Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит II бага хурал өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үйл ажиллагааны тайланг тавьж, МСНЭ-ийн Ерөнхий журам, салбар журмуудыг хэлэлцлээ.
МСНЭ-ийн Ажлын алба энэ онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудынхаа талаар Бага хуралдаа тайлагнасан байна. Тодруулбал, МСНЭ-ийн шинэ удирдлага, бүтэц бүрэлдэхүүн нь өнгөрсөн хугацаанд гадаад харилцаагаа өргөжүүлэх, орон нутгийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байгаа юм. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нь 23 салбар зөвлөлийн үйл ажиллагаатайгаа танилцаж 21 аймагт ажиллаж, Орон нутгийн сэтгүүлчдийн анхдугаар чуулганыг Орхон аймагт зохион байгуулсан.
Гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлд, БНСУ, БНХАУ-ын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд МСНЭ-ийн урилгаар Монгол Улсад айлчилсан бол мөн дээрх хоёр улсад МСНЭ-ийн удирдлагууд албан айлчлал хийж, хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, тодорхой шийдвэрүүдэд хүрч ажиллажээ. Мөн “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX форум”-ыг Өмнөговь аймагт зохион байгуулсан юм. МСНЭ-ийн “1000 айлын орон сууц хөтөлбөр”, “Сэтгүүлч ордон” барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайланг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Бага хуралдаа тавьсан байна.
Бага хурлаар Гишүүнчлэлийн журам, Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журам, Салбар зөвлөлийн дотоод журам, Санхүүгийн салбар журмыг хэлэлцэн баталлаа. Гишүүнчлэлийн журамд зааснаар МСНЭ-ийн гишүүнчлэл нь Гишүүн, Гишүүн байгууллага, Хүндэт гишүүн Хүндэт гишүүн байгууллага гэсэн үндсэн төрлүүдтэй байхаар тусгажээ.
Харин МСНЭ-ийн ажлын алба нь Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Төсөл хөтөлбөр, сургалт судалгааны хэлтэс, Хууль, мэргэжлийн ёс зүйн хэлтэс, Гишүүд, олон нийттэй харилцах хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс гэсэн үндсэн бүтэцтэй байхаар тогтжээ. МСНЭ нь нийт 23 салбар зөвлөлтэй бөгөөд салбар зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулахаар баталсан байна.
Холбоотой мэдээ