Хууль зөрчсөн компанийн үйл ажиллагааг хаахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Хууль зөрчсөн компанийн үйл ажиллагааг хаахыг шаардлаа

Хууль зөрчсөн компанийн үйл ажиллагааг хаахыг шаардлаа

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээвэрлэж явсан жолоочийн машин шатаж, жолооч Д нь 95 хувь түлэгдсэн талаар өнөөдөр /2018.11.13/ түний гэр бүл болон холбогдох талууд мэдээлэл хийлээ.


“ОМОГ ЦАГААН ШОНХОР” КОМПАНИ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баянжаргал “Монголчууд Их хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, дөрөв хоног амарсан. Энэ хооронд Өмнөговьд уурхайчид нүүрс тээвэрлэсээр л байсан. Ингээд арваннэгдүгээр сарын 9-нд нүүрсээ тээвэрлэж явсан уурхайчин жолооч Д-ын кабинд гал гарч, биеийнх нь 95 хувь түлэгдсэн. Одоо гэмтлийн эмнэлэгт ухаангүй, үхэх сэхэхийн зааг дээр байна. Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09.50 цагт “Эрдэнэс-Тавантолгой”-гийн уурхайгаас нүүрс ачиж гарсан. Энэ компанийн нүүрсийг бусад компаниуд тендерээр тээвэрлэдэг. Үүний нэг “Омог цагаан шонхор” хувьцаат компани. Энэ компани нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байна. Д нь энэ компанийн машиныг жолоодож явсан юм. Хятад эзэнтэй энэ компани Д-ын амь нас дээсэн дөрөөн дээр байхад тусламж үзүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй энэ компани Монголын Хөдөлмөрийн тухай хуулийг тоохгүй байна. “Омог цагаан шонхор” компани нь нүүрс тээвэрлэдэг 370 ширхэг автомашинтай. Энэ хэмжээгээр ашиг орлого олдог. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар осол гаргасан компани ажилтны эмчилгээний бүх зардлыг гаргах хуультай. Монголын хуулийг мөрдөхгүй байгаа тул энэ компанид хариуцлага тооцоход Монголын төр анхаарлаа хандуулахыг шаардаж байна” гэлээ.

Түүнчлэн галыг кабины дулааны сэнснээс үүссэн гэж үзэж байгаа аж. Мөн жолооч Д-ыг Өмнөговиос Улаанбаатар хүргэх онгоцны зардлын 50 хувийг буюу 10 сая төгрөгийг “Оюутолгой” компаниас гаргасан байна.

Жолооч Д нь дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй байгаа бөгөөд өдөрт хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Түүнчлэн арьс нөхөх эмчилгээнд 70-80 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Мөн Д нь 1-8 насны гурван хүүхэдтэй ажээ.

50 ГАРУЙ ХҮН ҮЙЛДВЭРИЙН ОСЛООР НАС БАРСАН

Монголын тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа “Гашуун сухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 166 аж ахуйн нэгж байгууллага 12 мянган тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн Шивээ хүрэн чиглэлд 7000 орчим тээврийн хэрэгсэл байдаг. Ер нь уул уурхай, нүүрс тээвэрт өдөр бүр осол, аваар гардаг. Жилд 1500-гаад осол бүтгэгддэг. Үүний 10 орчим нь үйдвэрлэлийн ослоос үүдэн нас бардаг. Тухайлбал, 2010-2018 оны байдлаар 50 гаруй хүн үйлдвэрийн ослоор нас барсан байна. Уул уурхайн тээвэрт Монгол Улсын хууль огт хэрэгждэггүй. Тэнд үйлдвэрчний эвлэлийн холбоо орж ажиллах боломжгүй байдаг. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллага Төр захиргаа болон ажил олгогчдод шаардлага тавин ажиллах хэрэгтэй байна. Шаардлагатай гэвэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд жагсахад бэлэн байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж