МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан. Энэ хурлын талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "МАН-ын Удирдах Зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрох, Хотын дарга Су.Батболдыг хариуцлага тооцож, ажлаа өгөх асуудлыг ярилаа. МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Д.Хаянхярваа, М.Энхболд даргын асуудлыг танилцуулах гэж байна. Хотын дарга Су.Батболдын талаарх өөрийнхөө байр суурийг намын дарга НИТХ-д тавина. МАН-ын УЗ-ийн 29 гишүүн байдгаас 28 нь хуралдаа ирсэн. Гишүүд Д.Хаянхярваа Су.Батболд нарыг ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж дэмжсэн" гэлээ. Мөн ЖДҮХСангаас зээл авсан гишүүдийн асуудлыг ойрын хугацаанд УЗ болон ээлжит бус МАН-ын Бага, Их хурлыг зарлах шаардлагатай гэсэн шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноос гаргасан" гэв.
Т.НОМИН