Д.Хаянхярваа: Надад гомдол байхгүй
УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн хурлаас гарч ирсний дараа сэтгүүлчид дараах тайлбарыг авлаа.
Тэрбээр “Бүлгийн шийдвэрийг дагах ёстой. Шийдвэрийг хүндэтгэж байна. Надад гомдол байхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг хэрхэн ажилласныг бүлгийн хамт олон илүүтэй дүгнэх байх. Зарчим ярьж болохгүй цаг ирчихсэн юм байна. Хүний алдааг оноог ярьж болдоггүй болчихсон юм байна. Мөн хууль дүрэм хэрэгжихэд хэцүү болсон юм байна гэж харж байна. Цаашид би өөрийн дуу хоолойгоо хязгаарлуулахгүй. Яагаад гэвэл ард түмний талд дуугарах ёстой. Түүнээс биш намын эрх ашиг, бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарахгүй ёсгүй” гэлээ.
Д.Хаянхаярвааг бүлгийн даргаас огцрууллаа
УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн даргын суудлаас огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулахад санал 29:29 тэнцсэн тул дахин санал хураалт явууллаа. Дахин санал хураалтаар Д.Хаянхярвааг огцруулах зүйтэй гэж санал хураалтад оролцсон нийт гишүүний 32 гишүүн үзжээ. Түүнийг бүлгийн даргаас нь огцруулахыг 27 гишүүн дэмжээгүй байна. Харин нэг гишүүний санал хүчингүй болжээ. Бүлгийн хурал дууслаа. Хэрэв М.Энхболдын асуудлыг хэлэлцсэн бол МАН-ын дарга У.Хүрэлсүх Үндсэн хуулийг зөрчихөд хүрч байгаа юм.
Д.Хаянхярвааг огцруулах санал тэнцлээ
УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн цаг гаруй хаалттай хуралдаж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж дуусчээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн даргын суудлаас огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулж дууслаа. Бүлгийн гишүүдийн санал 29:29 тэнцсэн тул дахин санал хураалт явуулах боллоо. Бүлгийн хурлыг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар даргалж байгаа юм. Хэрэв дахин санал хураалтаар санал тэнцвэл хурал даргалагч шийдэх эрхтэй юм байна. Одоогоор дахин санал хураалт эхлээгүй байна. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Батзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан нар бүлгийн хуралдаа суугаагүй аж. Хоёр талын санал тэнцээд байгаа учраас хуралдаа ирээгүй гишүүдийг дуудуулж байгаа аж. Тэднийг ирсний дараа нь дахин санал хураалтыг явуулахаар боллоо.
Х.Болорчулуун: Шударга ажиллаж байгаа засгийг огцруулах нь буруу
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байгаатай холбогдуулан 20 гишүүн үг хэлэхээр нэрээ өглөө. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Шударга ажиллаж байгаа Засгийн газрыг огцруулна гээд Д.Хаянхярваа чи яриад явж байна. Дубайн гэрээ байгуулж монголчуудын хүртэх ашгийг 2037 он руу шилжүүлж ямар ч ашиггүй болгосон Засгийг өөрөө яагаад хамгаалж байсан юм бэ хэмээн ихэд ууртай хэлжээ.
МАН-ын бүлгийн хурал 85 хувийн ирцтэй үргэлжилж байна.
МАН: ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилохыг дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг, Нийслэлийн засаг даргаас С.Батболдыг огцруулах шийдвэрийг гаргасан билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хурлаар Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцохыг намын дарга У.Хүрэлсүх танилцуулах юм.
Бүлгийн гишүүдийн олонх нь ХХААХҮ-ийн дараагийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилохыг дэмжлээ. Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна.
Холбоотой мэдээ