Монголын зургаан залуу 1992 онд Японыг зорьж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Монголын зургаан залуу 1992 онд Японыг зорьж байжээ

"Оошима" дэвжээний багш Оошима ояката 1992 онд Монгол Улсад ирж зургаан залууг сонгож байжээ

Монголын зургаан залуу 1992 онд Японыг зорьж байжээ

Монгол хүн Японы мэргэжлийн сүмод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Өнөөдөр эдгээр түүхэн ойг угтан мэдээлэл хийж, ой угтсан олон арга хэмжээ зохион байгуулах талаар дуулгалаа.

Японы мэргэжлийн сүмо бөхийн "Оошима" дэвжээний багш Оошима ояката 1992 онд Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж, шалгаруулалт явуулан амжилт гаргасан зургаан монгол залууг сонгож байжээ. Тухайн үед энэхүү шалгаруулалтаас Д.Батбаяр, Ц.Батжаргал, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Н.Цэвэгням, Б.Энхбат нар шалгарч Японы нийслэл Токио хотыг зорьж байсан түүхтэй. Ингэж монголчууд сүмо хэмээх шинэ спортын түүхийн замнал эхлэлээ тавьж байсан байна.

Монголын сүмо бөхийн холбоо нь түүхэн  25 жилийн хугацаанд 20 гаруй залуусыг мэргэжлийн сүмод орох үүд хаалгыг нээж өгчээ. Эдгээр залуусаас сүмогийн их аварга, арслан, заанууд төрөн гарч Монгол Улсын нэрийг дэлхий дахинд дуурсгаж байгааг Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Д.Батбаяр онцлон хэлж байв. Тэрбээр “Бөхийн орон монголчууд 1992 онд болсон сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Япон, АНУ-ын багийн араас гуравдугаар байрт орж байсан түүхтэй. Тухайн үеийн багш, дасгалжуулагчид, спортын мэргэжилтнүүд нэгдсэн бодлого, системтэйгээр бэлтгэх нь зүйтэй гэж үзсэнээр 1993 онд Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдах анхны суурь тавигдсан. Монголын сүмочид олон амжилтаараа дэлхийд танигдаж байна. Одоогоор Монгол улсын есөн сүмоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар ойгоо угтаж байна. Холбооны ойг угтан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр зарласан ажлуудаа ирэх арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Буянт-Ухаа ордонд болох арга хэмжээний үеэр олонд түгээж, шилдгүүдээ зарлана” гэсэн юм.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд Олон улсын сүмо бөхийн холбооны шүүгч, Монголын сүмо бөхийн холбооны зөвлөх Мията Осамү оролцсон юм. Тэрбээр “Монголын нийт сүмо сонирхогч ард түмэнд баярын мэнд хүргэе. Мөн чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Кёкүшзан Д.Батбаяр сүмод орсон хоёр дахь жилдээ Монголын сүмо бөхийн холбоог байгуулж байсан. Энэ нь монголчууд сүмогоор хичээллэж, бас үзэж сонирхох нь их болсон. Цаашлаад Монголын дөрвөн ёкозүна цолтон төрлөө. Иймээс Кёкүшзан Д.Батбаярын хийсэн ажил Монгол, Японы гүүр болсон гэж үзэж байна. Одоо Японд 40 орчим бөхчүүд сүмод барилдаж байна. Монголчууд Японд очих дуртай байдаг шиг япончууд монголд ирэх дуртай болсон. Бид бүгдийг холбож байгаа хамгийн том зүйл бол сүмо гэж үзэж байна. Би Монголд 120 дахь удаагаа ирлээ. Өчигдөр онгоц дүүрэн хүнтэй байлаа. Маргааш буцахад мөн дүүрэн хүнтэй буцна гэж бодож байна. Энэ нь Монгол, Японы харилцаа сайн байгаагийн илрэл гэж харж байна. Мэдээж биднийг холбож байгаа гол зүйл сүмо бөх юм. Та бүхэнд маш их баярлалаа” гэлээ.

1992 онд сүмогийн ертөнцийн хувьд онцлог жил болжээ. 1992 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр анх Олон улсын сүмо бөхийн холбооны анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ. Анхны тэмцээнд 25 орны 73 бөхчүүд зодоглож Монгол Улсын баг тамирчид сүмогийн өлгий нутаг Япон болон АНУ-ын багийн дараа гуравдугаар байрт шалгарч байсан байна. Энэхүү тэмцээнээс хойш монголчууд сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, одоогоор есөн сүмоч дэлхийн аварга цолыг хүртжээ. Мөн энэ хугацаа сүмогийн эмэгтэй дэлхийн аварга цолтон төрсөн байна.

Сүмо бөхийн дэлхийн аваргууд:

  • 1994 он Б.Бат-Эрдэнэ
  • 1994 он Б.Гантогтох
  • 1995, 1997 он А.Сүхбат
  • 2006-2007 он У.Бямбажав
  • 2008, 2012 он Г.Наранбат
  • 2012 он Р.Гантөгс
  • 2014 он Б.Төрболд
  • 2016 он Б.Төрболд
  • 2010 он Я.Дулмаа /эмэгтэй/
  • 2015-2016 он Х.Сүнжидмаа  нар дэлхий аварга болсон байна.

Монголын сүмо бөхийн холбоо 25 жилийн ойн хүрээнд “Сүмо 25” хүүхдийн гар зургийн уралдаан, “Миний мэдэх Сүмо-25” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулахаас гадна “Сүмо 25” асуулт, хариултын нэвтрүүлэг, тэмцээнийг арванхоёрдугаар сарын 5-ны дотор зарлаж бүтээлийг egi_222@yahoo.com хаягаар авахаар болжээ.

Мөн Монголын сүмо бөхийн холбооны ойд зориулсан “Шилдгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан”-ыг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулахаар болсныг өнөөдрийн хурлаар мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж