ХААЛТТАЙ ХУРЛААС: Эрх баригчид эсрэг хүчнээ “намнаж” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

ХААЛТТАЙ ХУРЛААС: Эрх баригчид эсрэг хүчнээ “намнаж” эхэллээ

ХААЛТТАЙ ХУРЛААС: Эрх баригчид эсрэг хүчнээ “намнаж” эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд өчигдөр бүтэн өдөржингөө хуралдав. Хурлын уур амьсгалаас харвал МАН-ын албан бус 32 ба 32-ын бүлгүүд эвлэж нэгдэхээсээ нэгэнт өнгөрчээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр бүхий гурван хүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг Удирдах зөвлөлд оруулж ирсэн байна. Оруулж ирсэн шийдвэрийнхээ эцсийг үзэхийн тулд МАН-ын дарга УЗ-өө шөнийн 22.00 цаг хүртэл хуралдуулсан юм. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нарыг ажлаа өгөхийг намын дарга нь тушаал буулгасан. УИХ-ын дарга М.Энхболдыг “Ажлаа өгөөд хуулийн өмнө очиж 60 тэрбумын хэргээ шалгуул” гэсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг “ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. Мөн МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй тул ажлаа өг” гэсэн юм. Тэгвэл хотын дарга С.Батболдыг ажлаа сайн хийсэнгүй, гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна ажлаа өг гэдгийг шулуухан хэлжээ. Харин М.Энхболд дарга ажлаа өгөхгүй гэсэн байна. Түүнчлэн Удирдах зөвлөлийн хурлын үеэр У.Хүрэлсүхийг ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй хариуцлага ярих ёстой гэсэн шүүмжлэл ч өрнөж.

У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ ХҮМҮҮСТ БИ ИТГЭХГҮЙ БАЙНА

Удирдах зөвлөлийн хуралдаан хаалттай маш ширүүн өрнөсөн. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбат, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар дээрх гурван хүнийг огцруулна гэсэн намын даргын саналыг дэмжихгүй, тэднийг албан тушаалд нь хэвээр үлдээнэ гэдгээ хатуу илэрхийлсэн байна. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан, Г.Занданшатар нар намын дарга У.Хүрэлсүхэд улс төрийн шийдвэр гаргах боломжийг нь олгох ёстой. Намын даргадаа бид бүрэн эрхийг нь өгч байж дараа нь  хариуцлага нэхэх боломжтой болно. Иймээс намын даргын улс төрийн шийдвэрийг дэмжих нь зүйтэй гэдэг байр сууриа хэлжээ. Харин зарим гишүүн төвийг сахиж асуудлыг эргэн харж ярилцъя, тэдэнд дахин боломж олгоё гэсэн бол үүний хариуд У.Хүрэлсүх “Асуудлыг дахин  эргэн харж ярилцахгүй, энэ хүмүүст би итгэхгүй байна" гэдгээ шууд хэлсэн байна. Түүнчлэн  бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгээ хагалан бутаргаж байгааг шүүмжлээд, УИХ-дахь МАН-ын бүлэг манай намын бүтцийн нэг. Гэтэл намын даргатайгаа гар нийлж ажиллаж чадахгүй гэдгээ намын Удирдах зөвлөлийн хурлын өмнө мэдэгдэж мэдээлэл хүртэл хийлээ гэжээ.

Ингээд үдээс өмнөх УЗ-ийн хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг гаргаж гарын үсгээ зурсан юм. С.Батболдын хувьд “Намын дарга ийм шийдвэр гаргаж байгаа бол би ажлаа өгье” гэж хэлсэн байна. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дарга М.Энхболд хоёр ажлаа өгөхгүй гэж тас зуужээ. Ингээд 16.00 цагийн орчимд Удирдах зөвлөлийн хурал түр завсарлаад буцаад орой 19.00 цагт хуралдсан.

Энэ үеэр У.Хүрэлсүх оруулсан асуудлаа өнөөдөртөө шийдвэрлэнэ, дахин хугацаа алдаж сунжрахгүй гэжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн ахмад гишүүд намын даргаа саналаа эргүүлэн татахыг ятгасан ч У.Хүрэлсүх хүлээж аваагүй байна. Ингээд Удирдах зөвлөлийн гишүүд нэлээд санал зөрөлдсөний эцэст УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нарыг огцруулах саналыг хүлээн авч, нууц санал хураалт явуулахад Удирдах зөвлөлийн нийт 28 гишүүний 16 нь Д.Хаянхярвааг бүлгийн даргаас нь огцруулах санал өгсөн аж. Харин хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг 15 гишүүн дэмжжээ. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг намын дарга У.Хүрэлсүх өөрөө намын бүлэгт танилцуулахаар болжээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УЗ-ийн хурлаас гарч ирээд сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа тэрбээр “Зохион байгуулалттай бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж санал гаргасны төлөө намайг бүлгийн даргын суудлаас нь огцруулъя гэж Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргалаа. Зохион байгуулалттай бүлэг хэргийг би цааш нь ил тод ард түмэнд хүргэнэ гэсэн юм.

Ийнхүү ЖДҮХС-г тойрсон дуулиан МАН-ын хагарал дээр тос нэмж, У.Хүрэлсүх эсрэг хүчнээ намнаж эхэллээ. Гэвч, түүний засгийн хувь заяа ч бүрхэг албан тушаал дээрээ мөн адил дэнжигнэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ЗөвЗөв
27
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж