Японы прокурор асан Кэйчи Тадаки Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоонд харьяалагддаг шинэ залуу болон ахмад бөхчүүдийн дунд нэгэн судалгааг явуулжээ. Уг судалгааны хариуд өнгөрсөн жил сүмочдын таван хувь нь дэвжээнээс гадна их бага хэмжээгээр бие махбодийн хүчирхийлэлд өртсөн гэжээ. Бөхчүүдийн дунд болж буй хүчирхийллийн ихэнх нь мэдэгдэлгүй чимээгүй өнгөрдөг байна. 1979 онд энэ тоо 37 хувь байв. Хэдий 1979 оныхоос эрс буурсан ч 2007 онд Токицүказэ дэвжээний бөх амиа алдсан хэргээс хангалттай сургамж аваагүй байгаа нь харагдлаа гэж дүгнэжээ.
Хүчирхийлэл ихэвчлэн дээд зиндааны бөхчүүд доод зиндааны бөхчүүдийн бэлтгэл сургуулилт хийлгэх үед болдог байна. Судалгаанаас үзэхэд гадаадын бөхчүүдийн дунд ийм төрлийн хүчирхийллийн хэлбэр илүү түгээмэл ажиглагдаж байна гэв.
Мөн сүмочид ёс суртахууны хичээлийг үл ойшоож, хурдан амжилтад хүрэхийн тулд биеийн хүчний дасгал сургуулилтдаа илүү анхаарал хандуулдаг явдал нь тэдний дунд иймэрхүү зохисгүй үйлдэл гарах бас нэг шалтгаан болж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Такаши Сайто гэх 17 настай залуу сүмочийг 2007 оны зургадугаар сарын 26-нд тус дэвжээний гурван бөх дэвжээний дасгалжуулагчийнхаа тушаалаар шар айрагны лонх, бэйсболын цориураар цохин амь насыг нь хөнөөсөн хэрэг харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг сүмогийнхан тухайн үед зүрх нь хаагдан нас барсан хэмээн хаацайлж өнгөрөхийг оролдсон боловч амиа алдсан залуугийн аав тууштай тэмцэж гэнэтийн үхэл байгаагүй гэдгийг баталсан байна.
Сүмогийн ертөнцөд ороод ердөө гуравхан сар болоход хэд хэдэн удаа байрнаасаа зугтаахыг оролдож байсан Сайто маш хүнд дарамт шахалтад байсны эцэст ийнхүү амиа алджээ.
Сүүлд тэдний хэрэг илэрч дасгалжуулагч дэвжээнийхээ гурван бөхөд Сайтог цохихыг тушаасан нь тогтоогдож, дасгалжуулагч Ямамото болон хэргийг үйлдсэн гурван бөх сүмогийн холбооноос хөөгдөж, 2009 онд тус бүр зургаан жилийн хорих ял авсан байна. Сайтогийн хэрэг нь Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд маш том хар толбо үлдээсэн дуулиантай хэрэг болж байсан билээ. Мөн 2017 онд Монголын сүмоч Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт доод зиндааны бөх Таканоива М.Баасандоржийг цэнгээний газарт ахмад бөхчүүдээ хүндэлсэнгүй гэсэн шалтгаанаар шар айрагны лонхоор цохиж толгойд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Үүнийхээ хариуд Харүмафүжи Д.Бямбадорж сүмогийн ертөнцөөс зодог тайлсан билээ.
Эх сурвалж: JAPANTIMES
Холбоотой мэдээ