Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос санаачилж, Монгол шуудан ХК-тай хамтран зохион байгуулсан “Захидал түүх өгүүлнэ” сэдэвт өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн улсын уралдаан дүнгээ гаргалаа. Есдүгээр сарын 03-ний өдрөөс аравдугаар сарын 03-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд зарлагдсан уг уралдаанд нийтдээ 5000 орчим хүүхдүүд захидал бичиж ирүүлжээ.
Энэхүү захидал бичлэгийн уралдаан нь хүн төрөлхтний түүхэн өв уламжлалын нэг болох захидал бичгийн соёлоор дамжуулан эх хэлний боловсролыг дэмжих, өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний болон уран сэтгэмж, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх, хүсэл мөрөөдлийг урамшуулах зорилготой билээ.
Хүүхдүүдээс ирүүлсэн захидалд цахим орчны нөлөөллөөс үл хамааран амьд харилцааг чухалчлах, хайртай дотны хүмүүстээ хандсан сэтгэлийн үг, уучлал талархал, ухаарал харамсал сүлэлдсэн, нийгмийн тэгш бус байдал, ёс суртахууны доройтолд эмзэглэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн нь дийлэнх байлаа.
Хувь хүний, гэр бүлийн, улс орны амьдралд захидал харилцаа хэрхэн нөлөөлж байсан бодит түүхээс сэдэвлэн өөрийн дүгнэлтийг уран сайхны аргаар зохиомжлон илэрхийлсэн тус уралдааны шагналт 5 байранд дараах хүүхдүүд шалгарсан байна. Үүнд:
- Тэргүүн байранд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн 7А ангийн сурагч Болдын Уртнасан,
- Дэд байранд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн 6-2 ангийн сурагч Намсрайн Энхдөлгөөн,
- Гутгаар байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 9Б ангийн сурагч Ганбаатарын Дүүрэнзаяа,
- Дөтгөөр байранд Өвөрхангай аймгийн Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7А ангийн сурагч Мөнхбатын Пүрэвсамбуу,
- Тавдугаар байранд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р сургуулийн 10А ангийн сурагч Цэнд-Очирын Мичидмаа нар шалгарч шагналаа гардан авлаа.
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО