Цэцэрлэгийн эрхлэгч, тогооч нарт зориулсан “Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сэдэвт сургалт өнөөдөр /2018.11.13/ боллоо.
Сургалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэлийн Боловсролын газар, ШУТИС Үйдвэрлэл технологийн сургууль, Шим тэжээл судлалын төв хамтран зохион байгуулсан юм.
Цэцэрлэгийн насны хүүхэд нь хоногийн ихэнх цаг буюу 8-24 цагийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг. Энэ утгаараа тэд хоногт хоолноос авах илчлэгийнхээ 75-80 хувийг цэцэрлэгийн хоол унднаас авах шаардлагатай юм. Төрөөс цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны материалд 1650 төгрөг төсөвлөдөг ч үүгээр хүүхдийн авах ёстой шим тэжээлийг хангахуйц илчлэг сайтай хоол бэлтгэх боломжтойг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Сургалтаар цэцэрлэгийн тогооч нар онолын хичээлээс гадна цэцэрлэгийн хүүхдэд өгч болох давс, чихрийн агууламж багатай хоол бэлтгэх, илчлэг, шимт бодисын тооцоо хийж сурахаас гадна шинэ хоол туршиж үзэх юм.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд сургалтад нийслэлийн 100 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, тогооч, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид оролцож байна.