Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ, ГХЯ, ШУА-ийн Түүх ареологийн хүрээлэн хамтран “Монгол Улсын Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж-150” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга, Ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах комиссын дарга Г.Занданшатар мэндчилгээ илгээж хурлын ажилд амжилт хүслээ. Мөн ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэрээр “XX зууны Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж агсны мэндэлсний 150 жилийн ойг Монгол Улсын Засгийн газар онцгой хүндэтгэж, өргөн тэмдэглэж байгаад талархаж байна. Балингийн Цэрэндорж хэмээх энэ эрхэм хүн тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оны хувьсгал, эрх чөлөөт бие даасан байдлаа бататган бэхжүүлж, хөгжил дэвшилд хүрэх замыг нээсэн 1921 оны хувьсгал, хүн төрөлхтний жишгээр Бүгд найрамдах засаглалыг тогтоосон түүхийн онцгой нэгэн үед Монголын төрийн сайдын албыг хашиж, Засгийн газрыг тэргүүлэхдээ улс орныхоо дотоод, гадаад бодлогыг тодорхойлж, хууль цаазын салбарт хийсэн шинэчлэлийг удирдаж, иргэний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэй оролцож байсан билээ.
Түүний хийж бүтээсэн бүхнийг нэгэн удаа өгүүлж үл барах тул монголчууд нийгэм, төрийн байгууллаа өөрчлөн шинэчилж, Орчин үеийн улс болох эх суурийг тавьсан эрин цагийн зүтгэлтэн, улс үндэстний түүхэнд мөнхөд дурсагдах гавьяатан болохыг эн түрүүнд бахархан тэмдэглэж, эх орны боловсрол, шинжлэх ухааны үйл хэрэгт оруулсан хувь нэмрийн талаар цөөн хэдэн үг хэлье.
Идэр залуугаас эрдэм ухаанд боловсорсон Ц.Цэрэндорж нийгмийн хоцрогдлыг даван туулж, хөгжил дэвшилд хүрэх, ард түмнээ соён гэгээрүүлэх арга зам нь эрдэм боловсрол болохыг үзэл хандлагаараа илэрхийлж, үйл ажиллагаагаараа хэрэгжүүлж байв.
Тэрээр БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Судар бичгийн хүрээлэнгийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, тус байгууллагад олгох зардлыг жил дараалан нэмэгдүүлж, Богд хаан насан эцэслэсний дараа түүний өвлийн ордны хүрээлэнд шилжүүлж, музейн байрны зориулалтаар ашиглуулах шийдвэрийг гаргасан байдаг. Түүнчлэн судар бичгийн хүрээлэнгийн гадаад харилцааг ихэд дэмжиж, Зөвлөлтийн ШУА-ийн Монголын комиссын шинжилгээний ангиудыг Монголд ажиллуулах, тэдгээрт судар бичгийн хүрээлэнгийн ажилтнуудаас оролцуулах, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах, үндэсний шинжлэх ухааны анхны боловсон хүчнүүдийг бэлтгэх, ном бүтээл солилцох зэрэг ажлуудыг бодлогоор чиглүүлж байжээ.
Аливаад “эрдэм чадал бүхийг нь сонгон хэрэглэх” бодлогыг баримталж байсан тухайн үед Б.Цэрэндорж нь гагц Засгийн газрын тэргүүний байр сууринаас бус, мөн эрдэм төгс, мэдлэг зузаан, дадлага туршлагатай бичгийн хүний хувьд шинжлэл судлалын ажилд идэвхийлэн оролцож байсан байдаг. Ерөнхий сайд Б.Цэрэндорж болон бусад түүхэн зүтгэлтнүүдийн намтар судлалаар дамжиж XX зууны эхэн үеийн Монголын тусгаар тогтнол, гадаад харилцаа, хөгжил дэвшил, соёл боловсролын олон суудал шинээр тодрон гарч, Монголын түүхийн судалгааны цар хүрээ өргөжин тэлж, шинэ мэдлэг бий болох учиртай. Өнөөдрийн хурлын зорилго нь чухам үүнд чиглэгдэж байгаа гэж бодож байна. Тиймээс ШУА-ийн удирдлагын зүгээс түүхэн зүтгэлтнүүдийн ойг тэмдэглэх хүрээнд явуулж байгаа эрдэм судлалын ажлыг дэмждэг юм. Цаашид ч энэ чиглэлээр эрдэмтэн судлаачид та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно” гэсэн юм.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр академич Ж.Болдбаатарт “Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж”, “БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад АДБНУ-ын Үндсэн хуулийг ашигласан уу” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Мөн доктор, профессор Б.Батсайхан, Б.Баярсайхан, Т.Төмөрхүлэг нар илтгэл тавьсан юм.
Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
Холбоотой мэдээ