгөхөөр болжээ.

Түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Кэмп болон Вүүлсигийн голомттой ойролцоо хоёр компаниас түймэр гарахаас өмнөхөн  цахилгааны шугам тасарсан тухай дуудлага өгсөн байжээ. Түүнээс 15 минутын дараа гал гарч, түймэр дэгдэж эхэлсэн байна. Калифорнийн өмнөд хэсэгт өнгөрсөн Пүрэв гаригт /2018.11.08/ түймэр гарч эхэлсэн бөгөөд шалтгаан нь мөн цахилгааны шугам дэлбэрсэнтэй холбоотой байж магадгүй байгаа юм.

Сураггүй алга болсон хүмүүсийг хайж байна

 Калифорни муж даяар нийт 100 хүнийг эрэн сурвалжилж байна. Албаныхан тэднийг хаа нэгтээ эсэн мэнд байгаа хэмээн найдаж байгаа боловч түймрийн тархалт улам нэмэгдэж байгаа нь санаа зовоож байгаа юм. Тухайлбал, Парадайс хотын нурангаас 42 хүнийг олж эмнэлэгт хүргэсэн боловч зарим нь хэдийн нас барсан байжээ. Эрин сурвалжлах ажилд 13 баг бүхий 150 аврах албаныхан, нохой, цогцос хариуцан янзлах хүмүүс болон ген шалгах багаж төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

Хор хохирол

Оршин суугчдын хэлж байгаагаар өмнө нь ийм олон голомттой, өргөн газар нутгийг хамарч буй түймэр гарч байгаагүй. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн тус түймэр нь нийт таван голомттой байсан бөгөөд өнөөдрийн байдлаар хоёрыг нь амжилттай унтраагаад байгаа юм. Гэсэн ч шатаж, сүйдсэн газруудыг цэвэрлэж, нөхөн сэргээхийн тулд маш их хэмжээний хүн хүч, хөрөнгө мөнгө хэрэг болох нь тодорхой юм. Асаж байгаа гурван түймрийн голомтод учирсан хохирлыг харуулбал:

Кэмп голомтын түймэр – 52,000 хүнийг нүүлгэн шилжүүлснээс 1385-ийг нь хоргодох байранд байрлуулж байгаа. Калифорнийн хойд хэсэгт гарсан тус түймрийн голомт нь нийт 48,000 га газрыг хамарч, 6543 айлын байшин нийт 7000 гаруй байшин, барилгыг шатаасан.

Вүүлсигийн түймэр – Калифорнийн баруун өмнөд хэсэг, далайн эргийн ойролцоох тус голомт нь 38,000 га газрыг хамарч, 57000 барилга, объектийг аюулд оруулаад байгаагаас нийт 435 барилга нь шатсан. Мөн хоёр хүн түймрийн улмаас амь насаа алдсан байна. Өчигдрийн байдлаар тус хоёр түймрийн 30 гаруй хувийг нь унтраагаад байгаа юм.

Хилл Файр түймэр– 1800 га газрыг хамарсан бөгөөд өнгөрсөн шөнийн байдлаар 85 хувийг нь унтраагаад байна.

Калифорни мужид нийт 300,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний ихэнх нь Лос Анжелесийн бүсийн иргэд байсан юм. Лос Анжелес болон Малибу хотоос нүүн шилжүүлэгдсэн иргэдийн дунд Холливудын алдартнууд ч байжээ.

Түймэр алдартнуудыг ч тойрсонгүй

Жүжигчин Жерард Батлер

Жүжигчин Жерард Батлерын байшин уг түймэрт шатсан бөгөөд алдартан энэхүү зургийг инстаграм хуудсандаа нийтэлсэн байна. Мөн Жерард Батлер түймэртэй тэмцэж байгаа гал сөнөөгчдөөрөө бахархаж байгаагаа хэлээд түймэрт нэрвэгдсэн хүмүүст тусламжийн гараа сунгахыг нийт америкчуудад уриалсан юм.

“The Bachelor” олон ангит киноны зураг авалтын газар

Америкийн телевизийн олон ангит “The Bachelor” киноны зураг авалт хийдэг байсан байшин шатсан тухай Космополитан цахим хуудаснаа мэдээлжээ. Азаар гал гарах үед зураг авалтын багийнхан гадаадад ажиллаж байсан тул аюулд өртөөгүй байна.

Кэйтлин Женнер

Олимпийн алтан медалт хөнгөн атлетикийн тамирчин, хүйсээ эмэгтэй болгон солиулсан гэдгээрээ алдаршсан Кэйлин Женнерийн Малибу дахь байшин түймэрт өртжээ.

Клои Кардашиан

Ким Кардашианы дүү Клои өөрийн охин Трүүгийн хамт нүүн шилжихээс өөр аргагүйд хүрч, дүү Роб Кардашианыхаа гэрт очжээ.

Ким Кардашиан болон Кане Вестийн гэр

Тэдний гэрийг ч бас аймшигт түймэр тойроогүй бөгөөд аюулын харанга дэлдэн, гэр рүү нь гал ойртох үед тэдэнд эд зүйлсээ баглах гуравхан цагийн хугацаа л байсан гэнэ.

Лэди Гага

Дуучин Лэди Гага Малибу дахь эдлэн газраасаа өнгөрсөн баасан гаригт /2018.11.09/ нүүхээс аргагүй болсон байна.

Орландо Блүүм

Бөгжний эзэн, Хоббит киноныхоо дүрээр алдартай жүжигчин Орландо Блүүм Малибу дахь байшингаа түймрийн улмаас орхин нүүжээ.

Дуучин Майли Сайрус

Түүний байшин нь юу ч үгүй шатсан тухай өөрийн инстаграм хуудаснаа нийтэлжээ. Азаар Майли Сайрус өөрөө болон тэжээвэр амьтад нь эсэн мэнд гарсан байна.

Мөн эдгээр алдартнуудын жагсаалт нь Белла болон Жижи Хадид нарын төрж өссөн гэр, Куртни Кардашиан, Кайли болон Кендалл Женнер, Жессика Симпсоны байшин гэхчлэн үргэлжилж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж