“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын мисс Э.Энхриймаа БНХАУ-ын Саньяа хотод очлоо. 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 120 орны миссүүд өрсөлдөх бөгөөд өчигдөр нээлтийн арга хэмжээ болжээ. Хэдийгээр финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 8-ны өдөр болох ч миссүүд урьдчилсан олон төрлийг давж, шүүгчдээс үнэлгээ авах юм. Мөн явцын үнэлгээнээс шилдэг 40 мисс финалд өрсөлдөх эрхийг шууд авдаг билээ.
Энэ жилийн “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч Э.Энхриймаа 21 настай, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан юм. Тэрбээр Орхон аймгийн харьяат бөгөөд орос, англи хэлтэй, бадминтоны спортын зэрэгтэйгээс гадна математикийн олимпиадад өндөр амжилт үзүүлжээ. Хэдийгээр олон улсын миссийн тэмцээний туршлагагүй ч “Оюунлаг мисс” Э.Энхриймаад олон нийт итгэл үзүүлж, хүчтэй оролцогчийн нэг гэж үнэлж байгаа.
“Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төслийн ажлыг эхлүүлсэн Э.Энхриймаа сүүлийн гурван жилд гэр бүлийн хамтаар 50 сая төгрөгийн хандив тусламжийг хүүхэд, багачуудад үзүүлжээ. Мөн БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаньд захидал бичиж, сүрьеэ өвчинтэй тэмцэх үйлстэй дуу хоолойгоо нэгтгэн ажиллах болно гэдгээ илэрхийлээд амжсан байна.
Саньяа хотод очсон Э.Энхриймаа эхний зураг авалтанд оролцож, урьдчилсан шалгаруулалтын арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаагаа Miss World – Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ.
“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтын эхний үйл явдал Саньяа хотод эхэлж, миссүүдийн завгүй өдрүүд эхэллээ.
Холбоотой мэдээ