Булган аймгийн Орхон суманд 2018 оны аравдугаар сарын 14-нд тус аймгийн хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга авто машины ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач нь Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон.
Цагдаагийн алба хаагчид тохиолдсон золгүй явдлыг амиа хорлолт байсан, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс сэтгэл санааны хямралд оруулснаас болж ослоор амиа алдсан гэх мэтээр олон таамаг хөвөрч буй. Ар гэрийнхэн нь талийгаачийг сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас авто осолд орсон хэмээн тайлбарлаж буй.
Амиа алдахын өмнөхөн малын хулгайн хэргээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл бий. Харин тус хэргээр саатуулагдсан этгээдийг өмгөөлөхөөр Х.Бат-Ялалт цагдаагийн алба хаагчтай уулзсан. Энэ үеэрээ цагдаагийн алба хаагч руу дайрч, хэл амаар доромжилж, бичлэг хийж вэб сайтад нийтэлжээ. Мэдээ нийтлэгдсэнээс болж хэсгийн төлөөлөгч сэтгэл санааны хямралд орсон талаар эхнэр нь ярьсан байдаг. Талийгаач Э.Мөнхтулга эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг байжээ. Эхнэр нь хүүхдийнхээ шарлалтыг эмчлүүлэхээр хотод ирсэн хойгуур энэхүү харамсалтай хэрэг болжээ. Амиа алдсан шалтгааныг өнөөдрийг хүртэл эцэслэн тогтоогоогүй байна.
ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙНХЭН ПРОКУРОРТ ХАНДЖЭЭ
Уг асуудлаар талийгаачийн эхнэр н.Энхдолгортой холбогдлоо. Тэрбээр “Шалгалтын явц үргэлжилж байна. Шүүх шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа. Би саяхан эмнэлгээс гарсан болохоор нарийн асуудлыг мэдэхгүй. Бид нар талийгаачийн 49 хоног дууссаны дараа хэвлэлд хандана. Талийгаачтай холбоотой асуудлаар бид Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Мэдэгдлийн агуулгыг одоогоор хэлэх боломжгүй ч прокурорын байгууллагаас бидэнд хариу ирүүлээгүй байна” гэж ярилаа.
Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэгт Х.Бат-Ялалтыг холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн хохирогчоор талийгаачийн аав тогтоогджээ. Талийгаачийг амиа хорлосон уу, авто ослоор нас барсан уу гэдгийг хуулийн байгууллага эцэслэн тогтоох юм.
Э.АРИУН