Имелда Кортез хэмээх 20 настай бүсгүй хойд эцгийнхээ хүүхдийг арга буюу тээж, төрүүлсэн ч өсгөхийг хүсээгүй тул гэрийнхээ жорлонд төрүүлж, хөнөөхөөр шийджээ. Гэсэн ч бяцхан охин амьд үлдэж, харин Имелда Кортезийг хүний амь хөнөөхийг оролдсон хэргээр шүүхэд дуудсан байна. Хуулийн дагуу тэрбээр шүүхээс 20 жилийн ял сонсох магадлалтай байгаа юм.
Имелда Кортез нь Эл Сальвадорын хойд хэсгийн Жикилиско хотын ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд 12 настайгаасаа хойш өөрийн 70 настай хойд аавынхаа бэлгийн хүчирхийлэл дор амьдарч байжээ. Олон жилийн турш тэвчишгүй хүчирхийллийн дор амьдарч ирсэн түүнийг шүүхэд хохирогчийн биш хэрэгтний суудалд суулгаж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил, шударга бус байдлын илэрхийлэл болж байгаа юм.
Төв Америкийн жижиг улс болох Эл Сальвадор нь үр хөндөлтийн эсрэг хамгийн хатуу хуультай орон бөгөөд ямар ч тохиолдолд буюу хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн, эсвэл хүүхэд төрүүлэх нь эхийн эрүүл мэндэд аюултай байсан ч үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрдөггүй ажээ. Хэрвээ жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдээ үр хөндүүлэх, эсвэл санаатайгаар зулбуулсан тохиолдолд 50 хүртэлх жилийн ял оноодог бөгөөд 2000-2011 онд 129 эмэгтэй ийм хэргээр шийтгэл хүлээжээ.
Иргэний нийгмийн байгууллагууд болон эмэгтэйчүүдийн тэгш эрх, хүний эрхийн төлөөх олон улсын байгууллагууд түүнийг суллах тухай өргөдөл бичин, олон мянган хүний гарын үсгийг цуглуулж, түүнийг аврах өргөн хүрээтэй кампанит ажлыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: CNN