Авлигатай тэмцэх газар /АТГ/ Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-д өргөн хүрээтэй шалгалт хийхээр болжээ. Ингэхдээ тус санг анх байгуулан зээл олгож эхэлснээс өнөөг хүртэлх 10 гаруй жилийг хамарсан шалгалт хийх аж. Тодруулж хэлбэл, энэ хугацаанд ЖДҮХС-гаас олгосон зээл бүрийг нэгбүрчлэн хянахын зэрэгцээ, зээлд хамрагдаж чадаагүй төслүүдийг ч нягтална. Төсөл шаардлага хангахгүй байснаас зээл олгогдоогүй юу, эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг нягтлах аж.
Мөн зээлд хамрагдахаар төсөл бичсэн ЖДҮ эрхлэгчдээс авлига нэхэхэд нь зөвшөөрөөгүй аж ахуйн нэгж, иргэнээс мэдүүлэг авч эхэлсэн гэх мэдээлэл байна.
Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “ЖДҮХС-тай холбоотой шалгалтыг гурван чиглэлээр хийж эхэлсэн. Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагаа, хоёрдугаарт, хяналт шалгалтын ажиллагаа, гуравдугаарт дүн шинжилгээний ажил хийнэ” гэлээ.
Онцлоход, ЖДҮХС-гийн зээлийг УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компанид олгож, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг баривчлан, шалгаж байгаа. Мөн тус сангийн 20 ажилтны хилээр гарах эрхийг нь прокурорын зөвшөөрснөөр хязгаарлаад байгаа юм.
Г.ХОРОЛ