Приморийн хязгаарын 25 цагаан халимыг гадаад руу гаргахыг ОХУ-ын Байгаль орчны яам зөвшөөрсөнгүй.
Байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Экологическая вахта Сахалина" ТББ өмнө нь цагаан халимны 25 зулзагыг Приморийн хязгаарын Средняя боомтод хууль бусаар хорьж байгаа талаар мэдээлсэн юм. Халимнуудыг шорон шиг төмөр сараалжин дотор хорьж, улмаар гадаад улс руу зарах гэж байгаа гэж байгаль хамгаалагчид мэдээлсэн.
Уг мэдээллийн дагуу Байгаль орчны яамны Хяналтын алба шалгалт хийсэн бөгөөд уг халимуудыг экспортлох хүсэлтэд татгалзсан байна.
Сургалтын болон энтертайнмэнт чиглэлээр далайн амьтдыг экспортлох хуулийн заалт байдаг ч Байгаль орчны яам эдгээр халимыг экспортлохыг зөвшөөрсөнгүй.
Владивостокийн Байгаль орчны хяналтын газар Средняя боомтод мөн шалгалт хийсэн бөгөөд тэнд хэдэн арван цагаан халимаас гадна 11 алаг далайн гахай байжээ. Хууль хяналтын албаныхан далайн амьтдыг хууль бусаар барьсан хэргийг шалгаж эхэлсэн байна.
Оросын Greenpeace байгууллага өмнө 13 алаг далайн гахайг Хятад руу зарах гэж байгаа тухай РИА Новости-д мэдээлж байсан юм. Тус байгууллагын нотолж байгаагаар сүүлийн таван жилийн дотор 15 алаг далайн гахайг Хятад руу борлуулжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ