«Оросын сэргэн мандалт» орос киноны наадам болж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

«Оросын сэргэн мандалт» орос киноны наадам болж байна

«Оросын сэргэн мандалт» орос киноны наадам болж байна

2018 оны 11-р сарын 6-14-ний өдрүүдэд Монгол Улсад «Оросын сэргэн мандалт» орос киноны VIII дах удаагийн наадам зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг наадмын гол зорилго орос киног сурталчлах буюу Монголын үзэгчдийг Оросын кино урлагтай танилцуулах явдал юм.

Бид энэ жилийн кино наадамд зориулан 2017-2018 онуудад үйлдвэрлэсэн 9 шинэ киног сонгосон ба наадмын тусгай зочдын хувиар Оросын нэртэй кино найруулагчид болон жүжигчид ирсэн билээ. Тэдний дунд «Амурская осень» буюу «Амар мөрний намар» кино болон театрын наадмын ерөнхийлөгч, продюсер Сергей Новожилов, ОХУ-ын гавъяат жүжигчин Наталья Варлей, найруулагч Владимир Битоков, продюсер Владислав Пастернак, жүжигчин Максим Колосов, наадмын бодлогын асуудал эрхэлсэн захирал Александра Жукова, продюсер Екатерина Сарычева, жүжигчин Анастасия Савосина, жүжигчин Виктор Пипа болон бусад хүмүүс ирсэн юм.

Кино наадам нь Улаанбаатар, Эрдэнэт болон Монголын бусад хотуудад болж өнгөрнө.

Бид энэхүү наадамд зориулан орчин үеийн Оросын кино урлагийн хөгжлийн бүх салбаруудыг төлөөлж чадахуйц төрөл бүрийн кинонуудаас сонгохоор төлөвлөсөн бөгөөд бидний сонгосон кино болгон ОХУ болон олон улсын кино наадмын шагналуудаас хүртсэн билээ. Жишээ нь: алдарт Александр Сокуровын шавь, залуу найруулагч Владимир Битоковын анхны кино болох «Глубокие реки» нь «Кинотавр-2018» наадмын шилдэг дебют киногоор шалгарсан ба Карловы Вары наадамд мөн амжилттай оролцсон юм. Найруулагч Ксения Зуевагийн «Близкие» бүтээл нь «Амурская осень» кино болон театрын наадмын хоёр шагналыг болон Москвагийн олон улсын кино наадмын үеэр «The Hollywood Reporter» сэтгүүлийн тусгай шагналыг хүртсэн. Латвид болж өнгөрсөн «Open Place» олон улсын кино наадмын шагналтан «302 БИС» киног Андрей Мышкин найруулсан ба уг богино хэмжээний киноны үйл явдал нь Булгаковын театр-музейд болдог. Киноны гол дүрүүдэр Максим Колосов болон Лиза Арзамасова нар тогложээ. Бодит үйл явдлаар сэдэвлэн бүтээсэн хоёр ч эмгэнэлт киног сонгосон ба тэдний нэгийг Оросын хамгийн эртний киностуди болох «Ленфильм» дээр найруулагч Александр Касаткин бүтээжээ. «Три дня до весны» хэмээх энэхүү кинонд Аугаа их эх орны дайны үеэр Ленинград хотын бүслэлтийн тухай өгүүлнэ. Харин Сарик Андреасяны «Непрощенный» хэмээх цоо шинэ кинонд Бодены нууран дээр болсон ба 71 эрдэнэт хүний амийг авч одсон аймшигт онгоцны ослын тухай гарна. Слава Росс өөрийн «Сын» кинондоо хүүхдийг гэр бүлээс нь салгах болсон Европ дахь нийгмийн хүндхэн сэдвийг хөнджээ.

Эдуард Парригийн найруулсан «Жили-были» киног наадмын нээлтийн үеэр үзүүлсэн ба энэхүү бүтээл нь нэг бус удаа үзэгчдийн тусгай шагналыг хүртсэн юм. Энэхүү инээдмийн киноны үйл явдал нь гуравхан оршин суугчтай үлдсэн Оросын хөдөөний тосгонд өрнөх ба тэдний дүрийг Оросын нэрт жүжигчид болох Федор Добронравов, Роман Мадянов болон Ирина Розанова нар амилуулжээ.

Тус наадмыг ОХУ-ын Соёлын яам, Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам болон Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.


КИНОНУУДЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

«Жили-были», найруулагч Эдуард Парри, 2017г., 85 минут, 12+

Гол дүрүүдэд: Федор Добронравов, Ирина Розанова, Роман Мадянов

Инээдмийн кино

Хөдөөний тосгонд хижээл насны хоёр гоонь эр ба гэнэт бэлэвсэрсэн нэгэн эмэгтэй нар амьдарна. 2 найзын нэг нь эхнэр авах цаг нь болсон хэмээн үзэж, бэлэвсэн эмэгтэйд гэрлэх санал тавихаар шийджээ. Гэтэл нөгөө нь түүнтэй санал нийлэлгүй өөрөө гэрлэхээр шийдсэн тул найзууд хоорондоо дайн зарлана.

«Близкие», найруулагч Ксения Зуева, 2017г., 90 минут, 18+

Гол дүрүүдэд: Надежда Иванова, Данил Можаев, Елена Чекмазова, Андрей Стоянов, Лариса Морозова, Данил Стеклов, Алиса Глинка, Наталья Павленкова

Драма

Москва хотын захад амьдрах нэгэн гэр бүлийн гишүүд хоорондоо урт удаан хугацааны турш зөрчилдөн маргалдсанаас болж сэтгэл санааны гүн дарамтанд орж, бие биенээ хайрлах тухай байтугай Бурханыг ч мартан, элбэрэл энэрлийг орхино. Гэтэл нэгэн өдөр эмгэнэлт явдал болж, тэднийг сэнхрүүлэх ба тэд өөрчлөгдөхийг оролдсон ч нэгэнт хэтэрхий оройтжээ.

 «Три дня до весны», найруулагч Александр Касаткин, 2017г., 103 минут, 12+

Гол дүрүүдэд: Кирилл Плетнёв, Елена Лотова, Евгений Сидихин, Юрий Ицков, Владислав Абашин, Игорь Грабузов, Иван Дранощук, Кирилл Назаров

Дайны тухай кино

Ленинград хот, 1942 оны 2-р сар. Улсын аюулгүй байдлын хорооны офицер Андреев болон залуухан эмч бүсгүй Марицкая нарт аймшигт гамшгийг урьдчилан сэргийлэхэд 72 цаг үлджээ. Хурдацтай өрнөх үйл явдлын нугачаанд амьдрал ба үхэл, хайр сэтгэл ба урвалт нэгэн тогоонд холилдоно…

«302 БИС», найруулагч Андрей Мышкин, 2017г., 17 минут

Гол дүрүүдэд: Максим Колосов, Лиза Арзамасова, Кирилл Ермичев

Олны танил болж чадаагүй зохиолч залуу сэтгэл санааны гүн хямралд орж, Тэр нэгэн бүсгүй л түүнийг аварч чадна хэмээн итгэнэ. Гэвч Тэр нэгэн бүсгүй нь бас ядарчээ. Сүүлчийн удаагаа уулзаж байгаагаа ойлгосон хоёр анх танилцсан Булгаковым музейд эцсийн удаа болздог боловч энэ байр нь түүний санасан шиг тийм ч амар газар биш ажээ.

«Ставка на любовь», найруулагч Артем Михалков, 2016г., 94 минут, 12+

Гол дүрүүдэд: Ованнес Азоян, Андрей Бурковский, Катерина Шпица, Андрей Смоляков, Ян Цапник, Вадим Андреев, Ольга Тумайкина, Полина Максимова, Александр Ревва

Костя, Давид хоёр багын найзууд боловч тэд олон жилийн дараа тэдний нөхөрлөл хэр үнэнч болохыг өөрийн эрхгүй шалгах болжээ. Давид өөрийн хайрт бүсгүй Аннадаа гэрлэх санал тавих гэж байгаа бол Костя олон улсын покерын аварга шалгаруулах тэмцээний финалд орохыг хүснэ. Хоорондоо холбоогүй мэт 2 үйл явдал холилдож, тэдний амьдралыг шийдэх түвшинд хүрчээ. Дэвид покер тоглох ёстой болж, харин Костя найзынхаа хуримыг аврах ёстой болжээ! Тэд байраа сольсон ч байдлыг аварч, өөртөө үнэнч үлдэж чадах уу?

 «Сын», найруулагч Слава Росс, 2017г., 140 минут, 12+

Гол дүрүүдэд: Арсений Ромашин, Мария Миронова, Андрис Кейшс, Юозас Будрайтис, Мирдза Мартинсоне, Андрей Мерзликин, Ольга Сутулова, Дина Корзун

Драма / мелодрама

Финлянд, өнөө цаг. Нэрээ нууцалсан нэгний гүтгэлэгээр Нийгмийн хамгааллын албаныхан орос эхнэртэй залуу, ирээдүйтэй улс төрчийн хүүг нь авч явна. Тэд хүүгийн ээжийг хүүхэдтэйгээ зүй бус харьцсан гэж буруутгадаг. Харин хүүгийн аав намынхаа дарга нь болсон ба тэдний сонгуулийн сурталчилгаа ид явагдана. Тэрээр гэр бүлээ, эсвэл улс төрийн карьераа сонгох шаардлагатай болдог ба төрийн машин нэгэнт ажиллаж эхэлсэн учир залуу эх хүүгээ нэгэнт хуулийн дагуу буцааж авах боломжгүй болжээ. Киноны баатрууд гэр бүлийнхээ, хайр сэтгэлийнхээ болон хүүгийнхээ төлөө хүнд хэцүү сорилтуудыг даван туулах ёстой болдог.

 «Непрощенный», найруулагч Сарик Андреасян, 2018г., 107 минут, 16+

Гол дүрүүдэд: Дмитрий Нагиев, Роза Хаируллина, Марджик Аветисян, Михаил Горевой, Самвел Мужикян, Вадим Цаллати, Карина Каграманян, Ирина Безрукова, Себастьян Сисак, Андрюс Паулавичюс

Бодит үйл явдлаар сэдэвлэн бүтээсэн драма

«Башкирские авиалинии» иргэний агаарын тээврийн компанийн онгоц 2002 оны 7-р сард Боденский нууран дээгүүр нисч байхдаа ачааны «Боинг» онгоцтой мөргөлдөн сүйрч, 71 хүний амь эрсдэнэ. Тэдний дунд архитектор Виталий Калоевын эхнэр, 2 хүүхэд байсан ба тэд Испанид барилгын компанид ажиллаж байсан аав руугаа очихоор нисч байжээ. 2003 онд Калоев «Скайгайд» компани дээр очиж, ослын буруутан болох Швейцарын иргэн Нильсентэй уулзахыг оролдсон боловч чадсангүй. Харин 2004 оны 2-р сард Калоев Нильсеныг егүүтгэжээ. 2005 онд Швейцарын шүүх түүнийг буруутай хэмээн 8 жилийн хорих ял оноосон боловч 2 жилийн дараа Калоев суллагдлаа.

«Глубокие реки», найруулагч Владимир Битоков, 2018г., 75 минут, 18+

Гол дүрүүдэд: Олег Гусейнов, Рустам Муратов, Тахир Теппеев, Мариана Казанчева

Мод бэлдэх ашигтай захиалгыг гүйцэтгэж буй аав, ах нартаа туслахын тулд отгон хүү нь гэртээ буцаж ирсэн боловч түүний эзгүйд юу ч өөрчлөгдөөгүй ажээ: хэрчим талх олж идэхийн тулд хүнд хүчир ажил хийсээр, хөрш тосгоны оршин суугчидтай өрсөлдсөөр, нэг гэр бүлийн гишүүд хамгийн ойр дотны хүмүүстээ сэтгэлээ уудалж, хайраа ойлгуулж чадахгүй байсаар. Мөн эргийн зах дээр барьсан эцгийнх нь байшинг хэзээ ч усанд автуулж, авч явж чадах гол мөрөн.

Эх сурвалж: СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж