Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн төв болон тус аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдад ажиллав. Ажлын хэсэг тус аймагт ажиллах явцдаа хэд хэдэн зөрчил, дутагдал илрүүлж заримыг газар дээр нь шийдвэрлүүллээ.
Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Цэцэгсүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргахдаа хуульд заасан тайлбарыг дээд шатны байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй, мөн сумын 5 дугаар багийн дарга Ж.Бадрал, Дэрэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Ганбаатар, Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбаатар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга С.Наранчимэг нар нь хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан байв.
Баянжаргалан сумын ИТХ-ын тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь тухайн жилийн борлуулсан бүтээгдэхүүний хэмжээгээр экспортод гаргасан болон дотоодод борлуулсан тн/жин тутамд ашигт малтмал тус бүрээр сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тогтоосон байв. Тухайлбал, экспортод гаргасан тн/жин тутамд нүүрс 50, төмөр 100, бусад 1500, дотоодод борлуулсан тн/жин тутамд 80-аас дээш агуулгатай жонш 8000 төгрөг, 80-аас доош агуулгатай жонш 3000 төгрөг, баяжуулах /шороо/ 500 төгрөг гэх мэтээр тогтоожээ. Энэ нь сумын ИТХ-д хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн явдал юм.
Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан "Түүхт Баянжаргалан" ТББ-ын дансанд хандив төвлөрүүлсэн байх бөгөөд хандивын хөрөнгийг тус ТББ-ын нэрээр сумын Засаг дарга Г.Туяа захиран зарцуулдаг. Тус сангийн дансанд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 70 гаруй сая төгрөг төвлөрч, зарцуулагдсан байна.
2014 онд иргэд, олон нийтийн хандивын хөрөнгөөр бүтээн байгуулсан "SSS комплекс" барилгыг орон нутгийн өмчид бүртгэж аваагүй атлаа уг объектын халаалт, тайз, тоног төхөөрөмж зэрэгт нийт 90 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлжээ. Ажлын хэсэг тус аймагт ажиллах явцад 549.4 сая төгрөгийн барилгыг сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлэх арга хэмжээ авав.
Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэх, шагнал урамшуулал, тэмцээн уралдаан, мэндчилгээ дэвшүүлэх зэрэгт 2017 онд 196.4 сая, 2018 онд 114.8 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэл 29.7 сая төгрөг байгаа нь Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан журмыг зөрчиж байна.
Хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад аймгийн Засаг даргын 2014 оны а/316 дугаар захирамжаар "Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийх, бэлэг дурсгалын зүйл гардуулах, хөрөнгө зарцуулах журам", Засаг даргын 2018 оны а/118 дугаар захирамжаар "Техник хяналтын зардлыг захиран зарцуулах журам"-ыг тус тус баталсан байна.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал О.Түмэнбаатар нь төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 2 удаа орсон боловч тэнцээгүй, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байхад нь албан тушаалд томилсон болохыг 2017 онд тус аймагт ажилласан ажлын хэсэг тогтоож тухайн зөрчлийг арилгах талаар зөвлөмжийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл уг албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлаагүй, О.Түмэнбаатар нь албан үүргийг гүйцэтгэж байна.
Түүнчлэн аймгийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын байгууллага цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч 4 албан тушаалтан сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй боловч дээрх албан тушаалдаа ажиллаж байна. Үүнд:
- Адаацаг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Э.Батцэцэг
- Луус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр С.Сугирсүрэн
- Гурвансайхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Болормаа
- Сайнцагаан 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Энхмаа \2014 оноос хойш ажиллаж байгаа\ тус тус ажиллаж байна.
Тус аймгийн хувьд анхаарал татсан асуудлын нэг нь Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэгдсэн бодлогын хүрээнд төлөвлөдөггүй, зарим төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулдаггүй, орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, иргэдийн нийтийн хурлаар эрэмбэлэгдээгүй хөрөнгө оруулалтыг батлан хэрэгжүүлсэн, хамгийн өндөр санал ирүүлсэн оролцогчийг сонгон гэрээ байгуулсан, үнэлгээний хороонд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй албан тушаалтан ажиллуулсан, нэр бүхий 1 компанид давуу байдал олгож хэдэн хэдэн тендерт шалгаруулсан, гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй байхад санхүүжилтийг бүрэн олгосон зэрэг асуудлууд цөөнгүй байсан ба холбогдох шалгалтыг хийж байна.
Мөн Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э, Санхүүгийн албаны дарга А нар сонгон шалгаруулалт зарлалгүй албан тушаалын давуу байдлаа ашиглан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд нийт 32 сая төгрөгийн зээлийг олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж: АТГ
Холбоотой мэдээ