Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр /2018.11.13/ Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас авсан зээлийг эргэлдүүлж байгаа тухай мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Баялаг бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр "УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Капитал” банкиндаа ЖДҮХС-аас 48 тэрбум төгрөгийн зээл авчхаад буцааж төлөхгүй байгаа" гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАРЫГ ШАЛГУУЛАХААР АТГ-Д ӨГСӨН
Тэрбээр “ЖДҮХС-аар дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан "Капитал" банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуй нэгжид зээл олгосон. Миний гарт Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нарын 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээ байна. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын засгийн газрын сайд нар албан тушаалаасаа буухаасаа өмнө "Капитал" банктай дээрх гэрээг байгуулсан. Энэ гэрээ нь ЖДҮХС-аас "Капитал" банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээ юм.
Гэрээний 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги хоёр тэрбум төгрөг нийлээд 48 тэрбум 447 сая төгрөг болж байна.
Гэрээнд “Төсвийн тухай хуульд зааснаар Засгийн газрын хуралдааны 2017 оны аравдугаар сарын –3- ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн” гэж бичсэн байгаа. Гэтэл 43 дугаар тэмдэглэлийг хайгаад үзэхээр 43 хуралдаан дээр энэ гэрээний талаар огт дурдаагүй ямар ч тэмдэглэл байхгүй байгаа юм. Хэрвээ энэ мөнгө цаг хугацаандаа ЖДҮХС-д орсон бол баялаг бүтээгчдийн холбоо, иргэд аж ахуй нэгж байгууллагууд ажлын байр нэмэгдүүлж улсын татварын орлогыг нэмэгдүүлэх учиртай байж. "Капитал" банкны 99 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг. ЖДҮХС-руу ороод эргэлдэх ёстой мөнгийг "Капитал" банк авах нь шударга ёсонд нийцэх үү?
"Капитал" банк ийм гэрээ хийчхээд, ЖДҮХС-гаас зээл авсан нь ЖДҮХС-ийн тухай хуулийн 8.1-д заасан банк болон банк бус санхүүгийн байгууллагыг жижиг дунд үйлдвэрлэл гэж үзэхгүй гэсэн заалтыг ил цагаанаар зөрчиж байна. Дээрээс нь Капитал банк 48 тэрбум төгрөг зээлсэн гэрээнийхээ үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, төлбөрийн хуваарь дээр Капитал банкнаас дөрвөн удаа л гэрээний дагуу төлбөр шилжүүлээд хамгийн сүүлд 260 сая 154 мянган төгрөгийг энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл төлөх ёстой дөрвөн тэрбум төгрөгийн өр үүссэн байдалтай байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт бид яг энэ асуудлаар АТГ-т хандсан. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёс зүйн хариуцлага хүлээх үү, эрүүгийн хариуцлага хүлээх үү гэдэг нь АТГ-т хийгдэж буй шалгалтаар нотлогдох байх. Мөн Баялаг бүтээгчдийн холбооноос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг шалгуулахаар өгсөн байгаа" гэв.
ХУУЛЬ БУСААР УЛСЫН КОМИССЫГ АЖИЛЛУУЛСАН
“Гэрэлт фокус” компанийн захирал М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь хууль бус үйлдлээрээ олон зуун ажилчид тэдгээрийн гэр бүлийг хохироосон. Тухайлбал, манай компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2014 онд зургадугаар сарын 5-аас “Голден Серкл” ХХК-ын захиалгаар 65 айлын орон сууцны барилгыг 2015 оны наймдугаар сарын сүүл хүртэл хийсэн. Нийт 186 ажилчдаар барилгын ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гэтэл "Капитал" банкны охин компани нь "Голден серкл” ХХК нь гэрээгээр нэмэлтээр хийгдсэн ажлын хөлсийг өгөөгүй. Ингэхдээ манай компанид мэдэгдэхгүйгээр 2015 оны арваннэгдүгээр сард улсын комиссыг ажиллуулан өөр компаниар уг барилгад баталгаа дүгнэлт гаргуулсан байгаа юм. Манай компани улсын комиссыг хууль бусаар ажиллуулсан тухай Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гурван шатны шүүх авч хэлэлцэн 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр улсын комиссын актыг хүчингүй болгосон. “Капитал банк нь “Голден серкл” ХХК-ны барилгыг 2016 оны хоёрдугаар сард өөрийн эзэмшилд өрөндөө авсан гэх боловч уг барилга байгууламжийг хүлээн авснаас хойш долоон сарын дараа буюу 2016 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь өөрийн эзэмшилд авсан уг барилгаа төрийн өндөр албан тушаалыг ашиглан хууль бусаар улсын комиссыг дахин ажиллуулсан. Ажилчдын цалин болох 405 сая төгрөгийг өгөхгүй гэсэн зорилготойгоор дээрх хууль бус үйлдлүүдийг хийсэн” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ