Цагдаагийн алба хаагчийн үхэлд Х.Бат-Ялалтыг шалгаж

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Цагдаагийн алба хаагчийн үхэлд Х.Бат-Ялалтыг шалгаж

Цагдаагийн алба хаагчийн үхэлд Х.Бат-Ялалтыг шалгаж

Булган аймгийн Орхон суманд 2018 оны аравдугаар сарын 14-ны өдөр тус аймгийн хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга авто машины ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач нь Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолджээ.

Цагдаагийн алба хаагчид тохиолдсон золгүй явдлыг амиа хорлолт байсан, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс сэтгэл санааны хямралд оруулснаас болж ослоор амиа алдсан гэх мэтээр олон таамаг хөвөрч байгаа юм. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн нь сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас авто осолд орсон хэмээн тайлбарлаж буй. Талийгаач амиа алдахын өмнөхөн малын хулгайн хэргээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж байжээ.

Гэтэл тус хэргээр саатуулагдсан этгээдийг өмгөөлөхөөр Х.Бат-Ялалт цагдаагийн алба хаагчтай уулзсан байна. Уулзахдаа цагдаагийн алба хаагч руу дайрч, хэл амаар доромжилж, бичлэг хийж сайтад нийтэлжээ. Мэдээ нийтлэгдсэнээс болж хэсгийн төлөөлөгч амиа алдахынхаа өмнө багагүй сэтгэл санааны хямралтай байсан талаар түүний эхнэр дурссан байдаг. Талийгаач Э.Мөнхтулга эхнэр гурван хүүхэдтэй. Энэ явдал болох үед талийгаачийн дөнгөж төрсөн хүүхдийнх нь шарлалт хүндэрсэн учир хот руу эмчилгээнд явахаар болсон байжээ. Хүүхдийн биеийн байдал улам муудсан учир эхнэр нь арга буюу хот бараадаж. Харин энэ хойгуур нь албан үүргээ биелүүлэхээр Эрдэнэт хотыг зорьж явсан цагдаагийн ахмад осолд орж амиа алдсан юм. Түүний амиа алдсан шалтгааныг өнөөдрийг хүртэл эцэслэн тогтоогоогүй.

ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙНХЭН ПРОКУРОРТ ХАНДЖЭЭ

Уг асуудлаар талийгаачийн эхнэр н.Энхдолгортой холбогдлоо. Тэрбээр “Шалгалтын явц үргэлжилж байна. Шүүх шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа. Би саяхан эмнэлгээс гарсан болохоор нарийн асуудлыг мэдэхгүй. Бид нар талийгаачийн 49 хоног дууссаны дараа хэвлэлд хандана. Талийгаачтай холбоотой асуудлаар бид Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Мэдэгдлийн агуулгыг одоогоор хэлэх боломжгүй ч прокурорын байгууллагаас бидэнд хариу ирүүлээгүй байна” гэж ярилаа.

Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэгт Х.Бат-Ялалтыг холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн хохирогчоор талийгаачийн аав тогтоогджээ. Талийгаачийг амиа хорлосон уу, авто ослоор нас барсан уу гэдгийг хуулийн байгууллага эцэслэн тогтоох юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж