Хангалттай нойртой байх нь эрүүл амьдарч, бүтээлчээр ажиллахын үндсэн суурь байдаг. Шөнө орой болтол сууж, бүх ажлаа амжуулсны дараа л сэтгэл амар унтаж чаддаг хүн байхад өглөө эртлэн босож, ажлаа эхлүүлэх дуртай хүмүүс ч бий. Гэхдээ амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг сонсвол та тэдэнд нийтлэг нэг зүйл байгааг олж харах болно. Энэ бол “өглөө эрт босох” дадал юм. Хэчнээн хичээсэн ч өглөө эрт босох аргаа нэг л олохгүй байгаа бол дараах зөвлөгөө танд тусална гэдэгт итгэлтэй байна.
Өглөө эрт босох шалтгаанаа олж, цаасан дээр бичих
Орой унтахаасаа өмнө таны хийх ёстой хамгийн чухал ажил бол маргааш хийх ажлынхаа жагсаалтыг гаргах юм. Хийх ажлаа зүгээр нэг толгойдоо бодолгүй цаасан дээр буулгаснаар түүнийг илүү бодитой хэрэгжүүлэх боломж үүсдэг тухай олон номд өгүүлдэг. Жагсаалтаа гаргасныхаа дараа хамгийн хэцүү төвөгтэй ажлуудаа үдээс өмнө амжуулахаар төлөвлөөрэй. Учир нь хүн өглөө хамгийн бүтээлч байдаг.
“Дахиад хэдхэн минут” гэсэн ойлголтыг толгойноосоо бүрмөсөн гаргаж хая
Өглөөний сэрүүлэг тань дугарсан бол олон юм бодолгүй шууд л бос. Үүнд ямар ч шалтаг хэрэггүй. Түүнчлэн сэрүүлэг дугарсны дараа хэдэн минут нүдээ анихад хүн “гүн унтлагын байдалд” ордог бөгөөд үүний дараа сэрэхэд өмнөхөөсөө хэд дахин хэцүү байх болно.
Эрт босох дадал зуршлыг өөртөө суулгах хэрэгтэй
Хэрвээ та тогтмол өглөө эрт босдоггүй бол зуршлаа өөрчлөхөд хэцүү хэмээн айх хэрэггүй. Өглөө эрт боссон эхний хэдэн өдөр хэцүү санагдаж болох ч хүн ямар нэг зүйлийг хоёр долоо хоногийн турш давтахад тэр нь дадал зуршил болон тогтдогийг эрдэмтэд хэдийн нотолсон билээ. Тиймээс та өглөө эрт босож сурахаар шийдсэн бол тууштай байгаарай.
Сэрүүлэг дугарахаас бага зэрэг эрт сэрсэн бол огло харайн орноосоо бос
Өглөө зургаан цагт сэрүүлэг тавиад 5:40 минутад сэрчихсэн бол 20 минут дутуу унтлаа хэмээн сэтгэлээр уналгүйгээр шуудхан л орноосоо бос. Үүний оронд өөртөө зарцуулах 20 минутыг хожиж чадлаа хэмээн сэтгэж, эерэг бодолтойгоор өдрийг эхлүүлээрэй.
Ажил, амралтын өдрийн аль алинд тогтмол цагт сэр
Ажлын өдрүүдэд өглөө эрт босож чадсан ч амралтын өдрөөр үд болтол унтсанаар таны арай хийн тогтоож буй дэглэм алдагдаж, дадал зуршил суулгах оролдлого тань талаар өнгөрөх болно. Тогтмол цагт унтаж, сэрж байснаар таны бие удахгүй дасаж, өөрийгөө ч бага ядраах юм.
Үсрэх
Өглөө сэрсэн даруйдаа босож зогсоод дороо үсэр. Ингэснээр бие махбод эрч хүчээр цэнэглэгдэх төдийгүй тунгалгийн систем идэвхтэй ажиллаж, шөнө боловсруулсан хортой бодисыг гадагшлуулахад тус болно.
Сунгалтын дасгал
Өглөө сэрсэн даруйдаа орондоо хэвтэж байхдаа гар, нуруугаа сунгаж хэвшээрэй. Ингэснээр та өглөөг эрч хүчээр дүүрэн угтах болно.
Цонхоо онгойлгох
Өглөө босоод дээрх алхмуудыг хэрэгжүүлсэн ч нэг л сэргэж өгөхгүй байвал цонхоо нээгээд, өглөөний шинэхэн агаараар цээж дүүрэн амьсгалаарай.
Аяга ус уух
Өглөө эрт толгой тархийг тань сэргээх шидэт ундаа бол нимбэг, зөгийн балтай аяга бүлээн ус юм.
Эх сурвалж: Brightside.me
Холбоотой мэдээ